АНХААР: ЖОЛОО БАРИХДАА УТСАА “УХАХ“ НЬ ТАНЫ ОСОЛД ӨРТӨХ МАГАДЛАЛЫГ 80 ХУВИАР ИХЭСГЭДЭГ
Түгжрэл дунд юу эсийг хийх билээ дээ, манайхан. Гар утсаа оролдсон шигээ твиттер, фейсбүүк орчинг харин ч нэг хашраах шиг болдог. Харин эл үйлдэл нь жолооч нарт дасаж, сурсан энгийн л үзэгдэл мэт болов. "Арга ядахдаа утсаа оролдож л сууна" хэмээн өөрсдийгөө зөвтгөх нь олонтой.
"Та яагаад замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас хэрэглэсэн бэ" гэх асуултыг жолооч нараас асуухад "яаралтай, чухал дуудлага байсан юм" тэр бүү хэл "түгжрээ дунд зүгээр суухаар гэж бодоод" хэмээн хэнэггүй гэгч нь хариулах хүмүүс олон байлаа. Зүгээр суухаар зүлгэж суу гэгчийн үлгэрийг арай л буруу дадлаар өөрсдөдөө хэвшүүлээд байна уу.
Жолооч хөдөлгөөнд оролцохдоо өөр зүйл хийж, анхаарал сатааруулах зүйл оролдохоос зайлсхийх ёстой. Гэвч түгжрэл гэх шалтгаанаар халхавч хийж гар утсаа оролдох нь өөрийг болон бусдыг аюулд алхам бүрээр ойртуулдаг. Иймдээ ч манай улсад замын хөдөлгөөнд оролцогчдын соёл, түүний талаарх ойлголт ямар хэмжээнд дутмаг байгааг харж болохоор байгаа юм.
Гар утсаа оролдох нь хөдөлгөөний эрчмийг удаашруулж, түгжрэл нэмэгдэхэд нөлөөлдөг талаар албаныхан хэлж байна. Гэтэл хувь байтугай "хувьсгалын" унаатай иргэд ч энэ байдлыг ухамсарлахгүй байгаад гол асуудлын зангилаа оршсоор буй.
Гар утас оролдож яваад цагдаад торгуулсан 14 мянган зөрчил бүртгэгджээ
Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дугаар зүйлд гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй телефон утсыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хэрэглэхийг хориглосон байдаг аж. Харин чихэвч болон Bluetooth ашиглах боломжтой гар утсыг ашиглахдаа гар оролцуулбал хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл, та замын хөдөлгөөнд оролцож байхдаа гар утас оролдох, чихэвч ашиглалгүй утсаар ярих зэрэг нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж буй хэрэг тул Зөрчлийн тухай хуулийн 14.7.22 зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэдэг байна. Тодруулбал, тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол жолоочийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Энэ оны эхний арван сарын байдлаар замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас оролдож яваад цагдаад торгуулсан 14 мянган зөрчил бүртгэгджээ.
Хөдөлгөөнд оролцохдоо гар утас тогтмол ашигладаг жолооч зам тээврийн осолд өртөх магадлал нь бусад жолоочоос 80 хувиар илүү байдаг
Замын хөдөлгөөнд оролцож байх үедээ гар утсаа ашигласнаар жолоочийн хариу үйлдэл үзүүлэх хурд гурван секундээр буурдаг аж. Энэ хугацаанд дунджаар 49.5 метр зайг туулсан байдаг. Мөн хөдөлгөөнд оролцохдоо гар утас тогтмол ашигладаг жолооч зам тээврийн осолд өртөх магадлал нь бусад жолоочоос 80 хувиар илүү байдаг гэнэ.
Иймд гар утас бусад сатаарах төрлийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохдоо ашиглах нь жолоочийн анхаарлыг бууруулж, аливаа төрлийн зөрчил, зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлж буй юм. Өөрөөр хэлбэл, анхаарал болгоомж алдсан хэдхэн секунтэд зам тээврийн осол гарах эрсдэлтэй болохыг албаныхан сануулж буй.
"Жолооны курст суралцахаас өмнө хөдөлгөөний соёл болон сэтгэл зүй нь бэлэн үү гэдгийг шалгах хэрэгтэй"
Зам тээврийн осол, зөрчил ба хөдөлгөөний соёл сэдвээр ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхболдтой ярилцлаа.
-Нийслэл хотод замын хөдөлгөөнд оролцдог бүртгэлтэй хэчнээн тээврийн хэрэгсэл байна вэ?
