Дүрмээрээ биш, дураараа зорчдогийн балгийг хүүхдүүд амиараа төлж байна
ДУГААРЫН ОНЦЛОХ СЭДЭВ: Зам, тээврийн осол ба хүүхэд
Ховд аймагт хоёрхон настай хүүг энэ сарын 4-нд хашааныхаа хажууханд байхад нь “Портер” машины жолооч мөргөж, амийг нь хохироов. Яг үүнтэй ижил ослоор энэ онд 20 бяцхан зүрх эргэж цохилохгүй болсон юм. Тодруулбал, тэдний хайртай аав, ээж, эмээ, өвөө, асран хамгаалагч нь хайхрамж, болгоомжгүй үйлдэл гаргаж, автомашинаа асаахдаа ард нь, дугуйн доор нь байгаа үрсээ дайрч, амийг нь хохироосон. Тэдний олонх нь 1-3 настай байжээ. Яг энэ үед эцэг, эхийн хараа хяналт гойд шаардлагатай. Харамсалтай нь, хамгийн аюулгүй, амар тайван байх ёстой газраа тэд амиа алдсан. Энэ бол эцэг, эхчүүд бид үр хүүхдээ үл хайхардгийн маш том жишээ. Сүүлийн хоёрхон долоо хоногийн дотор зам, тээврийн ослоор хоёр хүүхэд эндэж, 42 үрс гэмтсэн байна. Өнгөрсөн жил зам, тээврийн ослоор 770 хүүхэд гэмтэж, 49 нь нас барсан дүн бий. Тэгвэл энэ оны эхний есөн сарын байдлаар 355 хүүхэд гэмтэж, 50 нь амиа алджээ. Зөвхөн зам, тээврийн ослоор ийм олон хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, хорвоогоос буцсан нь эцэг, эхчүүд, насанд хүрэгчид ямар хариуцлагагүйг харуулж байна.
Орон нутагт зам, тээврийн ослоор амиа алдсан хүүхдүүдийн олонх нь гэрийнхээ хашаанд машинд мөргүүлсэн бол нийслэлд зам хөндлөн гарч явсан багачууд ослын золиос болжээ. Улаан гэрэл улалзаж байхад л хүүхдээ чирээд зам хөндлөн гардаг, гараас нь хөтлөөд явахын оронд ухаалаг утсаа ширтээд зогсчихдог, нялхыгаа тэврээд, өөр нэг хүүхдээ дагуулаад алхдаг хэнэггүй нь дэндсэн аав, ээжүүдээс болж алдрай үрс зам, тээврийн осолд өртөж байна. Зам хөндлөн гарахдаа гэрэл дохиог хэрхэн мөрдөхийг аав, ээжүүд үлгэрлээгүйгээс хүүхдүүд “Ингэж болох юм байна” гэсэн буруу ойлголт авч, дараагийн удаа азаа туршдаг. Хүүхэд бол эцэг, эхийн тусгал гэдэг. Томчууд зам дээр дүрмээрээ биш, дураараа явдгийн төлөөсийг бяцхан үрс амиараа төлж байна. Хичээлдээ яараад зам хөндлөн гүйж яваа хүүхдэд зам тавьж өгөөгүйгээс, сургууль, орон сууцын хороолол дундуур зорчихдоо хурдыг сааруулаагүйгээс, согтуугаар жолоо барьснаас болж балчир үрсийг гэмтээж, цаашлаад амийг нь хохироосоор. Жолооч та ч мөн хэн нэгний аав, ээж, ах, эгч, эмээ, өвөө нь. Өөрийнхөөс ялгаагүй өрөөлийн хүүхдэд зам тавьж өгөх наад захын соёлтой, сэтгэлтэй байгаасай. Хүүхэд хохирсон ослын ихэнх нь жолоочийн буруугаас шалтгаалсныг холбогдох байгууллагынхан нь хэлж буй учраас энд онцлон сануулахад илүүдэхгүй биз.
