• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

Суррон сурагчдын унаа биш!

2023-09-26
Суррон сурагчдын унаа биш!

Замын хөдөлгөөний дүрэм зөрчих, хурд хэтрүүлж байгаагаас гарах осол аваарын тоо буурахгүй байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн. Тэр дундаа дүрэм мэдэхгүй жолоочид замын хөдөлгөөнд оролцож байгаагаас эгнээ байраа буруу эзлэх, машинтай болон явган зорчигчийг мөргөж бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулах болжээ. Өсвөр насны хүүхдүүд суррон ихээр унаж байгаа нь нийслэлийн авто замын хөдөлгөөнд гарах ослын тоонд багагүй нөлөө үзүүлж байна.

Цахилгаан дугуй буюу сурронтой холбоотой журам, замын хөдөлгөөнд оролцох дүрэм байдгүйгээс өсвөр насны хүүхдүүд дээд хурдад огцом хурдалж, цагт 50-60 км хүртэлх хурдтай хөдөлгөөнд оролцдог. Энэ нь эргээд зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болж байгаа юм.

Дэлхий нийтийн нас баралтын тэргүүлэх 10 шалтгаанд зам тээврийн осол багтдаг. Иймд зам тээврийн ослоос сэргийлэх хүрээнд хүүхдүүдийг сурронтой замын хөдөлгөөнд оролцоход хязгаарлалт зайлшгүй үгүйлэгдэж байна.

16-ААС ДООШ НАСНЫХАН СУРРОНТОЙ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦВОЛ ЭЦЭГ, ЭХЭД ХАРИУЦЛАГА ТООЦНО

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Х.МӨНХ-ЭРДЭНЭ:

2023 оны эхний найман сарын статистикаас харвал цагдаагийн байгууллагад унадаг дугуйтай холбоотой нийт 84 зам тээврийн осол бүртгэгдсэн.

10 хүртэлх насны хүүхдүүд зөвхөн явган хүний замаар эцэг, эхийнхээ хараа хяналт дор унадаг дугуй унаж болно. Орон сууцны дунд бол тоглоомын талбай дээр, гэр хороололд тохиолдолд хашаандаа унахыг зохицуулалтаар зөвшөөрдөг. 10-14 насны хүүхдүүдийн хувьд явган хүний замаар хөдөлгөөнд оролцохыг Замын хөдөлгөөний дүрэмд заасан. Харин 14-өөс дээш насныхан унадаг дугуй унаж бие дааж хөдөлгөөнд оролцож болно. Ингэхдээ явган хүний зам, зориулалтын талбайгаар зорчих боломжгүй бол автозамын зорчих хэсгийн баруун талын эгнээ рүү шахаж оролцоно гэсэн дүрмийн заалтууд байдаг.

Сурроны тухайд хоёр төрөл бий. Спорт төрлийн суррон унаж байгаа тохиолдолд тухайн иргэн заавал насанд хүрсэн байх, жолоодох эрхийн А үнэмлэхтэй байхыг шаарддаг. Харин энгийн загварын цагт 50 км хүртэл хурдалдаг суррон унаж байгаа хүн 16 нас хүрсэн бол жолоодох эрхийн үнэмлэхгүй хөдөлгөөнд оролцож болно.

Харин 16-аас доош настай хүүхдүүд суррон унаж замын хөдөлгөөнд оролцож байвал эцэг, эх асран хамгаалагчид Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох заалттай.

Сүүлийн үед хүүхэд, залуус замын хөдөлгөөнд унадаг дугуй, сурронтой оролцох ихэссэн. Хөдөлгөөнд оролцож байхдаа гаргаж байгаа нийтлэг алдаанаас харвал түгжрэл, ачаалал ихтэй замын дундуур залуус чөлөөтэй зорчиж байна. Мөн зам хөндлөн гарахдаа унадаг дугуй, сурроноос буухгүйгээр шууд гарах, гэрэл дохио асахад автомашинтай зэрэгцээд уулзвараар эргэх зэрэг тохиолдол гарч байгаа. Эдгээрээс шалтгаалж зам тээврийн осол гарах нь ихэссэн. Унадаг дугуйны хувьд жолооны үнэмлэх шаардлагагүй.

