ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХУГАЦАА ДУУСАХАД 6 ХОНОГ ҮЛДЛЭЭ
Монгол Улсын Их хурлаас 2021 оны долдугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон тогтоол гарсан.
Уг хуулиар 2017 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 00.00 цагаас 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 00.00 минутаас өмнө Зөрчлийн тухай хууль заасан зөрчил үйлдсэн зөрчлийг өршөөх тухай. “Хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох, баривчлах, эрх хасах шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө” гэж заасан.
Уг хуулийн хугацаа дуусахад 6 хоног үлдээд байгааг анхааруулж байна.
Сануулахад, Иргэд torguuli.police.gov.mn цахим системд нэвтэрч ороод автомашины улсын дугаараар хайлт хийхэд торгуулийн мэдээлэл гарч ирнэ. Тухайлбал, та 100 мянган төгрөгийн торгуультай байсан бол таны 50 мянган төгрөгийн мэдээлэл ил харагдана. Үлдсэн 50 хувь нь өршөөлд хамрагдсан гэсэн үг. Тэгэхээр та ил харагдаж байгаа мөнгөн дүнгээ төлснөөр таны торгууль 100 хувь тэглэгдэнэ. Хэрэв төлөөгүй тохиолдолд 2021 оны аравдугаар сарын 1-нээс хойш таны төлөх ёстой торгуулийн хэмжээ буцаад 100 мянга болж харагдах юм.