Ослын гурвалжин..
Зам тээврийн ослын улмаас эсхүл зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд ойртон ирж яваа бусад жолооч нарт анхааруулах зорилгоор ослын гурвалжин буюу ослын зогсолтын тэмдгийг ослын дохионы гэрлийн хамт ашигладаг. Ихэнх улсад автомашиндаа ослын гурвалжинг авч явахыг шаарддаг ба хэрэв байхгүй тохиолдолд торгууль ногдуулдаг байна. Мөн ослын гурвалжинг автомашинаас хэдий хэр зайд байрлуулах талаарх эрх зүйн зохицуулалтууд өөр өөр байдаг.
Герман улсад 100 м-ээс багагүй;
Их Британи улсад 45 м-ээс багагүй,
ОХУ-д суурин газарт 15 м-ээс багагүй, суурингийн гаднах замд 30 м-ээс багагүй;
Солонгос улсад ердийн замд 20 м, хурдны замд 150 м;
Монгол улсад суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй;
Жич: Манай улсад ослын гурвалжингүй жолооч нар зайлшгүй зогсолт хийх үедээ автомашиныхаа хойно чулуу, мод, запас дугуй, усны сав гэх мэт гэрэл ойлгох шинж чанаргүй эд зүйл тавьдаг нь араас ирж байгаа автомашины жолооч нарт анхааруулах биш эсрэгээрээ осол гаргах эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгодог.
Иймд жолооч та бүхэн зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд ослын дохио болон ослын зогсолтын тэмдгийг дүрмийн дагуу байрлуулж жолооч нарт урьдчилан анхааруулж, гарч болзошгүй зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлнэ үү.