Энэ сарын 9-нд Ховд аймгийн Манхан сумд “Хьюндай аксент” маркийн автомашин онхолдож, гурван настай хүү газар дээрээ амьсгал хураасан бол хоёр настай хүүхэд хүнд гэмтсэн. Эл явдлаас бид олон сургамж авч болохоор. Цагдаагийн байгууллагынхны хэлж буйгаар уг машин “асуудалгүй” шулуун замаар зорчиж байсан бөгөөд хурд хэтрүүлснээс онхолджээ. Бага насны хоёр хүүхэд суулгасан хэрнээ юунд адган хурд хэтрүүлэв. Хүүхдүүдэд хамгаалах бүс зүүлгэж, зориулалтын суудалд суулгасан уу гэх мэт асуулт урган гарна. Үүнд хариулт ч бараг хэрэггүй. Монголчуудын олонх нь хөдөө явахдаа хүүхдээ дүрэм, журмын дагуу тээвэрлэдэггүй нь хатуу үнэн. Яагаад гэвэл тэнд цагдаа бараг л таарахгүй. Торгуулихаас айж жолооч нар цагдаа харахаараа дүрмээрээ зорчиж буй мэт жүжиглэдэг гэхэд хилсдэхгүй. Үр хүүхэд, өөрийн амийг атгаж яваагаа ухаарахгүй, хэдэн төгрөг алдахаас эмээх нь хэтэрхий өрөөсгөл санагдана. Хоромхон зуурын алдаанаас болж насан туршийн харуусал, амьдралдаа хар толботой үлддэг нь эмгэнэлтэй.
Саяхан даа, автомашины арын цонхон дээр хүүхэд суулгачихаад хотын замаар нэгэн жолооч сүнгэнэж явсан. Тээврийн цагдаагийнхан жолоочид арга хэмжээ авсан ч “Би таксинд явж байсан. Тэр чинь үйлчлүүлэгчийн хүүхэд” хэмээн биеэ өмөөрөөд амжжээ. Хэрэв тэр хүүхэд цонхоор унаж эндсэн бол яах вэ. Хүүхдийнхээ биеийг бүхэлд нь гаргачихаад явж байсан ээж, аав юу бодож суув. Тээврийн хэрэгсэл тоглоом биш гэдгийг бид хэзээ ойлгох вэ. Ийм хариуцлагагүй, хар амиа бодсон зангаасаа болж үр хүүхдүүдээ харамсалтайгаар буцаасаар байх уу. Үр үндсээ өөрийн гараар бүү “таслаач”. Бид дор бүрнээ хариуцлагатай, анхаарал болгоомжтой байж, хүүхдийн эрхийг нэгдүгээрт тавьж чадвал тэднийгээ хамгаалах боломжтой. Монголчууд бид хэдий болтол зам дээр “амьдарч”, зам дээр амьсгал хураах вэ.
БАЙР СУУРЬ
Багачууд сургууль, гэрийнхээ ойр орчимд зам, тээврийн осолд өртөх нь нэмэгдсэн. Ослыг бууруулж, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд юу хийх ёстой вэ. Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хүргэж, авахад ямар бэрхшээл тулгарч байна вэ?
АЧААЛАЛ ХЭТЭРСЭН НЬ ОСОЛ НЭМЭГДЭХ ШАЛТГААН
Д.ЭРДЭНЭПҮРЭВ (Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуулийн багш)
-Ерөнхий боловсролын сургуулиуд ачаалал ихтэй, нэг ангид суралцах хүүхдийн тоо хоёр дахин хэтэрсэн нь ойр орчимд автомашины бөөгнөрөл үүсгэн, явган зорчиход хүндрэл учруулдаг. “School police” зохицуулж, хүүхдүүдийг аль болох аюулгүй явуулахыг хичээдэг ч хичээл орох, тарах үед замбараагүй байдал үүсэх нь бий. Мөн зогсоол байдаггүйгээс эцэг, эх нь автомашинтай явж байхдаа “Энд зогсож байна, хурдан гүйгээд ир” гэдэг юм билээ. Тэгээд хүүхдүүд гүйж байгаад автомашинд шүргүүлж, бэртэж гэмтдэг. Сургуулийн ойролцоо том хэмжээний зогсоол байх хэрэгтэй.
ЧИХЭВЧ, ГАР УТАСТАЙ ЯВУУЛАХ ХЭРЭГГҮЙ
С.ГАНЗҮГ (Сонгинохайрхан дүүргийн VII хорооны иргэн)
-Манайх 9, 12 настай хоёр хүүтэй. Тэд гэрээсээ 10 минут явах газарт буюу 67 дугаар сургуульд суралцдаг. Зам хөндлөн гарч сургууль руугаа ордог учраас санаа зовно оо. “Гарцаар гараарай, замын хөдөлгөөнийг анзаараарай” гэж их захидаг. Явган хүний гарц, гэрэл дохиотой боловч хүүхдүүд гарцгүй газраар гүйлдэх нь бий. Олонх хүүхэд чихэвч зүүж, утсаа оролдож явдаг болсноос анхаарал нь сарниад юу ч сонсдоггүй юм шиг. Ахлах ангийнхнаас бусад сурагчийг сургуульд нь гар утас, чихэвчгүй явуулмаар байна. Мөн хүүхэд бүрт цацруулагч хантааз өмсгөх хэрэгтэй. Гэр хорооллын сургуулийн орчимд тоос шороо ихтэй, өвөлд утаатай, эрт харанхуй болдог учраас бүх хүүхэд цацруулагчтай хантааз өмсөж, гар утас “маажихгүй”, жолооч нар хурдаа тохируулж явбал аюул бага байх болов уу.
ОРОН НУТГИЙН ЗАМД ЖОЛООЧ НАР “НИСДЭГ”
О.Мөнхцайх (“Говь-Алтай-Улаанбаатар” чиглэлийн автобусны жолооч)
-Улаанбаатарт түгжрэл ихтэй болохоор жолооч нар хурд багатай явж, тэр хэрээр зам, тээврийн осол гаргах нь цөөн байдаг болов уу гэж боддог. Хамгийн ноцтой ослууд орон нутгийн замд гардгийг анзаарсан болохоор хэлж байгаа юм. Бүх аймаг руу засмал зам тавьсан учраас автомашинууд “нисдэг” болжээ. 150 км/цагаас дээш хурдтай явдаг шиг байна. Зарим жолооч цонхоороо хүүхдүүдийнхээ толгойг гаргачихсан явдаг. Манай улсын авто зам дагуу суурин газар ховор, хөдөө, зэлүүд учраас зам дээр мал, амьтан гарч ирэх, үерийн уснаас үүссэн энхэл донхолд хэт хурдтай явбал онхолдох аюултай. Ер нь орон нутгийн замд 80 орчим км/цагийн хурдтай явж, замын хөдөлгөөнд соёлтой оролцох хэрэгтэй.
ОРОХ ГАРЦ ХААЖ БАЙШИН, ГАРААШ БАРЬСАН
Т.БАЯРТ (Баянгол дүүргийн XIX хорооны иргэн)
-Манай хүүхдүүд 47 дугаар сургуульд суралцдаг. Сургууль руу хойд талаас нь орох хаалга байхгүй, явган хүний замыг нь таллаад гарааш барьчихсаныг харж байгаа биз. Бас орон сууцууд дундах нарийн замаар жолооч нар маш хурдтай явдаг. Автомашины тоо хэт ихэссэн, явган хүний гарц, сургууль, хороолол руу орох орцыг таглан барилга, гарааж барьсны уршгаар ялангуяа хүүхдүүд сургууль, гэрийнхээ ойролцоо зам, тээврийн осолд өртдөг. Манай дүүргийн XVIII, XIX хорооны нутаг дахь олон гараашийг буулган, нэмж барилга бариулахгүй байгаасай. Үүнээс гадна эцэг, эхчүүд хүүхдээ автомашины урд суудалд, эсвэл зориулалтын суудалгүй зорчуулдаг. Осол болбол, огцом тоормослоход хамгийн түрүүнд урд суусан, хамгаалалтын бүс зүүгээгүй хүн шидэгддэгийг мэдэхгүй гэж үү. Ер нь үр хүүхдэдээ зам, тээврийн осол, эрсдэлийн талаар ойлгуулж, өөрсдөө зөв үлгэр үзүүлэх хэрэгтэй.
