• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОГЧ ТА 11 ДҮГЭЭР САРЫН 01-НЭЭС МӨРДӨГДӨЖ ЭХЛЭХ "ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА"-ЫГ УНШИЖ, СУДАЛСАН УУ?

2018-10-26
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОГЧ ТА 11 ДҮГЭЭР САРЫН 01-НЭЭС МӨРДӨГДӨЖ ЭХЛЭХ

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг ирэх арваннэгдүгээр сараас эхлэн мөрдөх юм. Шинэчилсэн дүрэмд зааснаар, зам, тээврийн осол, хэрэг, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцөлийг хангах, түгжрэлийг багасгах зэрэг чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Энэ асуудлаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн цагдаагийн  ахлах дэслэгч Ч.Чимэдбаттай ярилцлаа.


Ирэх сарын нэгнээс замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орох гэж байна. Хамгийн сүүлд хэзээ өөрчлөлт орсон юм бэ?

-Замын хөдөлгөөний дүрэм хамгийн анх 1925 онд батлагдаж байсан. Үүнээс хойш  11 удаа өөрчлөлт орсон байдаг. Мөн 2015 онд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинээр батлагдсан. Хууль өөрчилж буй гол шалтгаан бол тухайн улс орны нийгэм эдийн засаг, автомашинжилт, бусад зүйлсээ дагаад илүү боловсронгуй болгохыг зорьдог юм.

Тус дүрмийн онцлох зүйл заалтаас дурдвал жолооч нарт хүлээлгэх хариуцлага хэрхэн нэмэгдсэн юм бол?

-Хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлд гар утас, түүнтэй ижил төхөөрөмжийг ашиглах, зохицуулагчийн шүглийн чимээ, дуут дохиог хязгаарласан чихэвч зүүх, тээврийн хэрэгслийн хөгжмийг хэт чангалахыг хориглосон. Мөн арав хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд орохыг хориглож, мотоциклын арын суудалд тээвэрлэхийг хориглосон юм.  Түүнчлэн арав хүртэлх насны хүүхдийг биеэсээ салгахгүй, хөтөлж явна гэж зааж өгсөн. Бага насны хүүхдийг  тээвэрлэхдээ хамгаалалтын суудал, харгалзах хүнтэй тээвэрлэх шаардлагатай. Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээнд сургуулийн автобус, нийтийн тээвэр, такси, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, шуурхай хөдөлгөөний авто машин нэгдүгээр эгнээгээр хөдөлгөөнд оролцоно. Унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцохдоо 14-өөс дээш насны хүүхэд хөдөлгөөнд оролцоно гэж зааж өгсөн байгаа.

ТУХАЙЛБАЛ:

  • Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, ялангуяа явган хүний хөл хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа, үйлчилгээний талбай зэрэг газарт цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглоно
  • Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй ослын үед тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, осол, байгалийн гамшиг болон бусад аюул, эрсдэлд өртөж болзошгүй нь илэрхий байдалтай зогссон жолоочийн дохиогоор зогсож, тусламж үзүүлэхийг бүх жолоочид үүрэг болгосон.
  • Сүүлийн үед хүүхэд залуус замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүх, гар утсаар ярих, тоглох, дугуйт тэшүүр, түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр явснаас осолд өртөх нь ихсэх хандлагатай байна. Иймээс зорчих хэсгээр явж байхдаа дээрх үйлдэл хийхийг хориглосон.
  • Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэхэд зөвхөн автобус ашиглах, суудал бүр хамгаалах бүстэй байх, “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” гэсэн таних тэмдэг бүхий автобусны жолооч хүүхэд буулгах, суулгах үед ослын дохионы гэрэл асаах, энэ үед бусад жолооч хурдаа хасч, анхаарал болгоомжтой явах, хүүхдүүд зам хөндлөн гарч байвал зогсож өнгөрүүлэх,
  • Арав хүртэлх насны хүүхдийг авч явахдаа зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглах, арван нас хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр автомашиндаа үлдээхийг хориглов
  • Харааны бэрхшээлтэй хүн зам хөндлөн гарахдаа цагаан таяг барьсан байх, баримжаа алдах, гарцын байршил, ямар гэрлэн дохио асч байгааг мэдэхгүй үед бусдаас тусламж авах, цагаан таяг нь харанхуйд гэрэл ойлгодог гадаргуутай байх ёстой гэж дүрэмд заасан байна.

