• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

Д.АМАРСАЙХАН: ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ҮР ДҮНД ОСОЛ, ХЭРЭГ БУУРЛАА

2018-08-24
Д.АМАРСАЙХАН: ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ҮР ДҮНД ОСОЛ, ХЭРЭГ БУУРЛАА

-Зам тээврийн осол, хэргийн статистик судалгаанаас үзвэл орон нутгийн авто замд хүний амь эрсдэх нь буурахгүй байна. Өнөө жилийн нөхцөл байдал ямар байна вэ. Замын цагдаагийн албаныхан орон нутаг дахь хяналтаа сайжруулж, нэлээд арга хэмжээ хэрэгжүүлж байгаа. Ямар ахиц гарч байна вэ?

-Нас барсан, гэмтсэн хүний 80 гаруй хувь нь улсын болон орон нутгийн чанартай авто замд осолдсон байдаг. Энэ оны эхний долоон сарын судалгааг авч үзье л дээ. Зам, тээврийн ослын улмаас 267 хүн амиа алджээ. Тэдний 201 буюу 75 хувь нь орон нутгийн замд осол орсон. Гурван сая гаруйхан хүн амтай манай улсын хувьд энэ статистик өндөр үзүүлэлт. Ид, хийж бүтээх үе дээрээ яваа 18-40 насныхны үхлийн шалтгааны нэгдүгээрт зам тээврийн осол орж байна шүү дээ. Ийм учраас цагдаагийн байгууллага Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран орон нутаг гардаг гэмт хэрэг, ослыг бууруулж, урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэх зорилгоор арга хэмжээ авч байгаа. Тухайлбал, амралт, зугаалга гээд хөдөөг зорих иргэдийн хөдөлгөөн ихэсдэг үеэр “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аян зохион байгуулж байна. Уг аян ирэх сарын сүүлч хүртэл үргэлжилнэ. Аяны хүрээнд улсын болон орон нутгийн чанартай авто зам дахь хяналт, шалгалтыг эрчимжүүлж, иргэдийн сахилга, соёлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт сурталчилгааны ажлууд түлхүү хийж байна.

-Энэ аяныг эхлүүлээд хоёр сар гаруй боллоо. Үр дүн нь ямар байгаа бол. Замын цагдаагийн алба хаагчид тэр бүрт хүрч ажиллаж чадаж байна уу?

-Монгол Улсын өргөн уудам газар нутгийг хүний хүчээр хянахад хүндрэлтэй. Аяны хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас хөдөлгөөнт эргүүлд нийтдээ 140 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Түүнчлэн ЦЕГ-ын даргын тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албатай хамтран өнгөрсөн сарын 20-ноос Архангай, Булган, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий чиглэлийн олон улсын болон улсын чанартай авто замд хяналт тавьж байна. Дээрх 10 чиглэлд 30 алба хаагч 24 цагаар хяналт шалгалт хийж байгаа. Жолооч нар хурд хэтрүүлэх зөрчил их гаргадаг цэг буюу Улаанбаатар-Дархан, Сэлэнгэ, Дорноговь, Булган, Өвөрхангай чиглэлийн авто замд зөөврийн хэмжигч ажиллуулсаар байна. Үүний хажуугаар аймгуудын Замын цагдаагийн тасаг, нэгжүүд байнгын болон гэнэтийн хяналт шалгалтыг ил болон далд хэлбэрээр хйисээр байгааг жолооч нар анзаарсан байлгүй.

Цаашид уг арга хэмжээг тогтмолжуулж, үйл ажиллагаандаа сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлэхээр зорьж байна. Камер, хурд хэмжигч, GPS-ээр хянах гэх мэт хэрэгслүүдийг түлхүү ашиглана гэсэн үг. Мөн хөдөлгөөнд оролцогч иргэдэд мэдээллэх, анхааруулах зорилгоор осол гарч болзошгүй тодорхой цэгүүдэд цацруулагч бүхий сэрэмжлүүлгийн самбарууд байрлуулж, цагдаагийн байнгын пост 14-ийг нэмж байгуулах боллоо.

