Сурвалжлага: "Өө заяа нь хаясан юм"
Тээврийн цагдаагийн албанаас өнгөрсөн Баасан гариг (2021.06.18)-т шөнийн цагаар зам тээврийн осол аваарыг бууруулах, урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах ажил зохион байгууллаа. Энэхүү ажлын хүрээнд манай сурвалжлах баг 22.00 цагаас эхлэн автомашины хөдөлгөөн ихтэй Баянбүрдийн тойрог, Сөүлийн гудамж, 25-р эмийн сангийн уулзвар, Бөмбөгөрийн уулзвар, Дунд голын гудамж зэрэг газруудад саатав.
Хэдийгээр үдэш болсон ч гол зам болон уулзварууд дээр хөл хөдөлгөөн ихтэй, үүнийгээ дагаад тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангаагүй, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлээгүй гэх мэт асуудлууд их гарч байсан юм. Мөн Баасан гариг гэдэг утгаараа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн олон жолоочтой таарлаа.
22.30 цаг, Баянбүрдийн тойрог. Автомашины хөдөлгөөн ихтэй, түгжрэл ихээр үүсдэг тус газар биднийг очиход тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаагүй буюу гупер байхгүй, гэрэл нь бүрэн асдаггүй, улсын дугааргүй автомашинууд мэр сэр харагдаж, замын цагдаагийнхан зохих арга хэмжээ авав.
Энэ үеэр Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Э.Энхболд ярихдаа “Баянбүрдийн тойрог, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзвар шугам хоолойн засвартай холбоотойгоор замын хөдөлгөөнийг түр хязгаарлаад ажиллаж байна. Энэ үед хөдөлгөөнд оролцож буй жолоочид хурдаа зөв тохируулж явах шаардлагатай байна. Сая Баянбүрдийн тойрог дээр үүрэг гүйцэтгэж байхад улсын дугааргүй мотоциклиуд, гэрэл ойлгогчгүй дугуйнууд нэлээд харагдлаа. Эдгээр зөрчлүүд дээр арга хэмжээ авч ажиллалаа. Өрөөсөн гэрэлтэй автомашинууд зам дээр байгаа аюул саад, явган зорчигчийг харалгүй осол хийдэг” гэв. Мөн тэрбээр жолооч нарт замын хөдөлгөөнд оролцохоосоо өмнө тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг сайн шалгах хэрэгтэйг онцгойлон анхааруулсан юм.
Ажлын тоормосын систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос эвдэрсэн, эсхүл харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол 25 нэгжээр торгоно.
Бүрэн бус тээврийн хэрэгслээс гадна сүүлийн үед залуучуудын гангарах болсон бүдүүн яндантай, дуу чимээ ихээр гаргадаг спорт загварын автомашиныг замын цагдаагийнхан саатуулсан юм. Энэ талаар цагдаагийн хошууч Э.Энхболд тайлбарлахдаа “Энэхүү автомашины хойд талын гупер байхгүй, мөн бүдүүн яндантай байна. Шөнө оройн цагаар иргэдээс бүдүүн яндантай холбоотой гомдол мэдээлэл ихээр ирдэг. Автомашины яндангийн дууны децибелийн хэмжээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн эсэхийг оношилгоонд оруулж тодорхойлдог. Дуу чимээ ихтэй яндан маань иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах, цочоох зэрэг олон сөрөг нөлөөтэй. Иймээс жолооч нар өөртөө таатай байдлаар автомашин унахаас гадна бусдын эрх ашгийг хүндэлж, замын хөдөлгөөний дүрэмд заасан техникийн шаардлагыг хангах хэрэгтэй байна” гэв.