-2021 оны байдлаар Монгол Улсад хэмжээнд бүртгэлтэй 1375000 тээврийн хэрэгсэл байна. Улаанбаатар хотын хэмжээнд хоногийн мэдээг аваад үзэхэд нийслэлд замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт автомашины 50-60 хувь нь хөдөлгөөнд оролцдог. Тэгэхээр гудман замын хөдөлгөөнд түгжрэл, саатал бий болж байна гэсэн үг.
-Тэгвэл нийслэл гэлтгүй хөдөө орон нутгуудад ч тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаад нөлөөлөх хүчин зүйлсийг юутай холбон тайлбарлах вэ?
-Тээврийн хэрэгслийн өсөлтөд нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйлс бий. Автомашинууд гаалийн импортоор хямд, төсөр үнэтэй орж ирдэг. Манай улсад ялангуяа олон улсад хасагдсан тээврийн хэрэгслүүд орж ирдэг шүү дээ. Үүнтэй холбоотойгоор иргэдийн санхүүгийн байдлаас шалтгаалан автомашин худалдаж авах чадамж нь манайханд байгаа учраас нэмэгдэх хандлагатай.
Хоёрдугаарт, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Монгол улсын иргэд гадаад орнуудаас эх орондоо ирсэн. Үүнтэй холбоотойгоор гадаадаас ирсэн иргэд автомашин ихээр худалдаж авах болсон нь автомашины өсөлтийг огцом нэмэгдүүлсэн.
Нөгөө талдаа, хуучин автомашинаа унаж яваад осол гаргаж, хэрэггүй болоход шууд хаях байдал. Авто тээврийн тухай хууль болон бусад хууль журмандаа заасны дагуу тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь улсын дугаарыг хурааж, гэрчилгээгээ авч очоод хасалт хийлгэх ёстой. Тэгвэл тээврийн хэрэгслийн тоо бодит тоо гарна гэсэн үг.
-Ул сууриас нь аваад үзвэл жолооч болох мэдлэг, төлөвшил, эрсдлийг эртнээс авсан байх ёстой. Гэвч манай улсад энэ төрлийн жишиг дутмаг юм шиг санагдсан?
-Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төв шалгалтыг камерийн хяналтын дор авч байгаа. Тэгэхээр сургалтыг эхлэх үйл ажиллагааг жолооны курсууд хариуцаж явуулдаг. Сургалт чанартай байна уу гэдгийг жолооны курсууд хариуцаж байна гэсэн үг. Шалгалт өгөхдөө боловсруулсан 20 картыг бөглөж байгаа нь үнэмлэх олголт учир дутагдалтай байгаа юм. Өөрөөр хэлбэл, шалгалтын 20 карт тухайн хүний мэдлэгийг бүрэн шалгаж чадна гэж хэлэхэд хэцүү. Энэ тал дээр олон улсууд жишгүүд бий.
-Өөрөөр хэлбэл, хэдхэн тестээс илүүтэйгээр эхлээд эрсдлийн ойлголтыг суулгаж, сэтгэл зүйг бэлтгэх жишиг манайд дутмаг гэж хэлж болох уу?
-Тийм ээ. Ер нь үр хүүхдээ, хайртай дотнын хэн нэгнээ жолооч болгох гэж байгаа бол эхлээд үүсч болох эрсдлийг сайн ойлгуулсан байх хэрэгтэй. Жишээлбэл, зөрчил гаргавал хариуцлага хүлээнэ, зам тээврийн осол гаргавал өөрийг болоод өрөөлийг гэмтээж хохироох эрсдэл бий гэдгийг ойлгуулж, жолооч болохоос өмнөх хөдөлгөөний соёл болон сэтгэл зүйн философийн бэлтгэл бий юу гэдгийг шалгах хэрэгтэй.
“Гар утсаа оролдож, түгжрэл үүсгэснээс замын хөдөлгөөний эрчмийг хааж байгаагаа жолооч нар ухамсарладаггүй"
-Замын хөдөлгөөнд оролцох соёл сайжирч байгаа л гэлцдэг. Бодит байдал дээр замын хөдөлгөөнд оролцох соёл хэр байгааг багахан үйлдлээс ч ажиглах болохоор. Тухайлбал, түгжрэл дунд гарсан багахан хоромд ч гар утсаа оролддог байдал түгээмэл ажиглагддаг?
-Тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо гарны оролцоогүйгээр оролцох гар утсыг хэрэглэж болно. Гар оролцож байвал шууд зөрчил гаргаж байна хэмээн ойлгоно. Нийслэлд дан ялангуяа жолооч нар замын түгжрэл дунд гар утсаа оролдох нь түгээмэл ажиглагддаг.
Хоёрдугаарт, гар утас оролдож яваад урд талын автомашинаа мөргөдөг байдал. Замын хөдөлгөөний дүрэмд жолооч урдаа байгаа тээврийн хэрэгслийг мөргөхөөрүй хэмжээний зай болон хурдыг тохируулж явах ёстой хэмээн заасан байдаг. Гэвч урд талын машинаа мөргөсөн жолооч нараас гар утсаа оролдож явсан эсэхийг тодруулахад үгүй л гэдэг. Түүнийг тогтоох боломж хяналтын камерийн системд байдаггүй.
-Замын хөдөлгөөнд оролцохдоо гар утсаа оролдсон жолоочид ямар хариуцлага хүлээлгэдэг юм бэ?
-Зөрчлийн тухай хуулийн 14.7.22 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэдэг.
-Өмнө хэлсэнчлэн жолооч болохын өмнөх хөдөлгөөний соёлд бэлтгэгдэх үйл явц ямар байвал үр дүнтэй гэж та харж байна вэ?
-Өмнө хэлсэнчлэн жолооч болохын өмнөх хөдөлгөөний болон сэтгэл зүйн бэлтгэл чухал. Иймдээ ч Боловсролын яам болон бусад холбогдох байгууллагууд руу Ерөнхий боловсролын сургуулийн бага ангиас нь эхлээд сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн ойлголтыг өгч эхлэх талаар санал хүргүүлдэг. Тэгэхээр арван жилээ төгсөхөд тухайн хүүхэд замын хөдөлгөөний дүрмийн талаар тодорхой ойлголттой болчихоно гэсэн үг. Гэтэл арван жилийн сургуульдаа мэдлэг авсан аль эсвэл 14 хоногийн жолооны курсэд суугаад төгсөх хүний сэтгэл зүй, мэдлэг ч харьцуулшгүй гэсэн үг шүү дээ.
-Бидний анзаардаггүй тоон судалгаа, мэдээллийн талаар тодруулья. Ер нь зам тээврийн осол, замын хөдөлгөөний зөрчилд холбогдож буй жолооч нарын дунд эмэгтэй жолооч нар багагүй хувийг эзлэх болсон юм билээ?
-Манай улсад бүртгэлтэй 1 380 000 жолооч бүртгэлтэй байгаа. Үүний 30-40 хувь нь эмэгтэй жолооч байгаа юм. Энэ оны эхний есөн сарын байдлаар 14 079 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 23.2 хувь буюу 3666 нь эмэгтэй жолоочтой байсан. Мөн гудман замын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 мянган зөрчлийг илрүүлсэн. Үүнээс 11 хувь нь эмэгтэй жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байгаа юм. Гэтэл хяналт шалгалтаас гадна илрээгүй хэдэн жолооч хөдөлгөөнд оролцож явааг бид таамаглашгүй шүү дээ. Тиймээс та өөрийгөө хөдөлгөөнд соёлтой, зөв боловсон оролцож байгаа хэмээн бодож байтал эсрэг урсгалд явж буй тээврийн хэрэгслийн жолооч согтуу явахыг үгүйсгэхгүй. Тэгэхээр эрсдэл хаана ч явж байж болно гэсэн үг.
-Замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас хэрэглэснээс зам тээврийн ослын хохирогч болсон тохиолдол нэлээдгүй бий. Энэ мэт тохиолдол нь замын хөдөлгөөнд ч багагүй нөлөөллийг үүсгэж байдаг болов уу?
-Хөдөлгөөнд оролцогч гэдэгт жолоочоос гадна зорчигч, явганаар зорчигч, унадаг дугуй, мопед, мотоциклоор хөдөлгөөнд оролцож буй талууд багтана. Сүүлийн жилүүдэд явган зорчигчид ялангуяа арван жилийн сурагчид, оюутнууд чихэвч зүүж, орчноо сонсож мэдрэхгүй байх, гарц гарамгүй хэсгээр анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцдог байдлаас үүдэн зам тээврийн ослын хохирогч болох шалтгааныг бүрдүүлж байгаа юм.
эх сурвалж: UBN.MN