БАГА НАСНЫ ХҮҮХЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ХЭРЭГТ ӨРТӨЖ ХОХИРОХООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!
Дэлхий дахинд осол гэмтлийн улмаас жил бүр 5.8 сая хүн амь насаа алдаж, 600 гаруй сая хүн бэртэж гэмтэж, хөгжлийн бэрхшээлтэй болж, 700 тэрбум ам.долларын хохирол учирч байгаа бол үүнээс зам тээврийн ослын улмаас 1.25 сая гаруй хүн амь насаа алдаж 50 гаруй сая хүн бэртэж гэмтэж 65 тэрбум ам.долларын хохирол учруулж байгаа нь хүн амын нас баралтын гурав дахь гол шалтгаан болж байгаа тухай дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас онцолжээ.
Сүүлийн 5 жилийн байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 4951 бүртгэгдэн 5152 хүүхэд осолд өртжээ. Зам тээврийн ослын улмаас 196 хүүхэд амь насаа алдаж, 4956 хүүхэд гэмтэл авснаас 347 хүүхэд хүндэвтэр, хүнд гэмтсэн байна.
Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн “Гэр-сургууль-цэцэрлэг” гэсэн маршрутаар замын хөдөлгөөнд оролцохдоо зам хөндлөн гарахдаа зорчих хэсгийн гарцтай гарамтай хэсгээр зам хөндлөн гарахгүй байх, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр зам тээврийн осолд ихээхэн өртөж хохирдог. Орон нутгийн замд хүүхдийн хамгаалалтын бүс, хамгаалалтын суудал хэрэглэж хэвшээгүй, хэрэглэхгүй байгаагаас тээврийн хэрэгслээр зорчигч хүүхдүүд амь насаа алдсаар байна.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир
Хүүхдийн аюулгүй байдлыг хангахад хоёр гол шалтгаан байгаа. Нэг нь хүүхдийг явган зорчигч хэлбэрээр эцэг эхчүүд гараас нь хөтлөн авч явдаг нөгөө нь тээврийн хэрэгсэлтэй зорчигч хэлбэрээр авч явдаг. 2022 оны эхний нэгдүгээр улирлын байдлаар зам тээврийн ослын улмаас 14 хүүхдийн амь нас хохирсон харамсалтай мэдээлэл байна. Эдгээр тохиолдлын шалтгааныг аваад үзэх юм бол 11 хүүхэд нь тээврийн хэрэгсэлд зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байгаад амь нас нь хохирсон. Үлдсэн гурван тохиолдол нь жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгаагүйн улмаас тээврийн хэрэгслийн хажууд байгаа ой гурван сартайгаас ой найман сартай хүүхдүүдийн амь нас нь хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгдсэн байна.
Манай улсын зам тээврийн дүрэмд зааснаар явган зорчигч зохицуулдаг буюу гэрлэн дохиотой гарц, зохицуулдаггүй буюу цагаан шугаман гарцаар зам хөндлөн гарах зохицуулалттай.
Монгол Улсын замын хөдөлгөөний тухай хуульд зааснаар иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ явганаар болон тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх, эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй юм.
Иргэн...
Сургуулийн насны хүүхдүүдийг эцэг эхчүүд өөрсдөө заавал хүргэж өгөх, тарахад нь авах хэрэгтэй. Өөрсдөө гэр лүүгээ явж чадна гэсэн байдлаар анхааралгүй өнгөрвөл ямар нэгэн байдлаар аюулд өртөж болзошгүй байдаг. Бага насны хүүхдийг бол яах аргагүй зориулалтын суудалд нь суулгаж бүсийг нь бүсэлж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй юм.
Хүүхэд ихээр өртөөд байгаа цагуудыг авч үзвэл хичээл эхлэх буюу тарах үеийн 12.00-13.00 цаг, 16.00-17.00 цагуудад хамгийн их осол бүртгэгдсэн байна. Мөн 11.00-17.00 цагуудад дийлэнх ослууд бүртгэгдсэн нь тоон үзүүлэлтээс харагдаж байна.
Сонгинохайрхан дүүргийн 158 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Н.Адъяасүрэн
Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд цэцэрлэг тарах цагт хашаанаас гүйгээд л гардаг. Эцэг эхчүүд гар утсаа ярьж хүүхдүүдээ анзаараагүй харагдах тохиолдол их харагддаг. Үүнээсээ болоод бяцхан үрүүд ямар нэгэн байдлаар бэртэж гэмтвэл яах вэ? Тийм учраас эцэг эхчүүд хүүхдүүддээ замын хөдөлгөөний дүрмийг зааж хэлж байх хэрэгтэй.
Баянзүрх дүүргийн 63 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Н.Энхцэцэг
Манай цэцэрлэгийн орчин аялж зугаалах бүстэй ерөнхийдөө ойрхон учраас бид зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг эцэг эхчүүдэд хүргэдэг. Мөн зуны улиралд тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөн ихэсдэг учраас хүүхдүүдийг тээврийн хэрэгсэл явдаг замын хажууд болон зам дээр тоглохгүй байх, ойр орчноо харж зам хөндлөн гарах талаар зааварладаг.
Нийслэлд сүүлийн 3 жилийн байдлаар хүүхэд өртсөн зам тээврийн ослын шалтгаан нөхцөлөөс харахад явган зорчигч хүүхдийн буруутай үйлдлээс 28,1 хувь нь, жолоочийн буруутай үйлдлээс 67,8 хувь нь, унадаг дугуйгаар зорчигч хүүхдийн буруутай үйлдэл 1,7 хувь, эцэг эх асран хамгаалагчийн буруугаас 2,4 хувь нь бүртгэгджээ.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ойрын өдрүүдэд хур тунадас их бага хэмжээгээр орж байгаа. Тиймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч та бүхэн хурдаа зам орчиндоо тохируулж явах, үзэгдэх хүрээ багассан цасан шуургатай байгаа үед бол хурдаа тохируулж явах зайлшгүй шаардлагатай. Автобусны буудал болон явган хүний гарц хэсгээр хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Дулааны улиралд бол унадаг дугуй, скүүтер, ролликтойгоор хүүхэд багачууд хөдөлгөөнд оролцож байгаа юм. Хамгийн гол зүйл аюулгүй байдлаа хангах, гарцтай гарамтай хэсгээр явахдаа унадаг дугуйнаасаа бууж баруун гар талаа барьж тухайн тээврийн хэрэгсэл бүрэн зогсож зам тавьж өгсний дараа зам хөндлөн гарахыг анхааруулж байна.
Иргэд та бүхэн бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгаж тээвэрлэх, хамгаалах бүсийг тогтмол зүүлгэж хэвшүүлэх, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хорооллын доторх хөдөлгөөнд зогсож буй тээврийн хэрэгслийн дундуур хүүхэд гэнэт гарч ирэх тул хурдаа тохируулж явах, гэр хорооллын хашаа болон зогсоол талбай дээрээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлүүлэхдээ байнга тойрч шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар