ТӨМӨР ЗАМЫН ГАРАМ ДЭЭР ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ, ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Өнгөрсөн онд төмөр замын гарам дээр галт тэрэг тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн 9, гармын хаалт, хашлага мөргөсөн 49, жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, төмөр замын барилга, байгууламж, хашаа, хайс мөргөсөн 4 зам тээврийн осол бүртгэгдсэн.
Энэ оны эхний 2 сарын байдлаар галт тэрэг тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн осол 4 осол бүртгэгдсэн. Иймд Төмөр замын цагдаагийн газрын дарга, болон Улаанбаатар төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга нарын хамтарсан “Төмөр замын гарам дээр үйлдэгдсэн зам тээврийн ослыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өртөөчилсөн хяналт шалгалтыг хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-г 01 дүгээр сарын 23-ны өдөр баталж хэрэгжилтийг хангаж улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
Уг хяналт шалгалт нь орон нутагт зорчих галт тэрэг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэд жолооч нарын сахилга, хариуцлага дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой.
Арга хэмжээний хүрээнд Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газар, Улаанбаатар төмөр замын анги салбараас ний 53 алба ажилтан алба хаагч 3-р сар хүртэл хяналт шалгалт хийж ажиллаж байна.