ХҮҮХДҮҮДИЙН УНАДАГ СУРРОНЫ ДУНДАЖ ҮНЭ 6-15 САЯ ТӨГРӨГ

Суррон нь үндсэндээ хоёр төрөл буюу спорт, энгийн загвартай. Хурд хүч, батерей зэргээс шалтгаалж үнэ хэлбэлздэг байна.

Монголд өргөн хэрэглэж, хөдөлгөөнд оролцож байгаа загваруудын дундаж үнэ 6-15 сая төгрөгийн хооронд. Хурд, хүч, загвар, үзүүлэлт, үйлдвэрлэгдсэн он зэргээс хамаарч 16-24 сая төгрөгийн үнэтэй сурроны эрэлт ч их байдаг байна.

Мэдээж асран хамгаалагчид хүүхдүүдээ замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргаж байгаа тохиолдолд аль болох чанартай, дунджаас дээд үнэтэй сурроныг сонгодог аж. Гэвч энэ нь эргээд хүүхдээ ямар их эрсдэлд оруулж байгааг эцэг, эхчүүд анзаардаггүй. Насанд хүрээгүй, замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй хүүхэд нь сургууль, гэрийнхээ хооронд суррон унаж зорчиж байгаа нь амиа алдах хүртэл аюултай. Харамсалтай нь үүнийг насанд хүрэгчид ойлгодоггүй болохыг албаныхан хэлсэн. Өргөн хэрэглэгдэж байгаа дундаж үнэтэй загварыг дараах зургаас харна уу.

Цагт энгийн загвар нь 40 км, спорт нь 70 км хүртэл хурдална гэдэг анхаарах зүйл. Замын хөдөлгөөнд сурагчид өөрсдийн сурроноор гангарч, хичээлдээ орохдоо сургуулийнхаа дугуйн зогсоолд эгнүүлж тавьж байгаа нь нэг талаар энэ унаа гангараа болсныг илтгэж байна. Тэгвэл үүнд хэн хязгаарлалт тавих нь зүйтэй вэ? 

Мэдээж цагдаагийн алба хаагчид замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцогчдод хяналт тавьж байгаа. Гэхдээ хамгийн чухал нь эцэг, эхчүүдийн хязгаарлалт.

Монголын зах зээлд өргөн хэрэглээтэй байгаа зарим загварыг онцолбол "Surron light bee X", "Surron ultra bee" зэрэг байна. Үнийн хувьд дундаж тооцогдож байгаа дээрх загваруудыг ерөнхий мэдээлэлтэй нь нэгтгэн зурагт харууллаа.

ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ ХУРДЫГ ЗААЖ, ХАМГААЛАЛТЫН ХЭРЭГСЛИЙГ ЗҮҮЖ ХЭВШИХ ЧУХАЛ

Зарим хүний хэлж байгаагаар хүүхдүүдийг сурронтой хөдөлгөөнд оролцохыг хориглох нь буруу. Замын хөдөлгөөнд хамгаалалтын хэрэгсэл, тогтоосон хурдтай зорчиж байвал булчин тэнийхээс эхлээд замын хөдөлгөөнд самбаатай оролцож сурна гэдгийг илэрхийлж буй. Шууд хязгаарлах боломжгүй ч насанд хүрээгүй сурагчид суррон унаж байгаа эрсдэл ихээр бий болгож байна. Хэдийгээр сурронтой ослын тоо төдийлөн их биш ч статистикаар хэмжигдэхгүй ослууд, хайхрамжгүйгээс гарах аваар олон гарч байна. Тиймээс сурронд хязгаарлалт тогтоож, сурагчдыг цахилгаан дугуйгаар хэт хурдтай хөдөлгөөнд оролцохгүй байхыг уриалж байна.

Эх сурвалж: news.mn