ГЭР ХОРООЛЛЫН АЛСЛАГДСАН ЗАМД ГЭМТ ХЭРГИЙН ЗӨРЧИЛ НЭМЭГДЭЖ БАЙНА
ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН /2019.01.25 №017/
СЭТГҮҮЛЧ М.МӨНХТУНГАЛАГ
“Дэнжийн мянга, Далан давхар орчмыг гарын хуруу шигээ мэддэг боллоо. Энд иргэдийн амьдралын орчин нөхцөл хэцүү. Дөрөвхөн настай хүүгээ дагуулсан, аав хаана гишгэж яваагаа ч мэдэхгүй болтлоо согтчихсон явахыг харах ямар хэцүү гээч. Хүүдээ жигнэмэг авч өгөх гэсэн юм гээд 200 төгрөг сарвайж байгаа согтуу аавыг гавлаж аваачаад эрүүлжүүлэхэд хийж чаддаг цагдаа байдаггүй юм. Халаасанд байгаа мөнгөөрөө хүүд нь идэх юм авч өгөөд аавынх нь хамтаар гэрт нь аюулгүй хүргэж өгсөн тохиолдол надад олон. Хүү минь буруу юм хийчихсэн байна. Миний хүүд чи л тусалж үз гээд үнэн учраа хэлээд хамаг амьдралаа тоочоод зогсох настантай олон таарч байлаа. Гэтэл бид торгож шийтгэхийг зорилго болгодог. Иргэдийн хэлдэг “Шидэт дохиур”-ын эзэд биш шүү дээ. Иргэн та ямар ч зөрчилгүй, өөрийн болон бусдын аюулгүй зорчих нөхцөлийг хангаж хөдөлгөөнд оролцож байгаа бол бид таны амрыг эрээд л явуулна. Даанч тийм ид шидийн, амар амгалан алга. Ямар нэгэн байдлаар л зөрчилтэй авто зам дээр давхиж байна. Цагдаа гэдэг бол таны амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндийг газар доороос гарч ирэх гайгаас хамгаалдаг хамгаалагч болохоос заналхийлэгч биш. Би өөрийн мэргэжлийнхээ үүрэг, зорилгыг ингэж л ойлгодог”. Энэ бол Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, Цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатын хэлсэн үг. Тэрбээр бага насны мөрөөдлөө мэргэжил болгож мэргэжлээ мэргэшил болгож яваа залуухан ахлах дэслэгч. Хэзээнээсээ л цагдаагийн амьдралын “адал явдал” бидний сонирхол татах түүхээр баялаг ч тэр бүр “зангиагүй” уулзаж зовлон, жаргалаа хуваалцаад байдаггүй. Тиймээс цагдаагийн ажлын хүнд бэрх, ажлын онцлог, үйл ажиллагааны гүйцэтгэлийг энэ удаагийн сурвалжлагаар уншигч танд хүргэхийг зорилоо. Бид Тээврийн цагдаагийн алба, Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн I хэлтэстэй хамтран Хайлааст, Чингэлтэй, Нарантуул-2 захын уулзвар орчим, Далан давхар, телевизийн бүсэд авто замын хөдөлгөөний зорчих хэсэгт үзлэг шалгалт хийлээ. Бидний ажил “Хаалт боолт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хэрхэн ажиллах тухай зааварчилгаа авснаар 22.00 цагт эхэлсэн юм.
УУЦ, БУУЗНЫ МАХ ТЭЭВЭРЛЭЖ ЯВАА ИРГЭДЭД ЧИРЭГДЭЛ УЧРУУЛАХГҮЙ
Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн I хэлтэс. 22 цаг 25 минут.
Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн I хэлтсийнхэн, Хэв журмынханы хамтарсан “Хаалт боолт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд авто зам дээрх шөнийн амьдралыг иргэд, олон нийтэд хүргэх, сар шинэ болж байгаатай холбогдуулан аюул, осол, хулгай, дээрмээс сэргийлэх хүрээнд 50-иад алба хаагч тодорхой постууд дээр ажиллаа. Ингэхдээ Замын цагдаа нар тухайн тээврийн хэрэгслийг бүрэн зогсоож харин Хэв журмынхан тээврийн хэрэгслийн ачаа тээшид үзлэг, шалгалт хийв. Ингэхдээ “Малын хулгайтай холбоотой гэмт хэргийн гаралт өндөр байгаа ч сар шинэ болж байгаатай холбоотой иргэд ганц, хоёр гулууз махаа тээвэрлээд явж байгаа. Ийм хүмүүсийг буруу тээвэрлэлт хийсэн байна гээд торгох, хүндрэл, чирэгдэл учруулахгүй байхыг анхаар. Үнэхээр олон тонн мах аччихсан яваа иргэнийг саатуулан шалгана. Бичиг баримтын бүрэн эсэхийг, махны гарал үүслийн бичгийг харна. Хамгийн гол нь ачаа, тээш чухал гэдгийг санаж ажилла. Хулгай хийж яваа хүн хэзээ ч хулгайн эд зүйлийг тэврээд явахгүй. Машинаар зөөвөрлөдөг болсон. Тиймээс үүнд анхаар” гэсэн зөвлөмжийг албаныхан алба хаагчдад өглөө. Мөн “Том оврын жийп машин зогсоогоод үзлэг хий. Зөвшөөрөлгүй, хэний эзэмшил болох нь мэдэгдэхгүй буу тээвэрлэж явах тохиолдол бий. Мөн сэжиг бүхий этгээдтэй таарвал алба хаагчид хар багажаараа дамжуулж эрэн сурвалжлагдаж буй эсэхийг нь шалгах бүрэн боломжтой. Иргэний бүтэн нэрийг хэлэхгүй иргэн О, иргэн Б гэсэн байдлаар иргэний эрхийг хангаж ажиллана. Цагдаа нар өөрсдийн аюулгүй байдлаа сайн ханга. Манай алба хаагчид хөдөлгөөнийг бүрэн зогсоосны дараа Хэв журмын алба хаагчид ачаа тээшид үзлэг хийнэ. Тээврийн хэрэгслийг бүрэн зогсоогоогүй байхад зам руу орж болохгүй. Зам дээр өвчтэй, согтуу, зовлонтой, гуньж гутарсан, хараа муутай хүн жолоо барьж явдаг юм. Ийм хүмүүсийн урдуур орж байж шүргүүлэх, дайруулах осол аваарт өртөж болзошгүй. Алба хаагчид баг болж ажиллана. Ингэхдээ Далан давхрын зам, Дэнжийн мянгын нарийн нам, телевизийн зам, Нарантуул-2 захын уулзвар, Хайлааст, Чингэлтэй, гэх мэт газарт ажиллана. 02.00 цагт алба хаагчид бууна. Эргээд нөхцөл байдлыг илтгэ” гэсний дагуу Замын цагдаагийнхны ажил эхэллээ.
МАШИН АЧ, НАМАЙГ ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД ХИЙ ХЭМЭЭН ДАНАЛЗСАН СОГТУУ ЖОЛООЧ НАР ОЛШИРЧЭЭ
23 цаг 26 минут. Дэнжийн мянга орчим.