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Сургуулийн эргүүлээр сурагч ажиллаж байв
Ерөнхий боловсролын сургуулийн орчимд замын нөхцөл байдал ямар байна, “School police” үүргээ хэрхэн биелүүлж буй, эргэн тойронд нь хэчнээн замтай, тэмдэг, тэмдэглэгээ хэр тавьсныг сурвалжиллаа. Баянбүрдээс Дэнжийн 1000 хүртэлх замд хэд хэдэн сургууль бий. Тухайн газарт зам, тээврийн осол цөөнгүй гардаг аж. Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, ахлах дэслэгч Г.Бат-Эрдэнэ автомашин нааш цааш хурдтайгаар сүлжих тэр замд бидэнд хөтөч хийж, ажилд минь тусаллаа. Замын голд зогсож, хэдэн зуун автомашины хөдөлгөөн зохицуулна гэдэг амаргүй юм. Ялангуяа салхитай, хүйтэн өдөр байсан тул эл ажлыг мэргэжлийн бус хүн хийнэ гэж саналтгүй ажээ. Замын голд “ажиллаж” автомашинуудыг хэсэг ажиглав. Жолооч нар суудлын бүсээ зүүхээс гадна хүүхэд тээвэрлэхдээ зориулалтын суудал ашиглаж хэвшжээ. 30-аад минутад ямар нэг зөрчил гарсангүй.
Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль орчимд очлоо. Тус сургуульд “School police”- ын үүргийг найман хүн гүйцэтгэж байв. Тэдний нэг нь ахлах ангийн сурагч. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, сургуулийн эргүүл хийх хуваарьтай эцэг, эх ажилтай бол хагас өдрийн цалинтай чөлөө олгохоор хуульчилсан. Гэтэл жилд ганц удаа тохиох эл үүргээ гүйцэтгэхдээ зарим хүн цааргалдаг аж. Үүнээс гадна сургуулийн насны хүүхдүүдтэй, завгүй эцэг, эхчүүдэд зориулсан “School police” үйлчилгээ үзүүлдэг газар ч байгуулагдсан. Ийм байтал эцэг, эхчүүд түмэн шалтгаан тоочдогийг дээрх сургуулийн багш, ажилтнууд хэлэв.