Торгуулийн тухайд өөрчлөгдсөн зүйл бий юу?

-Зам тээврийн осол хэргийн үед жолооч өөрийн даатгуулсан байгууллага руу утастаад ослын талаарх мэдээлээ өгнө. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй, барилга байгууламж сүйдээгүй тохиолдолд даатгалын компанид хандаад цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээс чөлөөлөгдөж хохирлоо барагдуулах бүрэн боломжтой. Мөн шинэчилсэн дүрэмд хүүхдийн аюулгүй байдлыг чухалчилсан.  Жишээ баримт дурдахад өнгөрсөн онд зам тээврийн осолд 1000 гаруй хүүхэд өртсөнөөс 55 нь амиа алдсан. Эдгээр хүүхдийн 47 нь эцэг эхийнхээ хажууд тээвэрлэгдэж яваад томчууд бидний хариуцлагагүй үйлдлийн золиос болсон юм.

Уулзваруудад хийсэн шар тэмдэглэгээний талаар мэдээлэл өгөхгүй юу ?

-Замын ачаалал ихтэй дөрвөн уулзварт шар тэмдэглэгээ хийсэн.  Шар тэмдэглэгээг улаан гэрэл ассан үед  нэвтэрч хөдөлгөөнд саад учруулсан жолоочийг 10 мянган төгрөгөөр торгох зохицуулалт хийсэн. Ирэх сарын нэгнээс хэрэгжих Замын хөдөлгөөний шинэчилсэн найруулгын 15.2-т "Уулзварыг бүрэн гүйцэд  нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болгосон, явган зорчигчийн цагаан шугам давж зогссон жолоочид торгууль ногдуулахаар тусгасан юм. Жолооч нарын дунд түгжрэл сааталтай байхад “Зогс шугам”-ын ард зогсолгүй уулзварт орж, хөндлөн чиглэлд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж бусад чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаадаг, түгжрэл саатлыг механикаар үүсгэдэг зөрчил их байгаа юм.

“E-Police” аппликейшн хэрэглээнд нэвтрээд багагүй хугацаа өнгөрчээ. Тус аппликейшны үр дүн ямар байна вэ? Одоогийн байдлаар хэчнээн зөрчлийг шийдвэрлэсэн бэ?

-Тус аппликейшн хэрэглээнд нэвтрээд, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Одоогоор 7000 орчим иргэд уг аппликейшныг идэвхтэй ашигладаг гэх мэдээлэл бий. Өнөөдрийн байдлаар иргэдээс 6000 орчим гомдол, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн. Тус аппликейшн нь явган хүний зам дээр зогссон, үргэлжилсэн цагаан шугамыг давсан, урсгал сөрсөн, тэмдэг тэмдэглэгээ давсан  зөрчлийг хүлээн авч шалгадаг. Иргэд зөрчлийн талаар мэдээлэл явуулахдаа тээврийн хэрэгслийн гурван талаас нь зургийг нь авч тухайн тээврийн хэрэгслийн зургийг тэр дор нь илгээнэ. Түүнээс биш өнөөдөр авсан зургаа маргааш нь илгээх боломжгүй юм. Ингээд таны ирүүлсэн зөрчил Замын хөдөлгөөний шуурхай удирдлагын төвд илгээгдэж танд  “шийдвэрлэгдэж байна”, “хүлээгдэж байна”, “боломжгүй байна” гэсэн хариу ирнэ. Энэ аппликейшны давуу тал нь иргэд бие биеэ хянаж, зам тээврийн осол буурах, замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх гэх мэт эерэг үр дагавартай.

Эх сурвалж: News.mn сайт