УЛСЫН ХЭМЖЭЭНД 2023.03.31-НИЙ ШӨНӨ ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “УУСАН БОЛ БҮҮ ЖОЛООД” НЭГДСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТААР 5 ЦАГИЙН ХУГАЦААНД 512 СОГТУУ ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ
Цагдаагийн байгууллагаас 2023 оны 03 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 1-нийг шилжих шөнийн хугацаанд “Уусан_бол_бүү_жолоод" шөнийн нэгдсэн хяналт шалгалтыг нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт зохион байгууллаа.
Нэгдсэн хяналт шалгалтаар:
- Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон -512 зөрчил,
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 209 зөрчил;
- Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдсан 15 хүн, эд зүйлс;
- Гэмт хэргийн шинжтэй 4 үйлдлийг илрүүлж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 3 сарын байдлаар нийт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 9097 жолоочийг илрүүлж, учирч болох байсан эрсдэлээс иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж ажилласан байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцох нь маш ноцтой зөрчил бөгөөд жолоочийн өөрийн ухамсарт үйлдлийг зөв удирдан жолоодох, аюул бүхий нөхцөлд автомашиныг аюулгүй жолоодох чадвар архи, согтууруулах зүйл хэрэглэсэн үед хамгийн ихээр алдагдаж, автотээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлдэг.
Тухайлбал: сүүлийн 10 жил /2013-2022 он/-ийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон үйлдлийн улмаас Эрүүгийн хуульд заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих төрлийн нийт 3167 гэмт хэрэг бүртгэгдэж, үүний улмаас 1278 хүний амь хохирч, 2089 хүн гэмтсэн харамсалтай тоо баримт байна.
Мөн энэ оны 1 дүгээр улиралд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргасан 32 тохиолдол бүртгэгдэж, 9 хүний амь нас хохирсон байна.
Иймд хүний амь нас, эрүүл мэнд хохирох зам тээврийн ослын үндсэн шалтгаан болсон “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил”-өөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг таслан зогсоох зорилгоор Цагдаагийн байгууллагаас 2023 оны туршид “Уусан бол бүү жолоод” хяналт шалгалтын арга хэмжээг улсын хэмжээнд хэсэгчилсэн болон нэгдсэн байдлаар зохион байгуулж байна.
Хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулсны үр дүнд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол өмнөх оны мөн үеэс 52.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Цаашид согтуу жолоочид тавих хяналт шалгалтыг жилийн туршид тогтмолжуулж ажиллах ба ялангуяа тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан буюу жолоо барих эрхгүй үедээ тээврийн хэрэгслээ жолоодож замын хөдөлгөөнд оролцох төрлийн зөрчилд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлж, зөрчилд холбогдогчийн тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд журамлаж ажиллах болно.
Иймд иргэн та Цагдаагийн байгууллагаас анхааруулж буй зөвлөмж мэдээллийг мөрдөж, тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо:
- “Замын хөдөлгөөний дүрэм”-ийг баримтлах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
- Биеэ авч явах чадваргүй үедээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
- Жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэх, автомашиныхаа түлхүүрийг өгөх;
- Үнэ бүхий зүйлсийг автомашиндаа хадгалах, орхихгүй байх;
- Тээврийн хэрэгслээ хараа хяналтгүй газарт удаан хугацаагаар орхихгүй байх, аль болох гэрэлтүүлэг, хяналтын камертай зогсоол, талбайд байршуулах;
- Өөрийн автомашины түлхүүрийг өөрөөс нь бусад хүн авахаас сэргийлж, далд аюулгүй газарт тавих нь автомашинаа хулгайд алдах, бусад найдваргүй хэн нэгэн таны автомашиныг жолоодон зөрчил гаргахаас сэргийлдэг гэдгийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
#Зөв_дадал- #Энгийн_соёл