Сургуулийн хашаанаас бага насны 4-5 хүү гүйн гарч ирлээ. Хэнтэй яваа нь мэдэгдэхгүй тал тал тийшээ гүйлдээд алга болов. Хоёр, гурав нь автобусанд асран хамгаалагчгүйгээр суучихлаа. Харагдах байдлаараа гурав юм уу, дөрөвдүгээр ангид сурдаг хүүхдүүд бололтой юм. Ахлах дэслэгч Г.Бат-Эрдэнэ тус сургуулийн нийгмийн ажилтан Б.Мөнхцэцэгтэй уулзаж, хүүхдүүд эцэг, эхийн хяналтгүйгээр сургуулиас гарч буйг анхааруулав. Ерөнхий боловсролын сургуулиудад “Гараас гарт” хөтөлбөр хэрэгжүүлж буй. Энэ талаар дээрх сургуулийн нийгмийн ажилтнаас тодруулахад “Сургуульдаа замын хөдөлгөөний танхим байгуулсан. Хүүхдүүдээс гадна “School police” нарт ч замын хөдөлгөөний хичээл ордог. Ер нь эцэг, эхчүүд багштай уулзаж, гарын үсгээ заавал зурж хүүхдээ авдаг. Хамгийн гол нь зарим хүн ангийн хаалгаар гарав уу, үгүй юү “За, миний хүү өөрөө дэгдээд харьчих” гээд хүүхдээ ганцааранг нь явуулчихдаг. Жишээ нь, өнгөрсөн жилийн аравдугаар сард нэг ээж багшаас дөрөвдүгээр ангийн охиноо хүлээж авсан байгаа юм. Ингээд хүүхдээ ганцааранг нь автобусанд суулгаж явуулсан гэсэн. Харамсалтай нь, хүүхэд Дэнжийн 1000 захын дэргэдэх автобусны буудалд бууж, зам гарахдаа машинд шүргүүлсэн. Золоор ноцтой бэртэл аваагүй. Зам, тээврийн ослын шалтгааныг сургуулийн хэмжээнд судлахаар ихэвчлэн эцэг, эхийн хариуцлагагүйгээс үүдсэн байдаг” гэлээ. 39 дүгээр сургуулийн эргэн тойронд таван зам бий. Зурагт, “Шинэчлэл” хороолол руу салсан, голын гэхчлэн замтай. Тиймээс энэ орчимд зам, тээврийн осол их гардаг. Угаас зарим зам нь явган хүний гарцгүй шахам, тэмдэг, тэмдэглэгээ ч муутай аж. “School police”, “Гараас гарт” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр хүүхэд замын осолд орох нь харьцангуй багасжээ. Гэхдээ л өнгөрсөн онд тус сургуулийн гурван сурагч зам, тээврийн осолд өртсөн аж. Хүүхэд асран хамгаалагчгүйгээр хашаанаас гарч буйд хяналт тавихыг эргүүлд гарсан эцэг, эхчүүдэд анхааруулаад, 61 дүгээр сургуулийг зорив. Тус сургууль гэр хорооллын дунд байрладаг, урдуураа ганц нарийн замтай аж. Мөн дээрх хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд сүүлийн хоёр жилд зам, тээврийн осолд хүүхэд өртөөгүй нь сайшаалтай. Гэхдээ тухайн сургуульд зорилтот бүлгийн эрсдэл их гэсэн тодорхойлолтод хамаарах хүүхдүүд суралцах нь элбэг. Зарим эцэг, эх 6-10 хүртэлх насны хүүхдээ авахаар ирэхдээ согтуу байх нь цөөнгүй. Тухайн сургуулийн урдуурх зам тэмдэг, тэмдэглэгээ сайтай нь нүднээ илт байлаа.
Хүүхэд зам, тээврийн ослоор өөд болох, гэмтэх хэрэг ихэссэн нь томчуудын буруу гэдгийг уулзсан багш, ажилтнууд хэлж байна. Цагдаагийн байгууллагын ажилтан ч үүнийг баталсан. Товчхондоо, хүүхдээ ганцааранг нь хичээл сургуульд нь явуулдаг, үгүй бол 11 настай хүүхдэдээ 10-тай дүүг нь даатгадаг. Эсвэл хүүхдээ сургуулиас нь авдаггүй гэх мэтээр хайнга ханддаг аж.
Бэлтгэсэн: Д.Мягмаржаргал
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Э.ЭНХБОЛД: Орон сууцын хороолол дундах замд багачууд гэмтэж, амиа алдах тохиолдол нэмэгдсэн
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хошууч Э.Энхболдтой ярилцлаа.
-Зам, тээврийн ослоор манай улсад жилд 500 хүн амиа алддаг гэсэн “том” тоо бий. Үүний цөөнгүй нь хүүхэд. Тэд осолд өртөж байгаа гол шалтгаан юу вэ?
-Замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөө буруугүй хэрнээ хохирдог хүмүүс бол хүүхэд. Тэдний аюулгүй байдал эцэг, эх, асран хамгаалагч, жолооч нараас ихээхэн шалтгаалдаг. Өнгөрсөн онд зам, тээврийн ослоор 49 хүүхэд амиа алдсан. Гэтэл энэ оны эхний есөн сарын байдлаар уг тоо 50 болж нэмэгджээ. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа жигдэрсэн, халтиргаа, гулгаатай үе буюу 9-12 дугаар сард хүүхэд зам, тээврийн осолд өртөх эрсдэл өндөр байдаг. Гэтэл есдүгээр сар дөнгөж дундаа орж байхад зам, тээврийн ослоор нас барсан хүүхдийн тоо өмнөх жилийнхийг давчихлаа. Энэ нь хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарахгүй бол болохгүйг сануулсан “дохио”. Нас барсан 50 хүүхдийн гурав нь Улаанбаатар хотынх. Тэдний хоёр нь 0-7 настай байсан нь асран хамгаалагчийн хайхрамжгүй байдалтай шууд холбоотой. Гэмтсэн 355 хүүхдийн 232 нь нийслэлд осолд өртжээ. Замын хөдөлгөөний дүрэм, журам зөрчсөнөөс осол гардаг. Ослын 159 нь жолоочийн буруугаас болж гарсан байна. бусад нь эцэг, эхчүүдийн хариуцлагагүй үйлдэлтэй холбоотой. 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог. Гэтэл 10 нас хүрээгүй хүүхдийг ганцааранг нь, эсвэл ах, эгч гээд нэг, хоёрхон насны зөрүүтэй хүүхэдтэй хамт сургууль руу нь явуулчихдаг. Түүнчлэн хуулиараа 14 нас хүрээгүй хүүхэд унадаг дугуй унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог. Гэсэн ч энэ онд бага насны таван хүүхэд автомашины зам дээр унадаг дугуйтай явж байгаад осолдсон. Мөн 25 хүүхэд гарцгүй газраар зам хөндлөн гарч яваад автомашинд мөргүүлж гэмтсэн байна. Насанд хүрэгчид замын хөдөлгөөний дүрмийн талаар хүүхдэдээ сайн заах хэрэгтэй. Орон нутагт энэ онд зам, тээврийн ослоор 123 хүүхэд гэмтэж, 47 нь амиа алдсан. Тэдний 19 нь гэр бүлээрээ амарч, зугаалж явсан бол 0-7 насны 20 хүүхэд хашаан дотроо машинд дайруулж эндлээ. Зургаан хүүхэд зам хөндлөн гарч яваад машинд мөргүүлж нас барсан. 12, 15 настай хоёр хүүхэд мотоциклтой онхолдож амиа алдлаа. Эцэг, эхчүүд хүүхдээ бусдад даатгадаг, мэдээ, сэрэмжлүүлгийг тоолгүй өнгөрүүлдгээс үр хүүхдээ хохироож байна.
-Хүүхэд хашаандаа автомашинд дайруулж амиа алдсан 20 ослын долоо нь Дорнод аймагт гарсан. Үүний дараахан цагдаагийн алба хаагчид сэрэмжлүүлэг, мэдээлэл багагүй тараасан байх аа?
-“Бяцхан зорчигч” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулсан. Хүүхэд машинд мөргүүлж, эндсэн дүрс бичлэгийг эцэг, эхчүүдэд үзүүлж, ухуулах хуудас тараасан. Машинаа асаахаасаа өмнө эргэн тойронд нь хүүхэд бий, эсэхийг шалгах хэрэгтэй. Хэдхэн хором зарцуулах үйлдлийг хэвшил болгоогүй, хэнэггүйгээсээ болж хайртай үрсийнхээ амийг хохироож байгаа нь маш харамсалтай. Хэрэв эцэг, эхчүүд, асран хамгаалагчид автомашинаа хөдөлгөхдөө анхаарал болгоомжтой байсан бол 20 бяцхан зүрх зогсохгүй байв. Зам, тээврийн ослоор амиа алдсан хүүхдийн тоо энэ хэрээр цөөрөх байлаа. Мөн автомашинаар зорчихдоо хүүхдэдээ хамгаалах бүс зүүлгэж, замын голд бус, аюулгүй газарт буулгаж хэвших хэрэгтэй.
