• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

Унадаг дугуйтай зорчигч тусгай зам байхгүй бол замын баруун эгнээгээр явах ёстой

2023-05-17
Унадаг дугуйтай зорчигч тусгай зам байхгүй бол замын баруун эгнээгээр явах ёстой

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах долоо хоногийн “Урьтаж ухаар” аяныг өрнүүлнэ.

ДЭМБ, НҮБ-ын санаачилгаар НҮБ-ын гишүүн орнууд жил бүрийн тавдугаар сард замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах долоо хоногийн аяныг тодорхой сэдвээр өрнүүлдэг.

Энэ жил тус аяныг Зам тээвэр хөгжлийн яам, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний зөвлөлийн ажлын алба, Эрүүл мэндийн яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Тээврийн цагдаагийн алба хамтран энэ сарын 15- 21-нд хэрэгжүүлнэ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баяржаргал “Сүүлийн таван жилийн дунджаар 25 мянган зам тээврийн осол гарч, 500 гаруй хүн нас барж, 3,400 гаруй хүн бэртсэн. Зам тээврийн осолд өртөгсдийн дийлэнх нь 5-29 насны хүүхэд, залуус байна. Аяны хүрээнд жолооч нарт сургалт зохион байгуулах, нийтийн тээврийн хяналт шалгалтыг хийх, зарим авто замд үнэлгээ хийнэ. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдал, хүүхдийн хүсэл мөрөөдлийн тухай “Зүрхэнд гэрэлтэнэ” уран сайхны киног олон нийтэд үзүүлнэ” гэв.

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “2022 онд 1498 осол гарч, 117 явган зорчигч амь насаа алдсан. Үүнээс 64 нь унадаг дугуйн осол байсан ба 61 хүн хүнд хөнгөн гэмтэж, гурван хүн амиа алджээ. Мөн 76 хүүхдийн амь нас эрсэдсэний тав нь унадаг дугуйтай тээврийн хөдөлгөөнд оролцсон.

Дулааны улирал эхэлсэн тул унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох иргэдийн тоо эрс өссөн. Иймээс энэхүү нөлөөллийн үйл ажилагааг зорчигчид, нэн ялангуяа хүүхэд залууст чиглүүлнэ. Унадаг дугуйтай зорчигч тусгай зам байхгүй бол замын баруун эгнээгээр явах ёстой. Саадыг тойрохоос бусдаар зүүн талд гарахыг хориглоно. Гэвч иргэд замын хөдөлгөөний дүрмийг мэдэхгүй байх, урсгал сөрөх зэрэг аюулаас үүдэн унадаг дугуйн осол ихээр гарч байна. Эцэг эхчүүд насанд хүрээгүй хүүхдээ унадаг дугуй, цахилгаан скүүтэр зэргээр зорчуулахгүй байх, анхаарал тавих, хариуцлагатай байх шаардлагатай” гэв.

Эх сурвалж: Үндэстэн.mn