СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 655 ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ
Цагдаагийн байгууллагаас энэ сарын 10-наас 11-нд шилжих шөнө “Зөвийг хэвшүүлье” уриатайгаар “Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 2000 гаруй алба хаагчид 800 гаруй хяналтын цэгт хяналт, шалгалт явууллаа.
Хяналт шалгалтын хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийслэлд 366, орон нутагт 289 нийт 655 жолоочийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаа.
Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хөдөлгөөнд оролцож явсан зөрчил нийслэлд 63, орон нутагт 176 нийт 239 зөрчил, цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах /АСАП/ санд бүртгэлтэй эрэн сурвалжлагдаж байгаа 6 иргэн, эд зүйлс 9, тээврийн хэрэгсэл 3 тус тус илрүүллээ.
Зөвхөн энэ оны эхний 5 сарын байдлаар Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22095 зөрчлийг илрүүлсэн бол улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочоос шалтгаалсан 541 зам тээврийн осол бүртгэгдэж 43 хүний амь нас хохирсноос Нийслэлд 7, орон нутагт 36 хүний амь нас хохирсон байна.
Зам тээврийн ослын улмаас эхний 5 сарын хугацаанд улсын хэмжээнд 195 хүн нас барсны 43 буюу 22 хувь нь согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж амь насаа алдсан байна.
Хөдөлгөөнд оролцогч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.