-Анхаарал, болгоомжгүйгээсээ болж хүүхдээ хохироосон эцэг, эхэд ямар хариуцлага тооцдог вэ?
-Зөрчлийн тухай хуулийн 14.7-д заасны дагуу 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан бол тухайн хүнийг 50 000 төгрөгөөр торгодог. “Торгууль нь хэд вэ” гэж жолооч нар их асуудаг. Хамгийн гол нь энэ заалтыг зөрчсөнөөр та өөрийн болон өрөөлийн хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аюулд оруулж байгаагаа ойлгох хэрэгтэй.
-Авто замтай ойрхон сургууль, цэцэрлэгт осол их гардаг. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар ямар арга хэмжээ авсан бэ?
-Сургууль орчмын замыг хурд сааруулагчтай болгож, “School police” арга хэмжээг зохион байгуулснаас хойш сургуулийн ойр орчимд хүүхэд машинд мөргүүлэх тохиолдол буурсан. Харин гэрийнхээ ойр орчим, орон сууцын хороолол дундах замд осолд өртөж, гэмтэх, амиа алдах тохиолдол нэмэгдлээ.
-Хүүхэд, багачуудыг замын хөдөлгөөнд соёлтой, зөв оролцуулах, эрсдэлээс хамгаалах чиглэлээр танай байгууллага цөөнгүй ажил хийдэг. Энэ талаараа товч мэдээлэл өгөхгүй юү?
-ЦЕГ-аас “Хичээл эхэллээ” арга хэмжээ зохион байгуулсан. Манай алба хаагчид есдүгээр сарын 1-нд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, сургууль, цэцэрлэгийн ойр орчмын замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрэл дохио, явган хүний гарцыг гэрэлтүүлэх ажлыг нь шалгаж, шаардлага хангаагүй байгууллагад мэдэгдэл хүргүүллээ. Мөн 10 хүртэлх насны хүүхдийг эцэг, эхчүүд заавал багшид, багш аав, ээжид нь хүлээлгэн өгөх гэрээг сургуулийн менежерүүдтэй байгуулсан. Мөн багш, эцэг, эхчүүдэд зөвлөмж өгсөн. Түүнчлэн хүүхдийн автобусны жолооч нарт аюулгүй ажиллагаа, анхаарах асуудлын талаар сургалт зохион байгууллаа. “School police” буюу сургуулийн эргүүлд гарч буй эцэг, эхчүүдэд “Жолооч та зам тавьж өгнө үү” гэсэн санамж бүхий дарцаг олгож байна. Давуу эрхтэй явган зорчигчид зам тавьж өгөхгүй байгаа жолоочид арга хэмжээ тооцож буй. Мөн “Сүүдэр бүү тусга” хэмээх хүүхдийн эрхийг хамгаалах аяныг аравдугаар сарын 10 хүртэл зохион байгуулна.