“Хөргөгч ачсан, улсын дугааргүй портер зугатчихлаа” гэх мэдээлэл авав. Алба хаагч зөрчил гаргасан жолоочийг араас нь нэхсээр зогсоов. Жолоочийн тухайд бичиг баримттай ч дугаараа зүүж амжаагүй, нүүдэл хийж яваа учраас гэрийнхээ тавилгыг ачсан” гэх тайлбар өгөв. Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч Э.Өнөболд иргэдэд ийн сэрэмжлүүллээ. “Сар шинэ болох гэж байгаатай холбоотой хулгайн гэмт хэрэг, зам тээврийн осол аваар эхэсч байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох байдал нэмэгдсэн. Ийм байдлаас болж энгийн иргэд гэмт халдлагад өртөх, зам тээврийн ослын хохирогч болох эрсдэлтэй байна. Бидний хувьд дүүргийн хэмжээнд “Хаалт, боолт” арга хэмжээг авч ажиллаж байна. Хараа хяналт сул, гэр хороолол төвлөрсөн алслагдсан замуудад гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Тиймээс хулгайд эд зүйлээ алдах, хохирогч болох эрсдлээс сэрэмжлээрэй” гэлээ. Гэр хорооллыг хотын төв рүү дөтлөдөг энэ замд авто машины хөдөлгөөн өндөр юм. Гэвч зогсоосон таван машин тутмын нэг нь ямар нэг байдлаар зөрчилтэй байгаа нь эмзэглэл төрүүллээ. Учир нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эрчүүд олон байв. Тэд баригдсан даруйдаа алба хаагчид руу уурлах, агсамнах, бухимдлаа илэрхийлэх, ааш авир тогтворгүй байгаагаа илэрхийлсэн үйлдэл гаргаж байв. “Согтуу жолооч нар хамгийн хэцүү. Тэд юу хийж байгаагаа ухамсарлах чадваргүй болсон байдаг. Цагдаа нарыг барьж зодох, тээврийн хэрэгслээ онгорхой орхиод өөрөө зугатах гэх мэт үйлдэл гаргадаг. Эргээд цагдааг эрүүл мэнд, эд хөрөнгөд халдсан гэдэг байдлаар цагдаа, шүүхэд өгдөг. Мөн ийм хүмүүс жолооны ард сууж байгаа учраас үр хүүхэд, өөрийн амь насаа хамгаалж зам хөндлөн гарахдаа ямагт сэрэмжтэй бай” гэдгийг албаныхан зөвлөсөн юм. Үүний жишээ болгож тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийг алба хаагчид саатууллаа.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, Цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат “Иргэдийн хувьд цагдаа байхгүй учраас ингээд явчихая гэдэг байдлаар битгий хандаасай. Цагдаа бол таны гэр бүл, амь насыг бүрэн бүтэн байлгахад цаг наргүй ажиллах тангарагтай үүрэг гүйцэтгэгчид. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй юм уу, эрхээ хасуулсан иргэн, замын хөдөлгөөнд оролцсон зорчигчийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 200 мянган төгрөгөөр торгоод тээврийн хэрэгслийг түр журамлах байранд хийнэ” гэсэн юм. Харин энэ зөрчилтэй зэрэгцээд хүүхдээ хамгаалалтгүй тээвэрлэж яваа аав, ээжийг зогсоон шалгахад хоёр ширхэг гулууз махыг хоёр хүүхдийнхээ хамт машины хойд багаажны хэсэгт тээвэрлэж явсныг илрүүллээ. Энэ зөрчлийн тухайд нэлээд элбэг тохиолддог гэнэ. Зөрчлийн талаар Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч Э.Өнөболд “Улсын хэмжээнд жилд 1000 гаруй хүүхэд гэмтэж 50 гаруй хүүхэд зам тээврийн ослоор нас бардаг.Үүний гол шалтгаан бол эцэг, эх асран хамгаалагчид. Бид өөрсдөө хүүхдийнхээ амь насыг эрсдэлд оруулах алхмыг хийж байна. Тухайлбал, энэ зорчигчийн хувьд бага насны хоёр хүүхдийг машины арын багаажинд хоёр гулууз махтай хамт хольж ачсан. Урд талын суудалд ээж нь мөн бага насны хүүхдээ хамгаалах бүс, суудалгүй тэвэрсэн байдалтай хөдөлгөөнд оролцож байна. Ямар нэгэн зам тээврийн осол болоход эдгээр хүүхдүүд гэмтэх аюулд тун ойрхон явж байна. Энэ тохиолдолд Зөрчлийн хуулийн 17.45-д заасны дагуу 50 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авагдаж байна” гэв.
