• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

Ажиглалт: Автомашин жолоодож буй 10 хүн тутмын найм нь гар утсаа “ухаж” байна

2022-10-26
Ажиглалт: Автомашин жолоодож буй 10 хүн тутмын найм нь гар утсаа “ухаж” байна

Иргэд жолооч нарын буруу үйлдлийг баримтжуулан авч "E Police" аппликейшн рүү илгээснээр торгуулийн мөнгөн дүнгийн 20 хувийг авах боломж бүрдэж буй талаар бид өнөөдөр өглөө мэдээлсэн. Энэ нь иргэн та илрүүлэн мэдээлсэн зөрчил бүрээсээ 4000 төгрөгийг авна гэсэн үг юм. Тэгвэл энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Гомбосүрэнгээс тодрууллаа.

-Зөрчлийг мэдээлсэн иргэнийг урамшуулах журмын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээрт "Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг урамшуулж болно" гэсэн зохицуулалт байгаа юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн өөр хэсэгт нэмэлт өөрчлөлт ороод УИХ-аар батлагдах хүртэл хэрэгжихгүй явж ирсэн. Одоо батлагдаад гараад ирсэн. Иргэн, аж ахуй нэгжийг урамшуулах заалт өөрчлөгдөөгүй учраас хэрэгжүүлэх гэж байгаа юм. "Тодорхой зөрчил дээр зөрчлийн шинж чанараас хамаараад 20 хүртэл хувиар урамшуулж болно" гэсэн зохицуулалт байгаа юм. Үүнийг хэрэгжүүлэхдээ журам гаргах ёстой. Журмыг ХЗДХ-ийн сайд, Сангийн сайд хоёр хамтарч батлах ёстой.

-Хэзээ журмаа боловсруулж, батлах вэ?

-Одоо ХЗДХ-ийн сайдын тушаалаар ажлын хэсэг гарчихсан.Сангийн яам, Тээврийн цагдаагаас хүмүүс багтаад, хэрхэн яаж иргэнд урамшуулал олгох вэ гэдэг журмаа боловсруулж байна.

-"Е police" аппликейшнээр зөрчлийн мэдээллийг илгээх юм байна. Энэ аппликейшнийг иргэд хэр мэддэг вэ?

-Тээврийн цагдаагийн алба 2020 оны эхний есөн сарын байдлаар 1.9 сая зөрчлийг илрүүлээд, иргэнд торгууль хүргэсэн. Гэтэл "Е police" аппликейшнээр ирж буй зөрчил нь 73526 буюу нийт зөрчлийн 3.7 хувийг л эзэлж буй юм. Гэтэл энэ аппликейшн 2018 онд ажиллаж эхэлсэн. Нийтдээ 40300 хүний утасны дугаар бүртгэлтэй. Өдөр тутам идэвхтэй ашигладаг 7000 орчим иргэн байгаад байгаа юм. Замын хөдөлгөөний энэ олон зөрчилд цагдаагийн алба хаагч хүрэлцэхгүй байна. Тиймээс иргэн бүр цагдаа уриалгын хүрээнд иргэдийг оролцуулж, урамшуулах гээд ажиллаж байна.

-Зөрчлийн зургийг аппликейшнээр илгээхэд бас шаардлага, шалгуур тавьдаг байх тийм үү?

-Е police аппликейшн заавартай. Тухайн зөрчлийн зургийг авахдаа байршлыг нь тодорхой гаргах ёстой. Ингэхгүй бол зөрчил гэж үзэх боломжгүй байдаг. Тиймээс иргэдийг тухайн зааврын дагуу зөрчлийн зургаа дарж илгээхийг зөвлөж байна. Нэг жишээ дурдахад нэг хүн 1551 зөрчил явуулсан. Түүний 711 нь зөрчил болсон. Үлдсэн 821 нь торгууль болоогүй. Учир нь машины улсын дугаар тодорхой биш, байршил тодорхойгүй гэх мэт. Тэгэхээр саяны иргэний явуулсан зураг, хийсэн ажлын 50 хувь нь үр дүнгүй болчихож байгаа юм.

-Торгуулсан жолооч торгуулиа төлсөн тохиолдолд мэдээлэл өгсөн иргэнд 20 хувийг нь урамшуулал хэлбэрээр буцааж олгох нь зөв үү?

-Тэгнэ. Жолооч торгуулиа хүлээж аваад төлсөн тохиолдолд зөрчлийг мэдээлсэн иргэнд араас нь нөхөж урамшуулал олгоно гэсэн зохицуулалт байна.

-Давхардаж зөрчил илгээсэн байвал яах вэ?

-Программ нь өөрөө хүлээж аваад шүүгээд давхцлуудыг нь хасна. Тухайн иргэнд давхцсан гэх мэдээллийг нь эргээд хэлнэ.

Иргэн та аппликейшн ашиглаад дараах төрлийн зөрчил хүлээж авах боломжтой.

  1. Явган хүний зам болон ногоон байгууламж дээр машин тавьсан зөрчил
  2. Түр болон удаан зогсох хориотой газар зогсох
  3. Хашлага, хөвөө давуулсан
  4. Автобусны зогсоол дээр зогссон
  5. Нийтийн тээврийн эгнээ буюу нэгдүгээр эгнээгээр зорчсон
  6. Урсгал сөрсөн
  7. Үргэлжилсэн цагаан шугам давсан
  8. Эгнээ байраа буруу эзэлсэн
  9. Улсын дугаараа буруу зүүсэн
  10. Гэрэл дохио зөрчсөн
  11. хамгаалах бүс зүүгээгүй
  12. Ачаа буруу тээвэрлэсэн
  13. Утаа ихээр ялгаруулсан
  14. Хөдөлгөөнд оролцох үедээ гар утас ашигласан гэсэн зөрчлүүдэд шийтгэл ногдуулна.

Эх сурвалж: Eguur.mn