• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЖОЛООЧ ТА ЭНХТАЙВАНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨНД НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГЭЭР ЧИГЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ БОЛОХ АВТОБУСНЫ ХӨДӨЛГӨӨНД СААД БОЛЖ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

2022-12-05
ЖОЛООЧ ТА ЭНХТАЙВАНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨНД НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГЭЭР ЧИГЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ БОЛОХ АВТОБУСНЫ ХӨДӨЛГӨӨНД СААД БОЛЖ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Нийслэл хотын замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж түгжрэл саатал олон цагаар үргэлжлэхтэй холбогдуулан Энхтайваны өргөн чөлөөнд Офицеруудын ордны аюулгүйн тойргоос 5 шарын автобусны буудал хүртэлх авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ буюу “Чиглэлийн тээврийн хэрэгсэл”-ийн эгнээнд тавих хяналт шалгалтыг энэ оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Цагдаагийн байгууллагаас  эрчимжүүлж, ачаалал үүсэж байгаа цагуудад өдөр тутам хөдөлгөөн зохицуулж ажиллаж байгаа 100 гаруй алба хаагч дээр 400 гаруй алба хаагчдыг 2 ээлжээр 200 гаруй хяналтын цэгт нэмэлтээр ажиллуулахаар төлөвлөөд байна. Ингэхдээ Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны болон тодорхой чиг үүргийг өрөө тасалгаанд гүйцэтгэдэг алба хаагчдыг хамруулан ажиллуулна.

Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлснээр нийтийн тээрийн автобус, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ түргэн шуурхай, чөлөөтэй зорчих боломжийг нээх бөгөөд иргэдийг автомашинаасаа татгалзах, зорьсон газартаа цаг хугацааны хувьд хурдан очих нөхцөл бүрдэж, түгжрэлд саатаж зогсоход алдаж байгаа цагаа хэмнэх зэрэг бусад эерэг байдал үүснэ гэж тооцож байна.

Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу: Энхтайваны өргөн чөлөөнд автобус зорчиход зориулан тэмдэг, тэмдэглэл хийгдсэн зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр:

  • Нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбус;
  • Тусгай дуут болон гэрэл дохио бүхий шуурхай албаны автомашин;
  • Нийтийн тээврийн газраас олгосон зөвшөөрөлтэй стандартын суудлын такси;
  • “Хүүхдийн автобус”, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах төвөөс олгогдсон “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл зорчино

Замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж зорчсон тээврийн хэрэгсэлд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчид хяналт тавьж, зөрчил гаргасан тохиолдолд цагдаагийн шалгах төхөөрөмж, иргэд “Е-Police” аппликэйшн ашиглан гар утаснаас торгууль илгээх боломжтой  бөгөөд гудамж замд байршуулсан хяналтын камераар зөрчил бүрд хариуцлага оногдуулж ажиллана.