ОРОН НУТГИЙН ЗАМ ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ-2020
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС “ОРОН НУТГИЙН ЗАМ ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ-2020” УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ УЛС, ОРОН ДАЯАР ЭХЛҮҮЛЛЭЭ.
Орон нутгийн замд гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнд оролцож байгаа иргэд, жолооч нарт зам тээврийн осол гарахад нөлөөлдөг шалтгаан, нөхцөлийг ойлгуулж, хөдөлгөөнд оролцогчдын эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, жолоочийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөнд оролцох зөв дадал, хандлагыг бий болгох замаар иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл 2020” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ.
Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах ажлын алба, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран 21 аймгийн салбар байгууллага, нутаг дэвсгэр дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын удирдлагуудтай цахим хурлыг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Тус цахим хуралд Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнх-Итгэл, Авто тээврийн үндэсний төв /ТӨҮГ/-ын дэд захирал Ц.Эрдэнэчулуун, тус төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос болон албаны бусад хүмүүс оролцож, удирдлагуудаас хуралд суусан бие бүрэлдэхүүнд 2020 оны эхний хагас жилийн зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдал, шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл хүргэж, урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагуудыг хуулийн хүрээнд татан оролцуулж, хариуцсан нутаг дэвсгэртээ үр дүнтэй зохион байгуулж ажиллах талаар үүрэг, ажлын чиглэл өглөө.