ГАРАЛ ҮҮСЭЛ ТОДОРХОЙГҮЙ МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ИХЭВЧЛЭН ШӨНИЙН ЦАГААР ТЭЭВЭРЛЭЖ БАЙНА
Нийслэлийн томоохон зах “Хүчит шонхор” байрладаг болоод ч тэр үү хулгайн мах тээвэрлэх байдал элбэг тохиолддог гэнэ. Ингэхдээ ихэвчлэн шөнийн цагаар, гэрэлтүүлэггүй, гэр хорооллын харанхуй замуудад тээвэрлэлтийн ажил хийгдэж байгааг алба хаагчид онцолж байна. Биднийг шөнийн сурвалжлага хийж буй энэ үеэр ч мөн их хэмжээний гулууз мах ачсан машиныг саатуулан үзлэг, шалгалт хийлээ. Энэ талаар ахлах дэслэгч Ч.Чимэдбат “Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн I, II хэлтэс хамтран хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, тээврийн хэрэгсэл ашиглан үйлдэгдэж байгаа хулгайн гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хамтран ажиллаж байна. Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж байгаа “Хаалт, боолт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд гарал, үүслийн бичиггүй, хулгайн эд зүйлс тээвэрлэж байгаа зөрчлийг таслан зогсоох, хэрэг, зөрчлийг бууруулахын төлөө ажиллаж байна. Ялангуяа, сар шинийн баяр дөхсөнтэй холбоотой тоо нь зөрсөн, кг нь зөрсөн, гарал үүслийн бичиггүй махыг шөнийн цагаар иргэд нэлээд тээвэрлэж орж ирдэг. Гарал үүслийн бичиггүй, мал, махан бүтээгдэхүүн хэнийх болох нь тогтоогдохгүй байгааг цагдаагийн байгууллагынхан шалгаж, хяналтаа сайжруулж ажиллаж байна. “Хаалт боолт” арга хэмжээ эхэлснээс хойш энэ төрлийн хэрэг, зөрчлийг нэлээд илрүүллээ. Иргэдийн хувьд алслагдсан гудамжаар, гэрэлтүүлэггүй, гэр хорооллын дундах замаар хөдөлгөөнд оролцоход цагдаа нар байдаггүй гэсэн байдлаар дүрэм зөрчих, дүрмийн бус үйл ажиллагаа явуулдаг. Тээврийн цагдаагийн алба энэ ажлын хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагатайгаа хамтраад гарч байгаа зөрчил, хэргийг таслан зогсоох, хяналт шалгалтыг хөдөлгөөнт байдлаар зохион байгуулж байна. Тиймээс иргэд “Бага зэргийн архи уусан учраас гэр рүүгээ ингээд ороё” гэдэг байдлаар битгий хандаасай. Алс бөглүү энэ газар хулгайн гэмт хэрэг үйлдэж байгааг хэн ч мэдэхгүй гэдэг байдлаар бүү хандаач” гэсэн юм.
Энэхүү шалгалтыг хийж байх явцад Чингэлтэй дүүргийн XIII хорооны нутаг дэвсгэрт буюу Хайлаастын замд зөвшөөрөлгүй, хуурамч дугаар ашигласан жолооч байна гэх дуудлагын дагуу очив. Гэтэл 50 гаруй насны жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй ч бусдын эзэмшлийн дугаар зүүж замын хөдөлгөөнд оролцож байгаад саатуулагдсан байв. Энэ талаар ахлах дэслэгч Ч.Чимэдбат “Шөнө оройн цагаар улсын хуурамч дугаар ашиглаж хөдөлгөөнд оролцох байдал элбэг тохиолддог. Хуурамч дугаартай этгээдүүд ихэвчлэн гэмт хэргийн шинжтэй асуудалд холбогдох нь элбэг. “Хюндэй Пит” маркийн авто машины зүүж байгаа хуурамч дугаар нь 3530 УБЗ дугаар байгаа. Яг өөрийн 7417 УНЭ гэх улсын дугаарыг тээшиндээ хийсэн байдалтай зорчиж явна. Жолоочоос хуурамч дугаарыг нь тодруулахад “Өчигдөр миний номер явдаггүй өдөр байсан. Хөдөлгөөнд оролцох зайлшгүй шаардлагатай байсан учир дугаараа авахаа мартаад хөдөлгөөнд оролцоод харихаар явж байна” гэсэн тайлбар өглөө. Дугаар гардаггүй өдөр гарах шаардлага гарсан тохиолдолд дээрх хуурамч дугаарыг зүүж хөдөлгөөнд оролцдог гэлээ. Улсын дугаар нь хуурамч юм уу, өөр хүний эзэмшлийн дугаартай хөдөлгөөнд оролцож байгаад осол гаргаад хэргийн газрыг санаатай, санаандгүй орхиод явсан байвал дугаарын жинхэнэ эзэн хохирдог. Хулгай, дээрмийн зөрчил, тээврийн хэрэгсэл зөөвөрлөх зэрэг гэмт хэргийн ихэнх нь хуурамч улсын дугаар дээр бүртгэгддэг. Энэ зөрчлийн тухайд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 50 мянган төгрөгөөр торгоод жолоодох эрхийг хаслаа. Мөн харьяа дүүрэгт нь шалгуулаад хуурамч дугаарыг хэдэн удаа зүүсэн, ямар зорилготой ашигласан болохыг нь шалгуулна” гэсэн юм.
