• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

“ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-06-19
“ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тээврийн цагдаагийн албанаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институттэй хамтран Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ” нөлөөллийн арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төв, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Монголын авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбоотой хамтран энэ оны 4 дүгээр сарын 07 өдөр Улаанбаатар хотод эхлүүлж, 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх 2 сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгууллаа.

“ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагуудын захирал, багш, суралцагч нарын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Дэвжээ” тэмцээнийг бүсчилсэн хэлбэрээр 05 дугаар сарын 17-оос 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд 2 үе шаттайгаар зохион байгуулж шилдгүүдээ шалгаруулсан.

“Дэвжээ” тэмцээний баруун бүсийн шалгаруулалтыг Ховд аймагт, Зүүн бүсийнх Хэнтий аймагт, Төв Хангайн бүсийнх Орхон аймагт, Нийслэлийн 6 дүүргийнх Хан-уул дүүрэгт, Говийн болон нийслэлийн алслагдсан дүүргүүд Өмнөговь аймагт тус тус зохион байгуулагдаж, финалын шатанд оролцох эрхээ авсан юм.

Бүс тус бүрээс шалгарсан нийт 5 багийн эцсийн шалгаруулалт болон “ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ” нөлөөллийн арга хэмжээний улсын сургалт, зөвлөгөөнийг 06 дугаар сарын 16-ны өдөр нийслэлийн Багануур дүүрэгт амжилттай зохион байгууллаа.

Монгол Улсын хэмжээнд анх удаагаа тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагуудын дунд зохиогдсон “Дэвжээ” тэмцээний финалын шатны шилдгүүдээр Хэнтий, Өмнөговь аймгууд тусгай байрт шалгарсан бол Дархан-Уул аймаг гуравдугаар байр, Ховд аймаг дэд байр, Нийслэлийн Сүхбаатар дүүрэг тэргүүн байр эзэллээ.

“Дэвжээ” тэмцээний зорилго нь тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагуудын багш ажилчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, замын хөдөлгөөний соёлыг нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хөдөлгөөнд оролцогчдын хувь хүний хандлага, ур чадварыг сайжруулахад оршиж байгаа юм.

Мөн тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой хууль, журам, стандартын хэрэгжилтийг хангуулах, багш, суралцагч нарын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлснээр чанартай, замын хөдөлгөөний соёлыг эрхэмлэсэн, хариуцлагатай жолооч бэлтгэгдэн гарах эерэг хандлагыг бий болгох, салбарт тулгамдаад байгаа асуудлыг гадаадын бусад улс орны тэргүүн туршлагад тулгуурлан шийдвэрлэх, хүүхэд багачуудад системтэй замын хөдөлгөөний мэдлэг олгох, ирээдүйн замын хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцдог иргэдийг бэлтгэхэд шаардлагатай сурах бичиг, гарын авлагыг дээшлүүлэх чиглэлээр уулзалт, хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулсан.

Цаашид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс “Дэвжээ” тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа