• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

Согтуу жолооч үхлийг хуурч чадахгүй!!!

2020-03-11
Согтуу жолооч үхлийг хуурч чадахгүй!!!

Сархад хэмээх савнаасаа бусдыг дийлдэг энэ ундааны уршгаар “дээлээ нөмрөх” хүний тоо жилээс жилд өсөн, олон хүний цогцсыг энгэр газар бараадуулах нь бараадуулж, суварганд оршоох нь оршоож байна. Тэдний цөөнгүй хэсэг нь согтуу жолоочийн балгаас болж цаг бусаар хорвоогоос оддог.

Нийслэлд архины хордлого гарлаа хэмээсэн нэгдүгээр сарын 17-21-ний өдөр гэмт хэрэг, дуудлага мэдээлэл, ГССҮТ-д хүргүүлэгсдийн тоо 50 хувь буурсан үзүүлэлтээс үзэхэд энэ идээ ямар уршиг тарьдаг вэ гэдэг нь харагдсан.

Монголчуудын шил шилээ дарсан олон баяр үргэлжилж буй энэ үед сархад хүртээд тасарч унах шахсан жолооч нар машин жолоодон хүний амь нас хохироосон явдал цөөнгүй гаргалаа. Хамгийн ойрын жишээ нь энэ сарын 6-ны даваа гаригт “Тоёота Ипсүм” маркийн автомашины жолооч Б архи хэтрүүлж уучихаад жолооны ард сууснаас аймшигтай осол гаргав.

Үүний улмаас цэцэг цэврүү шиг сайхан охиноо нэг айл алдлаа. Өдөр нь зэрэгцэн суугаад хичээл заалгаж байсан найз нь хамт олонтойгоо дахин хэзээ ч уулзахгүй болов. Үүний буруутан хэн бэ. Сархад руу л чихэх байх. Тэгвэл жолооч Б ч тэр, шилтэй цэнхрийг буруутгаж буй хэн бүхэн эндүүрч байна. Үүний буруутан нь жолооч та.

Түүнээс гадна жолоо барьж явааг нь мэдсээр байж архи уухыг тулгасан найз нөхөр, садан төрлийн хүмүүс нь ч буруутан. Архи уучихаад жолооны ард суухыг нь хорихын оронд “За ойрхон зуурт яав л гэж. Цагдаа нар баярын өдрүүдийн амралтаа эдэлж байгаа, баригдахгүй” гээд өөгшүүлж буй хамт уусан хүмүүсийн буруу асар их.

ШИНЭЛЖ ЧАДАЛГҮЙ ИДЭЭГЭЭ ХУРААСАН АЙЛ ОЛОН БҮҮ БАЙГААСАЙ

Монголчууд бид идээний дээд хэмээн лонхтой архийг дээдэлдэг ч үнэндээ гашуун энэ ундаа гай дагуулахаас гавьяа байгуулсан удаагүй гэдэгтэй олон хүн санал нийлэх нь гарцаагүй. Энэ ундаанаас л болж өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 3 хүртэл үргэлжилсэн сар шинийн баяраар 14 хүний амь нас хохирч, 48 хүн гэмтсэн. Сар шинийн өдрүүдэд хот, хөдөөг зорьж, элгэн садандаа золгохоор гарсан 13 хүний амь орон нутгийн замд хохирч, 10 хүн гэмтсэн. Дээрх тоон мэдээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад дуудлага мэдээлэл 46.9, зам тээврийн осол 31.3, гэмтсэн хүн 27.2 хувиар буурч, амь нас нь хохирсон хүний тоо 2.3 дахин өссөн гэсэн статистикийг Замын цагдаагийн албанаас тухайн үед нь мэдээлсэн билээ.

Сар шинээр аав ээж, ах дүү, амраг садандаа очиж золгохоор гарсан хүмүүс амар мэндээ ч мэдэлцэж чадалгүй, аймшигт мэдээ дуулгана гэдэг үнэхээр эмгэнэлтэй. Үүний бодит жишээ нь Төв аймгийн Борнуур сумын нутаг, “Урьхан” зоогийн газраас холгүй гарсан осол. Дархан-Уул аймгийн чиглэлд явж байсан ачааны автомашины жолооч Д согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад урсгал сөрснөөс болж нэг гэр бүлийн дөрвөн хүний амь нас хохирсны хоёр нь 10 ч хүрээгүй хүүхдүүд байлаа.