Хөл хөдөлгөөн ихтэй Баянбүрдийн уулзвараар техникийн шаардлага хангаагүй том оврын ачааны машинууд ч хөдөлгөөнд оролцож, торгуулсан. Замын цагдаагийн алба хаагчийн хэлснээр “Барилгын ажилд ашиглагддаг том оврын тээврийн хэрэгслүүд нийслэл хотод шөнийн цагаар маш ихээр хөдөлгөөнд оролцдог. Ялангуяа зуурмагийн тээврийн хэрэгслүүд замын зорчих хэсэгт зуурмагаа асгаж, бохирдуулдаг. Тиймээс зуурмагаа асгахгүй байх үүрэгтэй. Зуурмагийг доор нь тосч авах тосгуур байх ёстой. Мөн зам орчныг бохирдуулахгүйн тулд барилга, үйлдвэрийн талбайгаасаа гарахаас өмнө дугуйгаа цэвэрлэсэн байх шаардлагатай. Гэтэл барилгын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд тээврийн хэрэгслээ цэвэрлэдэггүй, техникийнх нь бүрэн бүтэн байдлыг хангадаггүй хүний нүд хуурсан тохиолдлууд их гардаг. Зөрчил илэрсэн тохиолдолд бичиг баримтыг нь хураан, зам орчныг бохирдуулсан зөрчлийг нь арилгуулж торгодог” гэв. Харин тус том оврын ачааны машины жолооч “Сая зуурмаг буулгасан газарт цэвэрлэх боломж байсангүй. Зөрчил гаргаснаа ойлгож байна. Дахиж ийм алдаа гарахгүй” хэмээн хариулав.
23.05 цаг, Сөүлийн гудамж. Хөл хөдөлгөөн ихтэй Баянбүрдийн тойргоос холдож, харьцангуй тайван нам жим Төв шуудангийн урд талын Сөүлийн гудамжны уулзварыг зорив. Тэнд автомашин гэхээсээ илүүтэйгээр мотоцикль, мопед, цахилгаан скүүтер зэрэг тээврийн хэрэгслүүд их аж.
Тээврийн цагдаагийн албанаас нийслэл хотын гудамж зам шөнийн ачаалалтай үед хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын сахилга бат, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг шалгаж, цагдаагийн алба хаагч нарыг нэмэлтээр гаргаж, хяналт шалгалтаа эрчимжүүлж байна.
Удалгүй “25-р эмийн сангийн уулзварын ойролцоо согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнийг саатууллаа” гэсэн дуудлага алба хаагчдаас ирлээ.
23.20 цаг, 25-р эмийн сангийн уулзвар. Биднийг тус газар очиход тус хэсэгт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийг саатуулж, согтолтын зэргийг нь тогтоожээ. Согтуу жолоочийг саатуулсан цагдаагийн алба хаагч “Саяын жолооч гэртээ архи, согтууруулах ундаа хэрэглэснээ хэлсэн. Бид ч шалгах багажаараа шалгалаа. Энэхүү багаж маань халдвар хамгааллын дэглэмийг сахисан, нэг удаагийн битүүмжилсэн хошуугаар үлээлгээд шалгадаг. Багаж маань Стандартчилал хэмжил зүйн газраар шалгагдсан” гэж ярив. Түүний хэлснээр цагдаа нар жолоочоор өөрөөр нь согтолтын зэрэг шалгадаг багажны нэг удаагийн хошууг задлуулж, үлээлгэж байлаа.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 400 мянган төгрөгөөр торгуулж, нэг жилээр эрхээ хасуулдаг, мөн тээврийн хэрэгслийг нь түр саатуулдаг. Харин эрхээ хасуулсан жолооч хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилдаг.
23.40 цаг, Бөмбөгөрийн уулзвар. 25-р эмийн сангаас Баянбүрдийн тойрог руу буцах замдаа Бөмбөгөрийн уулзвар дээр саатсан. Учир явдлыг тодруулбал, замын цагдаагийн алба хаагчид гэрлэн дохион дээр саатах үеэрээ хажуудаа зогсч байсан автомашины жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн байгааг анзаарчээ.