Согтуу жолоочтой, хуурамч дугаар зүүсэн, хурд хэтрүүлэн давхисан, гарал үүсэл нь тодорхой бус их хэмжээний мах, гулууз тээвэрлэсэн, жолоодох эрхээ хасуулсан байж хөдөлгөөнд оролцсон гэх мэт хэрэг зөрчил энэ орой ч байсаар л байна. Жилийн 365 хоногт энэ мэт хэрэг зөрчил арилахгүй харин ч нэмэгдэх хандлагатай гарсаар байгаагийн цаад учир шалтгаан юунд вэ. Үүнд хариулт хэрэгтэй биз. Энэ бүх хэрэг, зөрчлийн ард та бидний амь нас, үр хүүхдүүдийн минь эрүүл мэнд, хүнд, хөнгөн байдлаар хохирох эрсдэл хачин өндөр байгаа нь халагламаар. Ийн эргэцүүлэхүй дор Чингэлтэй дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр, гэр хорооллын гудамжинд хутга, заазуур тээвэрлэж яваа жолооч байна гэсэн дуудлага хүлээн авлаа.
Үзлэг, шалгалтын газар очвол 50-иад насны эр, хоёр найзынхаа хамтаар 10-аад насны эрэгтэй хүүхдээ дагуулан явж байгааг алба хаагчид саатуулан үзлэг хийжээ. Энэ жолоочийг саатуулсан шалтгааныг Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дэд ахлагч, Цагдаа зохицуулагч Х.Даваа-Оргилоос тодруулахад “Хаалт боолт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд цагдаагийн албан хаагч гэр хорооллын харанхуй, бөглүү гудамж, алслагдсан замуудад хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд “Тоёото Приүс” маркийн авто машин зохицуулагчийн дохио зөрчиж зугатсан. Дараагийн пост руу зарлаж уг тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто машин жолоодсон байна. Тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийхэд авто машины урд талын хайрцагт нэг том заазуур, гурван төрлийн хутга байсныг илрүүллээ. Энэ хэргийг харьяа дүүргийнх нь цагдаагийн хэлтэст шалгуулахаар ажиллаж байна. Зугатсан жолоочийн согтолтын зэргийг тогтооно. Зөрчлийн тухай хуулийн дагуу нэг жилээр авто машин жолоодох эрхийг нь хасна гэдгийг онцоллоо.