Дөрвийн дөрвөн хүний аминд хүрчихээд ослын газраас зугтаж, өөр машинд суун Дархан-Уулд айлд толгой хоргодож байсныг цагдаагийнхан нэн даруй илрүүлэн Төв аймгийн Цагдаагийн газрынханд шилжүүлэн өгөөд буй юм. Өдгөө сэжигтэн Д-г цагдан хорьж шалгаж буй талаар эх сурвалжууд хэлсэн. Түүнийг Баянчандмань сум дахь Замын цагдаагийн постын зохицуулагч-цагдаа нар шалгахад эрүүл байсан бөгөөд тэндээсээ цааш нэг их холдолгүй найз нөхөдтэйгөө нийлж, лонх сулласан талаараа мэдүүлсэн сурагтай.

Согтуу жолооч Д-гийн балгаар талийгаачдын ар гэрийнхэн сар шинэдээ бэлдэн зассан идээ, ууцаа хураан хоймортоо дөрвөн хүний зургийн өмнө зул асааж тахиа жилтэй золгосон нь гарцаагүй. Ийм аймшигт хэрэг өдүүлсэн түүний гэрийнхэн ч Цагаан сараа тэмдэглэж чадаагүй л болов уу.
ЗЦА-наас авсан мэдээллээр 2017 оны эхний хоёр сарын хугацаанд зам тээврийн ослын улмаас 50 эрдэнэт хүний амь хохирчээ. Тэдний долоо нь Улаанбаатарт, бусад нь орон нутгийн замд явж байгаад хорвоогоос буцсан байх юм. Амиа алдсан хүмүүсийн 10 хувь нь хүүхэд байжээ.

Ослын улмаас 149 хүн гэмтэж, бэртжээ. Улсын хэмжээний жил бүрийн статистикаас харж байхад осолд өртөж гэмтсэн хүмүүсийн олонх нь хөдөлмөрлөх насныхан байдаг юм билээ. Магадгүй дийлэнх нь өрх гэрээ тэжээдэг биз. Гэтэл зам тээврийн осол, согтуу жолоочийн балгаар тэжээдэг биш, тэтгүүлдэг хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа юм. Согтуу, соёлгүй жолооч нарын буруугаар олон айл өрх орлого олдог хүнгүй болж байгаа гэхэд хилсдэхгүй.

Дээр өгүүлсэнчлэн сар шинэдээ бэлдэн бүх л бэлтгэлээ базаагаад байсан айлууд шинэлж чадаагүй, эмгэнэлт үйл явдалтай золгосон тохиолдол ганц энэ биш. Шинэлэхийн зэрэгцээ ГССҮТ-д өвчтэй хүн сахиж, хоол цай бэлтгэн хонож өнжсөн нь ч байна.

Бас л Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж буй өөр нэгэн жишээг энд дурдъя. Төв аймгийн Баянцагаан сумын нутагт, Улаанбаатараас 121 км-т хоёрдугаар сарын 23-ны пүрэв гаригт “Хьюндай Соната-7” маркийн автомашин “Тоёота Приус”-тэй мөргөлдөж 28 настай эмэгтэй, 10 сартай хүүгийн хамт газар дээрээ амиа алдаж, есөн хүн гэмтсэн байна. Хэдийгээр жолооч нар нь согтуу байгаагүй ч, орон нутгийн замд хурд хэтрүүлдэг, хажуудаа хүмүүс суулган, тэр тусмаа хайртай гэр бүлийнхнээ авч яваагаа ойшоолгүй, ойворгон загнадгаас ийм ноцтой ослууд гарч байна.

2017 оны гуравдугаар сарын 1-нд буюу шинийн 3-нд Дархан-Уулаас Орхон аймгийн чиглэлд явсан “Соната-6” маркийн автомашин онхолдож зорчигч 17 настай хүүгийн амь нас хохирсон гэх зэргээр сар шинийн өдрүүдэд гарсан ослын цөөн хэдийг дурдахад ийм байна. Гэхдээ эрдэнэт хүний амь хохирч, тэр дундаа ид хийж бүтээх насандаа явсан хэн нэгэн сахилгагүй, соёлгүй, ухамсаргүй жолоочийн балгаар цагаасаа эрт ертөнцөөс хагацах нь аймшигтай.

УУЛГАЧИХААД, УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ НЬ ХУВААЛЦАХ СЭТГЭЛТЭН БАЙХГҮЙ

Шилтэй цэнхэрт хэт донтоогүй л бол хүн ганцаараа ууна гэж үгүй. Жолоо барьдаг хүн бол түүнийг ганцаараа хэтрүүлэн хэрэглэх нь юу л бол. Архины ширээний ард найз нөхөд, ажлын хамт олон нь голдуу байдаг. “Уухгүй, жолоо барьж яваа” хэмээн эелдгээр татгалзаж байхад найз нөхөд нь элдвээр гоочлон шахаж шавдуулаад уулгах явдал бишгүй.