Цагдаагийн ахмад Б.Зоригоо “Энэхүү жолоочийн хүүхэн хараа томорсон, хэл ярианы хувьд өөрчлөлттэй байгаа учир согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь багажаар шалгах гэж байна” хэмээгээд жолоочоос согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь асуухад жолооч “Хэрэглэсэн. Дөрвөн зам дээр хоёр пиво уусан. Гандангаас энэ хүртэл машинаа барьсан” гэж хариулав. Ингээд багажаар шалгахад 1.66 хувийн согтолттой байж, эрхээ хасуулж, автомашинаа журмын хашаа руу ачууллаа. Тус жолоочтой хамт зорчиж байсан иргэн “Өө заяа нь хаясан юм. Очиж очиж цагдаатай гэрлэн дохион дээр таарч баригдаад байхдаа яах вэ дээ. Маргааш өглөө Улаанаа руу залгахаас даа. Цаадах чинь дүүрэгт таньдаг хүнтэй” гэсээр хоцров.
Жолоочийн машиныг ачилтын машин ачиж, журмын хашаа руу авч явах бэлтгэлээ хангаж байх үеэр цагдаа нартай ярилцаж, хэрхэн согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийг таньсан талаар нь асуухад “Харахад андашгүй. Цагдаа хараад харц нь дальдчаад байдаг юм. Хөдөлгөөн дунд машин зогсооход согтуу жолоочоос гадна эрэн сурвалжлагдаж буй хүн, хулгайн тээвэр, шагаар согтууруулах ундаа зардаг хүмүүс баригддаг” хэмээн учирлалаа.
00.20 цаг Дунд голын гудамж. Ийнхүү эцэст нь Дунд голыг зорилоо. Баасан гаригийн орой гэсэндээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон залуучууд тус гудамжинд саатуулагджээ. Гэхдээ согтуу жолоочид гэхээсээ илүүтэйгээр тус гудамжны байдал согтуу жолооч нарт осол гаргах нөхцөл бололцоог бүрдүүлсэн гэмээр харагдаж байлаа. Учир нь тус гудамжны гэрлүүд ажилладаггүй нь анхаарал татав.
Энэ талаар цагдаагийн ахмад Б.Зоригоо “Замын гудамжны гэрэл бүрэн асаагүй байгаа нь явган зорчигчид болон жолоочдод аюул ослыг бүрэн харах бололцоо олгодоггүй. Тээврийн цагдаагийн албанаас гэрэлтүүлгийн асуудлаар холбогдох байгууллагад нь ханддаг. Иргэд ч асахгүй байгаа гэрэлтүүлгийн талаар мэдээлэл, гомдол хүргүүлж, засуулах хэрэгтэй. Харанхуйд хар хувцас өмсч, зам хөндлөн гарах нь осол гарах нөхцлийг бүрдүүлдэг. Оройн цагаар үзэгдэх байдал хангалтгүй байх үед явган зорчигч зам хөндлөн гарахдаа гэгээлэг, гэрэлтдэг хувцас өмсөнө гэсэн зөвлөмж гаргасан. Хар бараан хувцастай хүн автомашинд 10-15 метрийн зайд л харагддаг. Гэтэл 60-65 км цагийн хурдтай явж байгаа машин тийм үед амжиж зогсох боломж тун бага, мөргөх эрсдэлтэй. Иргэд мөн шууд хөндлөн бус ташуу диагналдаж зам хөндлөн гардаг. Энэ бол буруу. Авто замын хөдөлгөөнд саад болж байгаа хэрэг. Чигээрээ хөндлөн гарах хэрэгтэй” хэмээн иргэддээ санууллаа. Мөн тэрбээр замын камерууд ихэссэн тул осол хийгээд зугтаасан хүмүүс баригддагийг хэлж байв.
Ийнхүү Тээврийн цагдаагийн газартай хамтарсан бидний ажил өндөрлөсөн юм. Цагдаагийн алба хаагчид "Тайван Баасан гариг болж өнгөрлөө" хэмээн онцолсон. Пүрэв гаригийн хяналт шалгалтаар тэд 79 согтуу жолоочийг хөдөлгөөнд оролцож байх үеэр нь саатуулсан аж. Албаны хүмүүс жолооч нарт замын хөдөлгөөнд оролцохдоо техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. Мөн холбогдох байгууллагууд гудамж талбайн гэрэлтүүлэг, хяналтын камерын үйл ажиллагаагаа байнга шалгаж, аюул ослоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй нь анзаарагдлаа.
Эх сурвалж: news.mn