АЛБА ХААГЧИД ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТЦЭЦИЙ, ХАНБОГД СУМУУДАД АЖИЛЛАЖ БАЙНА
Тээврийн цагдаагийн албаны даргын 2018.12.04-ний өдөр баталсан удирдамжийн дагуу тус албаны Замын цагдаагийн газрын ажлын хэсгийн бүрэлдэхүүн Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сум дахь цагдаагийн хэлтэс, тасаг, Өмнөговь аймгийн гэрээт цагдаагийн тасгаас 2018 онд замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, гудамж замын хөдөлгөөнд тавих хяналт, шалгалтын чиглэлээр хэрэгжүүлсэн ажилтай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөн туслах, Цогтцэций сумаас Ханбогд сумын Гашуун сухайтын хилийн боомт хүртэлх “Гашуун сухайт авто зам” ХХК-ний эзэмшлийн 239 километр авто замын хөдөлгөөн зохион байгуулах, техник хэрэгсэл, нүүрс тээвэрлэлтэд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслүүдийн техникийн бүрэн бүтэн байдалд хяналтын үзлэг хийж, зөрчил дутагдлыг илрүүлэх, цаашид авч хэрэгжүүлвэл зохих ажил, арга хэмжээг тодорхойлох зорилготойгоор 2018.12.13-ны өдрөөс эхлэн ажиллаж байна.
Батлагдсан удирдамжийн дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын тамгын газрын урдлага болон алба хаагч нарт, ерөнхий боловсролын Т.Борын нэрэмжит дунд сургууль, Мөрөөдөл цогцогбор 6 дугаар сургуулиудын захирал, нийгмийн ажилтан, багш ажилтан, Энержи ресурс ХХК-ийн инженер, техникийн ажилтан, жолооч нарт “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх арга зам”, “Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм”, “Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах нь” зэрэг сэдвүүдээр нийт 350 гаруй иргэд, жолооч нарт сургалт явууллаа.
Мөн иргэдээс замын цагдаагийн нэгжийн үйл ажиллагаа болон хөдөлгөөнд оролцож буй иргэдийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх шаардлагатай талаар санал асуулга авч, санал хүсэлтийг хүлээн авсан ба зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх 1200 ширхэг аюулгүйн зөвлөмж, зурагт хуудсуудыг тараалаа.
Мөн сурагчдад замын хөдөлгөөний мэдлэг олгоход зориулан боловсруулагдсан багшийн гарын авлага бүхий номыг сургуулийн захиргаанд гардуулж өгсөн.
Ажлын хэсэг нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, сургалт зохион байгуулахаас гадна Цогтцэций сумын төвд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд тус сумын замын цагдаагийн алба хаагчидтай хамтран хяналт шалгалтыг зохион байгуулж, зөрчил дутагдлыг фото зураг, дүрс бичлэгээр баримтжуулан авч, зөрчил гаргагч нарт Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээг тооцон ажиллаж байна.
Ажлын хэсэг Өмнөговь аймагт энэ сарын 22-ныг дуустал хугацаанд ажиллах юм.