ЗЦА-наас өнгөрсөн өвөл Дэнжийн мянга дахь Албадан саатуулах, баривчлах төвд саатуулагдсан жолооч нарын дунд явуулсан судалгаагаар олонх нь найз нөхөдтэйгөө архи уусан, талаас бага хувь нь ажлын хамт олонтойгоо сархад зооглосон хэмээжээ. Нэг л хүн эхнэртэйгээ муудалцаад архи уусан гэж хариулсан байгаа юм.

Тэгэхээр санаа нийлдэг, нийлдэггүй нөхөд цуглаж, сархдын шил ширээн доогуур хөглөрүүлээд эцэстээ нэг нь хэрэгтний ширээнд сууж, өргөст торны цаана хоригдох болж байна. Тийм нэгэн жишээг энд эш татъя. Уг осол Чингэлтэй дүүргийн нутагт гарчээ.

Нэг залуу гэртээ ээждээ хоол цайг нь бэлтгээд сууж байтал найз охин нь “автобусны буудал руу хүрээд ир” гээд дуудав. Мэдээж сэтгэлтэй бүсгүйгээ дуудахад цааргалаад байх нэгэн үгүй. Тэр залуу ч хоол ундаа хийж ээждээ барьчихаад “Ойрхон гарчихаад ирье” хэмээн машинаа асаан хөдөлжээ. Дуудсан газар нь очтол найз бүсгүй нь өөр бусад найз нар нь ч “шоудаж” байсан гэнэ. Улмаар дурлалт залууд хундага мэлтэлзүүлэн барьсан аж.

Нэлээд удаан наргисны эцэст хоорондоо нанчилдаж, тэр залуу уурын мунхаг, архины аагаар машинаа жолоодоод давхижээ. Ингэж яваад хүн дайрчихав. Хүн тээвэрлэж явсан микро автобусны жолооч ослыг хармагцаа хойноос нь хөөжээ. Гүйцэж түрүүлэн урд нь очиж зогсож байж согтуу залууг саатуулан цагдаагийнханд хүлээлгэн өгсөн байгаа юм. Осол гаргаж, хүний амь бүрэлгэсэн залуу мөрдөн байцаалтад “Найз охин маань дуудахаар нь очсон. Нийлж архи уусан, сүүлдээ найзуудтайгаа зодолдсоноо санаж байна. Хүн дайрсан гэдгээ огт санахгүй, юу ч мэдэхгүй байна” гэжээ.

Түүнээс цагдаагийнхан сархад зооглоход уруу татсан найз нар нь эргэж тойрч буй эсэх, учруулсан хохирлыг нь хуваалцах талаар санаа тавьж байна уу гэж асуухад “Хэн нь ч холбоо бариагүй” гэдгийг хэлжээ. Үүнээс үзэхэд уулгачихаад, учруулсан хохирлыг нь хуваалцах сэтгэлтэн байдаггүй гээд хэлчихэд нэг их буруудахгүй л болов уу. Хамт архи уусан хүмүүс нь их л сайндаа 2-3 удаа шоронд байхад нь эргэж тойрсон дүр эсгээд цаашдаа үзэгдэхээ ч болих вий.

Сэрэмжлүүлэг болгох үүднээс дахиад нэг жишээ татъя. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон Г хоёр ч хүний амь хохироожээ. Хан-Уул дүүргийн нутаг, Яармагт уг ослыг гаргасан бөгөөд драйгер үлээлгэхэд согтуурлын зэрэг нь 2.45 хувьтай буюу маш их хэмжээний согтолттой байсан гэнэ. Урт цагаанд инжаан хийж байсан Г мэдүүлэгтээ “Ээжийн минь төрсөн өдөр болоход нэг хоног дутуу байв. Тиймээс үсний даруулга хийж өгөх гээд ажлын ачаалал ихтэй байсан. Осол миний буруугаас болсон” гэжээ.

Нэг хохирогчийнх нь эгчийн өгүүлснээр осол болсон тухай дуулсан аав нь сэтгэл санаагаар унаж өвчнөө дийлэлгүй нас барсан гэнэ. Эдгээр жишээ авсан хэргүүдээр тогтохгүй хүний амь хохирсон бүх л ослын хавтаст хэрэг, шүүхийн мэдүүлгүүдийг сонсож байхад жолооч өөрийгөө л буруутгадаг. Архи уулгасан нөхдөдөө хэзээ ч бурууг чихдэггүй юм билээ.

