ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА
Шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ийн тархалтын нөхцөл байдалтай уялдуулан хүн амыг болзошгүй аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гарсан шийдвэртэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн тушаалаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнийг энэ оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжүүлж, мөн хугацааг 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан.
Шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх үүрэг бүхий Шуурхай удирдлагын штабыг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн ажиллуулж, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газартай хоёр цаг тутам онцлог мэдээ, мэдээлэл солилцон хамтран ажиллаж байна.
Улсын онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоох тухай” 05 дугаар тогтоолын дагуу Монгол Улсад коронавирус (COVID-19)-ийн халдварын анхны батлагдсан тохиолдол Франц Улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн тул халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл, аймаг сумаас гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг энэ оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 07.00 цагаас 03 дугаар сарын 16-ны өдрийн 07.00 цаг хүртэл түр зогсоосонтой холбогдуулан зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж байна.
Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрийг бүсчлэн хаах, зорчигч тээврийн зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах төлөвлөгөө, ажил үүргийн хуваарь, зураглалын дагуу энэ оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 07.00 цагаас 03 дугаар сарын 12-ны өдрийн 06.00 цагийн байдлаар нийслэл хот руу нэвтрэх 4216 тээврийн хэрэгсэл, 11892 иргэн, нийслэл хотоос гарсан 2783 тээврийн хэрэгсэл, 7700 иргэн, нийслэлийн алслагдсан дүүргүүд болон аймаг, сумын төвүүд рүү орох чиглэлд 11574 тээврийн хэрэгсэл, 33416 иргэн, гарах чиглэлд 9214 тээврийн хэрэгсэл, 26781 иргэн буюу нийт 27787 тээврийн хэрэгслээр 79789 иргэнийг тус тус шалган нэвтрүүлэхэд хоногт 1019 цэгт 883 цагдаагийн алба хаагч, холбогдох мэргэжлийн байгууллагын 2388 албан хаагч, ажилтнуудтай хамтран эрүүл мэндийн чиглэлээр тандалт хийж, урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч ажиллалаа.
Улсын хэмжээнд нийтийн хэв журам сахиулах явган эргүүлд 113 чиглэлд 173, машинт эргүүлд 23 чиглэлд 46 алба хаагч, нийслэлийн хэмжээнд нэмэгдлээр 143 хэсгийн байцаагч, 135 хорооны цагдаа, олон нийтийн 89 цагдаа үүрэг гүйцэтгэж байна.
Халдварт өвчин судлалын Үндэсний төвд 153, “Асралт мед” эмнэлэгт 49, Цэргийн төв эмнэлэгт 85, Онцгой байдлын ерөнхий газрын “Жаргалант” сэргээн засах, давтан сургалтын 113 дугаар ангид 40, “Багабаян” цэргийн амралтад 132, “Энхсаран” амралт, сувиллын газарт 31, Сэлэнгэ аймагт 97, Дархан-Уул аймагт 63, Дорноговь аймагт 100, Баян-Өлгий, Өмнөговь, Булган, Увс аймагт тус бүр 1, Дорнод, Хэнтий, Хөвсгөл аймагт тус бүр 2, Орхон аймагт 11, нийт 771 иргэн ажиглалтад, сэжигтэй тохиолдлоор Халдварт өвчин судлалын Үндэсний төвд 31, Налайх дүүрэгт 1 иргэнийг тус тус тусгаарлагдсан тул гадна орчинд 64 алба хаагч, 19 автомашинтайгаар хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна.
Үүссэн нөхцөл байдлын үед цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид хуулиар хүлээсэн нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй хангах үүргээ нэртэй биелүүлж байгааг Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос өндрөөр үнэллээ.