ЦАГДААГИЙН ХОШУУЧ Б.ӨНӨРБАТ: МАЛЧДЫГ ЖОЛООНЫ СУРГАЛТАД ХАМРУУЛАХ АЖЛЫГ ЭНЭ САРААС ЭХЛҮҮЛСЭН
Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Өнөрбаттай ярилцлаа.
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зам тээврийн осол буурахгүй байна. Танай аймгийн хэмжээнд нөхцөл байдал ямар байна вэ?
-Аймгийн хэмжээнд энэ оны эхний таван сарын байдлаар зам тээврийн ослын шинжтэй 37 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, хоёр хүн амиа алдсан. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 81.8 хувиар буурсан үзүүлэлт. Зам тээврийн ослоос шалтгаалаад аймгийн хэмжээнд 13 хүн хөнгөн, хүнд хэлбэрээр гэмтсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 23.7 хувиар өссөн байгаа юм. Цагдаагийн байгууллага энэ тоог бууруулах, нэг ч гэсэн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахын төлөө хяналт шалгалтаа 24 цагийн турш гүйцэтгэж байна.
Хагас жилийн байдлаар аймгийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 295 тохиолдол бүртгэгдэж 209 жолооч жолоодох эрхээ хасуулан, 84 иргэн шүүгчийн шийдвэрээр 7-30 хоногийн хугацаагаар баривчлагдсан. Баривчлагдаж байгаа хүмүүс нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, үгүй бол огт жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу жолооч биш хүмүүс гэсэн үг.
-Коронавирустэй холбоотойгоор жолооч нарын согтуурлын хэмжээг багаж үлээлгэж шалгахгүй байгаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Жолооч нарыг олноор нь зогсоож нэг дор шалгаж бөөгнөрөл үүсгэхгүйгээр хяналт, шалгалтыг зохион байгуулж байгаа. Түүнээс огт шалгалт хийхгүй, согтуу жолоочийг дураар нь явуулаад байсан зүйл байхгүй. Бид Герман Улсад үйлдвэрлэсэн согтуурлын зэрэг тогтоох багажаар жолооч нарыг шалгаж байгаа. Тухайн багажийг жил бүр Улаанбаатар хотод Стандарт, хэмжил зүйн газар дээр очиж, шалгуулж баталгаажуулдаг.
Тухайн багаж маань нэг удаагийн урт, богино хоёр төрлийн хошуутай. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрсөн хошуу байгаа. Нэг жолоочид нэг л хошуу хэрэглэнэ. Тухайн хошуу лацтай, ариун цэврийн шаардлага хангасан байдаг. Үлээлгэсэн хошууг нэгдсэн журмаар устгалд оруулж байгаа.
-Эмэгтэй жолооч нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох, давтан үйлдэж баривчлах шийтгэл авч байгаа тохиолдол гарсан мэдээлэл байсан?
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 295 зөрчлийн 290 буюу 98.7 хувь нь цагдаагийн алба хаагчид гудамж замын хяналтаар илрүүлсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дээрх зөрчлийн илрүүлэлт өссөн. Гэхдээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргах зөрчил нэмэгдэх хандлагатай байна. 2019 оны эхний зургаан сарын байдлаар 11 эмэгтэй жолоочийн зөрчил бүртгэгдэж, байсан бол энэ оны эхний зургаан сард 26 зөрчил бүртгэгдэж 24 эмэгтэй жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, хоёр иргэн шүүгчийн захирамжаар баривчлагдсан.
Иргэдэд анхааруулж хэлэхэд, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэдэг маань санаатай үйлдэл. Учирч болох эрсдэлийг мэдсээр байж согтуугаар жолооны ард сууж тээврийн хэрэгсэл жолоодох гэдэг хувь хүний ухамсар, төлөвшилтэй холбоотой. Дээрх зөрчил гаргасан жолооч нарын золиос болж, дүрмээрээ хөдөлгөөнд оролцож байгаа олон хүн зам тээврийн ослын хохирогч болдог.
-Орон нутагт согтуугаар мотоцикл жолоодож, осолд орох, улмаар амиа алдах хэрэг олон гардаг. Үүн дээр хэрхэн анхаарал хандуулж байна вэ?
-Мотоцикл хөдөөний малчдын өдөр тутмын хэрэглээ болсон. Гэхдээ мотоцикл бол техник. Тийм учраас үйлдвэрлэгчээс тогтоож гаргасан стандарт гэж байгаа. Унаж яваа мотоциклийнхээ хурдыг замын нөхцөл байдалдаа тохируулж, хамгаалах малгай өмсөөд, архи, согтууруулах ундаа хэрэглэлгүй жолоодоод явбал эрүүл мэнд, амь насаараа хохироод байхгүй шүү дээ. Хөдөө суманд хяналт шалгалтаар мотоциклтэй нөхдүүдийг зогсооход хөл дээрээ тогтож чадахгүй, хаанаас хаашаа явж байгаагаа мэдэхгүй, өөрийгөө хянах чадваргүй болчихоод явж байгаа тохиолдол олон гарч байна.
Дээр нь ардаа эхнэр, хүүхдээ суулгачихсан байдаг. Гэр бүл бол хамгийн эрхэм үнэт зүйл. Гэтэл тэр хамгийн хайртай хүмүүсээ суулгаад согтуугаар машин, мотоцикл жолоодож явна гэдэг бол хатуугаар хэлэхэд тэднийгээ алах гээд аваад явж байна гэсэн үг. Гэр бүлээ ямар эрсдэлд оруулж байгаагаа тухайн жолооч ухамсарлахгүй байгаа нь харамсалтай. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь битгий хэл явганаар хөдөлгөөнд оролцох нь шууд эрсдэлд оруулдаг. Булган аймаг дахь Цагдаагийн газраас дээрх зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сумдад үүрэг гүйцэтгэж байгаа хэсгийн төлөөлөгч, цагдаа нар дээр аймгийн төвөөс замын цагдаагийн байцаагч, цагдааг байнгын нэмэгдлээр ажиллуулж байна.
Хяналт шалгалтыг дөрөвдүгээр сараас эхлэн эрчимжүүлсэн. Энэ оны эхний зургаан сарын байдлаар зөвхөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодож хөдөлгөөнд оролцсон 43 зөрчил бүртгэгдэж, 43 хүн шүүгчийн захирамжаар 7-30 хоногийн хугацаатайгаар баривчлагдсан. Мөн улсын үзлэг тооллоготой холбогдуулан аймгийн Авто тээврийн газартай хамтран тухайн суманд хөдөлгөөд оролцож байгаа мотоциклийг улсын дугаартай болгох бүртгэх ажил явагдаж байна. Бид сумдад очиж малчдыг жолооны сургалтад хамруулах ажлыг энэ сараас эхлэн зохион байгуулсан.