Найз нөхөд нь “уучих энүүхэн хооронд цагдаа байхгүй, цагдаа найзыгаа дуудаад аргалуулчихна” гэх мэтээр уярааж уулгадаг, жолоо барьж яваа эрхэм өөрийн ухвар мөчид байдлаасаа болж сархад зооглочихдогийг хүн бүр мэднэ. Согтуугаар жолоо бариад 1-2 удаа цагдаад баригдалгүй өнгөрөх явдал бий. Цагдаа найзаараа аргалуулаад эрхээ хасуулалгүй, баривчлах байранд очилгүй өнгөрч ч болно. Гэхдээ олон хавар нэгэндээ гэж үг байдгийг ямагт санах хэрэгтэй.

Нэг удаа согтуу явж байгаад хүний амь хохироочихож мэднэ. Эсвэл өөрөө амиа алдаж ч магадгүй. Согтуу жолооч та үхлийг хуурч чадахгүй шүү дээ. Тиймээс амссан л бол автомашин бүү жолоодоорой. Олон баяр давхацсан, амралтын өдрүүд үргэлжилж байна. Архи уусан жолооч нарын тоо ч буурахгүй нь. Энэ сарын 4-5 буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 75 жолоочийг илрүүлжээ. Тэгвэл гуравдугаар сарын 6-нд 62, 8-нд 52 согтуу жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.

Гэвч согтуу эмэгтэй жолооч өчигдөр өглөө Сүхбаатарын талбайн хажуугийн замаар явж байгаад өмнөө явсан хоёр ч машиныг мөргөн хохирол учруулсан байгаа юм. Хотод ч яахав энэ мэтээр ЗЦА-ны дүүргүүдийн хэлтсийн алба хаагчид өдөр бүр шалгаж байна. Харин орон нутгийн замд согтуу жолооч их явж байгаа нь аймшигтай. Тиймээс орон нутгийн замын цагдаагийнхан ойр ойрхон эргүүл гаргаж, байнга драйгер үлээлгэж эхлээд байна. Дорнод, Багануур, Дорноговийн цагдаагийнхан энэ ажлыг эхлүүлсэн юм.

Урьдчилан сэргийлж, сануулж, анхааруулсаар байхад урхагт хар усыг хэрэглэн жолоо барьж яваад хүний амь нас хохироосон бол хүлээлгэх хариуцлагыг чангатгая гэсэн санал санаачилга иргэд гаргаж эхэлсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулбал санаатайгаар үйлдсэн хэрэг гэж үздэг болъё гэх хүн олон байна. Эрүүгийн хариуцлага ногдуулахаас гадна бүх насаар нь жолоо барих эрхийг нь хасах санал ч байна.

Үнэхээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хүний амь нас, эрүүл мэнд хохироосон, жолоо барьсан алуурчинд ногдуулах хариуцлагыг чангатгах шаардлагатай байна. Өдгөө мөрдөж буй хуулиар энэ төрлийн хэргийн санамсаргүй үйлдэгдсэн гэж үзэн тав хүртэлх жилийн ял төлөвлөдөг. Өршөөл уучлалд хамрагдах, танил тал, ар өврийн хаалгаар ял шийтгэлээс мултарч, өөрийгөө хуураад өөр хүний нэрээр жолооны үнэмлэх гаргуулсан нэгэн ч байгаа гэдэгтэй санал нийлэх хүн олон.

Шүүхээс авсан мэдээллээр 2016 онд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 750 удаа гарсан нь өмнөх оныхоос 116 хэргээр буюу 15.5 хувиар буурсан. Ял шийтгүүлэгчдийн тоо 598 байгаа юм. Тэгвэл Тээврийн прокурорын газраас авсан тоон мэдээлэл өөр.

Тус газраас 2016 онд 1316 хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад хяналт тавьж ажилласны 1087 нь шинээр эрүүгийн үүсгэсэн байжээ. Нийт хэргийн 87.9 хувь буюу 1157 нь Улаанбаатар хотын Цагдаагийн газрын III хэлтсээс буюу ЗЦА-наас ирсэн байгаа юм. Энэ тоо баримтаас эрхэм уншигч та нэгийг бодож хоёрыг тунгаана биз ээ.

ЭХ СУРВАЛЖ: ӨНӨӨДӨР СОНИН