Бэлтгэсэн: Ч.Болортуяа
ДЭЛХИЙН ЖИШИГ
Ухуулж, сурталчлахад олон нийтийг хамруулах нь тэдний сэрэмжийг дээшлүүлдэг
Эдийн засгийн хувьд хөгжингүй орнуудын дийлэнхэд осол гарахтай тэмцэхээр иргэд, байгууллагуудыг нэгтгэсэн холбоо олонтой аж. Тэр дундаа хүүхэд, өндөр настан, явган зорчигч, унадаг дугуй, мотоцикл, автомашин сонирхогчдын гээд замын хөдөлгөөнд оролцогч тус бүрийн эрх ашгийг хамгаалах байгууллага олон гэнэ. Гэсэн ч улс орнууд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ослын түвшнийг бууруулах талаар ижил үйл ажиллагаа явуулдаг аж. Тухайлбал, иргэдийг мэдээллээр хангах ажлыг сайжруулах, замын хөдөлгөөний тухай хуулийг хэрэгжүүлэхэд хүүхэд төдийгүй насанд хүрэгчдийг хариуцлагатай хандаж сургах, тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх, мэргэшлийг дээшлүүлэхэд тавих шаардлагыг чангатгах, хөдөлгөөний зохион байгуулалт, замын дэд бүтцийн чанарт нийтээр хяналт тавихад анхаарч байна.
Европын Холбооны орнуудад хамгийн түгээмэл кампанит ажил нь замын хөдөлгөөнд оролцогчийн хувиар хүүхдийн амь, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн аж. Польшид жишээлбэл, хүүхдийн “Армадилло хамгаалах бүс зүүгч” клуб автомашинд зөв суусан багачуудыг тоглоомоор шагнадаг. Германд болсон ийм ажлын үеэр 65 мянга орчим тоглоом тараасан байна. Тус тивийн орнуудад хүүхэд тээвэрлэхэд ашигладаг хэрэгслийн хэрэглээний түвшин өндөр байдаг нь идэвхтэй тайлбарлах, хүмүүжүүлэх аргын ач тус аж. Тухайлбал, Британи, Шведэд хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх үзүүлэлт 95, Австралид 90, АНУ-д 86 хувьтай байна. Энэ нь зам, тээврийн ослын үеэр хүүхэд гэмтсэн үзүүлэлтийг үлэмж бууруулжээ.
Гадаадын орнуудад хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах ажлыг Замын цагдаа, Тээврийн болон Боловсролын яам, олон нийтийн байгууллага, сайн дурынхан хариуцдаг. Герман, Финланд, Хятад, Япон зэрэг улсад замын хөдөлгөөний аюулгүй байдлын сурталчилгаа хүүхдийг осол, гэмтлээс сэргийлэхэд голчлон чиглэжээ. Европын орнууд, Австрали, АНУ-тай харьцуулбал хүн амын тоо, замын ачаалал ихтэй Японд осол, эндэгдлийн үзүүлэлт маш бага. Энэ нь төрөөс уг салбарын талаар баримталдаг зөв бодлого, замын хөдөлгөөний талаар ухуулан таниулах болон сэргийлэх арга өндөр түвшинд хүрсэнтэй холбоотой. Японы Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хүрээлэн нийгмийн бүх давхаргад бат бөх түшиг тулгуур болдог. Тус хүрээлэнгийн үйл ажиллагаа дунд сургуулиас эхэлдэг. Олон оронд байдаг хүүхдийн замын клубүүдээс явуулдаг ажлын ач холбогдлыг мэргэжилтнүүд өндөөр үнэлдэг. Японд тийм клубүүд 1970, Британид 1990 онд байгуулагджээ. АНУ, Израилд сурталчилгаа болон сэргийлэх ажлыг сайн дурынхныг татан оролцуулах замаар цагдаагийн ажилтнууд зохион байгуулдаг гэнэ.
Олон улсын туршлагаас үзвэл хүүхдэд замын хөдөлгөөнд оролцогчийн хувиар замаар аюулгүй зорчих дүрмийг сургаж, ойлгуулах, учирч болзошгүй эрсдэл, хувийн болон эргэн тойрны хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж сургахыг чухалчилж байна. Мөн хүүхдийг ослоос сэргийлэх талаар явуулсан арга хэмжээг олон нийтийн оролцоотой дүгнэх нь тэдний сэрэмжийг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй аж.
Эх сурвалж: Unuudur.mn