УРГАЦ, ХАДЛАН ТЭЖЭЭЛИЙН ҮЕД АЧАА ТЭЭВЭРЛЭХ ЖУРАМ
Улсын хэмжээнд ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажил явагдаж байгаатай холбоотойгоор Замын хөдөлгөөний дүрэмд заасан ачаа тээвэрлэх журмыг зөрчиж тээврийн хэрэгслийн ачаатай өндөр, өргөний хэмжээг хэтрүүлэх, хажуугийн толь, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, улсын дугаарыг халхалсан үедээ замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд холбогдох явдал нэмэгдэж байна.
Иймд ургац, хадлан тэжээлийн тээвэрлэлтэд явж байгаа ачааны автомашинуудын жолооч та бүхэнд дараах зөвлөмжийг хүргэж байна.
1. Замын хөдөлгөөний дүрмийн 24 дүгээр бүлэгт заасан ачаа тээвэрлэх журмын хүрээнд:
- Ургац, хадлан тэжээл тээвэрлэж яваа бүх ачааны автомашины хувьд нийт өндрийн хэмжээг газраас ачааны дээд ирмэг хүртэл 4 метрээс илүүгүй, ачсан ачааны нийт өргөний хэмжээ 2.5 метрээс илүүгүй тус тус байхаар ачиж тээвэрлэх;
- Тухайн ачсан өвс, ургац нь тээвэрлэж яваа ачааны автомашины тэвшнээс унаж, асгарч, чирэгдэхгүй байх нөхцөлийг хангасан байх;
- Жолоочийн харах боломжийг хязгаарлаж, толинд араас яваа тээврийн хэрэгслүүд харагдах нөхцөлийг бууруулаагүй байх;
- Ачааны автомашины хойд талд гэрэл ойлгогч тууз, цацруулагчийг оврын хэмжээгээр байрлуулсан байх;
- Хойд талын гэрэлтүүлэх хэрэгслүүд болох тоормосны, оврын, эргэх чиг заах дохионы гэрлүүдийг халхалсан эсэх, тэдгээр нь бүрэн ажиллаж байгаа эсэхэд онцгой анхаарч үзлэг шалгалтыг хийх.
2. Мөн “Овор ихтэй ачааны тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлага” MNS4345: 2011 стандартад зааснаар:
- Тухайн тээврийн хэрэгслийн ачаатай өндөр газраас ачааны дээд ирмэг хүртэл 4 метрээс илүүгүй, ачаатай өргөний хэмжээ 2.5 метрээс хэтрээгүй боловч уг тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 метр, өргөөшөө тэвшнээс 0.4 метрээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт “Овор ихтэй ачаа” таних тэмдэг, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл ойлгогч буюу цацруулагч байрлуулсан байх;