Өвлийн хүйтэн жавраас ч хүйтэн мэдрэмж төрөв. Нуруу өөд урт хайрхан гүйх мэт айдас, жихүүцэл төрнө. Ямар зорилгоор хүйтэн мэс хэд хэдээр нь тээвэрлэж явсан бэ, энэ жолооч. Хэн нэгнийг айлган сүрдүүлэхээр үү, өс өвөрлөсөн нэгний халуун амийг таслахаар уу. Ямар гээч хэрэг зөрчил дүүрэн амьдрал вэ. Ямар гээч тайван байхын эцэсгүй гэр хорооллын гудамжууд вэ. Энэ бол нэг л шөнийн, нэг л хоромд болж буй хэрэг, зөрчил. Мөн цөөн тооны цагдаа нарын олж илрүүлж буй багахан ч байж болох хэрэг, зөрчил. Үүний цаана мянга мянган өдрүүд үргэлжилнэ. Мянга мянган шөнө ирнэ. Өөр хаана үүнээс ч аймшигтай зүйл болж буйг бид үл мэднэ. Хутга, заазуур хуйнаасаа гарч машины хайрцаг, жолоочийн “гарт” байгаа энэ дуудлагын араас согтуу эмэгтэй байна гэх дуудлага ирэв. Согтуу эмэгтэйг саатуулсан газарт хүрвэл, согтолтын зэргээ тогтоолгохгүй хэмээн агсамнаж “Эрүүлжүүлэх байрандаа хүргэ, үгүй бол намайг тайван явуул” хэмээн аархана. Амь нас, эрүүл мэндээрээ хэрхэн хохирч болохыг, цагдаа нарын ачаар ямар том гай, аюулаас мултарч байгаагаа ухаарах сэхээ ч алга. Энд нэг тэнд нэг агсамнах бүсгүй дөнгөж л 30 нас хүрч байгаа болов уу гэмээр залуухан аж. “Энэ бол юу ч биш. Эмэгтэйчүүд архи ууж агсамнах, зодоон хийх, баар рестораны эд хөрөнгө эвдэх үзэгдэл гайхмаар содон мэдээ биш болсон. Эрчүүдээс ялгарахгүй авиртай болж байна. Эмэгтэй хүн их агсам. Ийм хүмүүст хүч хэрэглээд байж болдоггүй учраас аргаа барж байж эрүүлжүүлэх байранд хүргэдэг” хэмээн учирлах цагдаа нарыг өрөвдөв. Ийн ажил, мэргэжлийнхээ зовлон жаргалыг тухтай ч ярьж амжаагүй байтал Чингэлтэй дүүргийн XI хороо, 57 дугаар сургуулийн урд замд гурван машин мөргөлдсөн осол гарлаа гэх дуудлага ирэв. Ослын газарт очвол азаар хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй байв. Ослын талаар Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч Э.Өнөболд “Шөнийн цагаар хөдөлгөөн сийрэг байдаг учраас жолооч нар дүрэм зөрчих явдал нэлээд байдаг. Үүнд ихэвчлэн хурд хэтрүүлэх, эгнээ байр буруу эзлэн хөдөлгөөнд оролцох, үүнээс шалтгаалаад зам тээврийн осолд өртөж байна. Хүйтний улиралтай холбоотой машины яндангаас гарсан ус авто зам дээр хөлдөж гулгаа үүсгэж байгаа учраас иргэд, жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна. Ер нь шөнийн цагаар гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн бус, хүүхэд болон машинд ачсан эд зүйлээ буруу тээвэрлэх зөрчил давамгайлж байна” гэсэн юм.
...Ай хөөрхий. Бидний нийтлэгээрээ хэлж муйхарладаг “Цагдаа цагийн найз” гэх цаанаа л нэг ёозгүй утга агуулсан үгийн талаар эргэцүүлэн бодох сайхан боломж энэ шөнө олдсон юм. Цагийн зүү шөнийн 02.00 рүү нэлээд дөхжээ. Хөл, гар, чих, хацар хайрагдахыг юмны чинээ тоохгүй эдгээр эрс ард түний эрүүл энх, амгалан тайван байдлын төлөө өөрийн эрх, эрх чөлөөг өргөсөн тангарагаараа хязгаарлан зүтгэхийг харах бахархам юм. Тушаал авсан цагдаа даардаггүй юм байна. Тангараг өргөсөн эр хүн айдаггүй юм байна. Мөрдэстэй цагдаа зоригтой, хиймортой, цог золбоотой болчихдог аж. Цагдаагийн ажлыг “мэдэрсэн” нэгэн шөнийн тэмдэглэлээ энд хүргээд жаргаая. Монгол Улс энх, амгалан байг.