Одоогийн байдлаар хөдөө, орон нутгийн замд 44 ширхэг самбар байрлуулаад байна. Энэ мэт арга хэмжээ авснаар зам, тээврийн осол буурсан үзүүлэлт гарлаа. Статистик мэдээллээс үзвэл сүүлийн нэг сарын хугацаанд 21 аймгийн хэмжээнд зам тээврийн 133 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний улмаас 49 хүн нас барж, 84 хүн гэмтэж, бэртсэн. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал, гарсан осол 45 нэгжээр буюу 25.3 хувиар буурсан байгаа юм. Харин нас барсан хүний тоо 18.3, гэмтсэн хүн 29.4 хувиар цөөрлөө.

Дээр дурдсан ажил, арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, алба хаагчид хүлээсэн үүргээ амралт, чөлөө завгүй биелүүлсэнтэй энэ бүхэн холбоотой. Хэрэв төр, засгаас хүн хүч хүрэлцээг нэмж, техник, хэрэгслийн хангамжийг сайжруулж өгвөл зам, тээврийн осол буурч, бүрмөсөн гарахгүй байх боломжтой юм.

-Ер нь манай улсын авто замд дахь тэмдэг, тэмдэглээгээ тун хангалтгүй гэх юм билээ. Энэ үнэн үү?

-Туйлын хангалтгүй. Өөрөөр хэлбэл, 60 км/цагийн хурдтай яваа жолооч мэдээлэх тэмдгийг уншиж, харах боломжтой тэмдэглэгээ төв суурин газар байтугай улсын чанартай авто замд ч бараг байхгүй. Хэдийгээр аймгийн удирдлага жил бүрийг “Аялал жуулчлалыг хөгжүүлэх жил” болгон зарладаг хэдий ч монголчууд одоо болтол тухайн замыг овоо, даваа, эсвэл нэг гарам, гүүрийн нэрээр нэрлэдэг. Үүнийг болих цаг одоо болсон. Мэдээлэх тэмдэг, самбарыг Монгол Улсын болон олон улсын жишигт нийцсэн байдлаар хийж, авто замын нөхцөл, онцлогт тохируулан байрлуулах шаардлагатай байна.

-Монголын авто зам энхэл, донхол ихтэй. Осол гарах шалтгаанд энэ зүй ёсоор орох байх. Дээрээс нь жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ мөрдөхгүй байх нь элбэг. Хоногийн мэдээний тайланг харж байхад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил огт буурахгүй юм.

-Авто замын нөхцөл нь муу, жолооч нар дүрмээ баримталдаггүй гэдэг үнэн. Осол гарахад эдгээрээс гадна жолоочийн ур чадвар ч нөлөөлнө. Улсын хэмжээнд бүртгэгдсэн зам, тээврийн ослын 97 орчим хувь нь жолоочийн буруутай үйлдлээс үүдэлтэй байдаг юм. Хажуу хоорондын зайгаа тохируулаагүй, уулзвар, гарц нэвтрэх журам зөрчсөн, эгнээ байр буруу эзэлсэн, ухрах үйлдэл буруу хийсэн, хурд хэтрүүлсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зэргээр шалтгаалсан осол дийлэнх хувийг эзэлж байна. Үүнийг бид олон жил ярилаа. Харамсалтай нь, жолооч нар зөрчлөө арилгая гэж боддоггүй.

-Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд мөн л хангалтгүй байдаг гэсэн.

-Дахиад нэмж тоо хэлье. Энэ зун хийсэн хяналт, шалгалтын үеэр алба хаагчид 284.473 тээврийн хэрэгсэл шалгаад байна. Гэтэл 63 366 нь зөрчилтэй байж. 100 тээврийн хэрэгслийн 25 нь асуудалтай байна гэсэн үг. Тэдэнд хуулийн дагуу арга хэмжээ тооцно шүү дээ. Гэтэл жолооч нар торгуулсандаа уурлаж, бухимдахаас биш гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч, аливаа ослоос урьдчилан сэргийлэхэд анхаардаггүй. Өөрийнхөө болон ойр дотны хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг хүсэхгүй байна уу гэмээр.

Тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг ярих ёстой байгаа биз. Тээврийн хэрэгслийн техникийн үзлэг буюу оношлогоог муу хийж байна. Цагт 40 км-ээс дээш хурдтай явах боломжгүй, өчнөөн жилийн насжилттай, хар утаа хаясан машинууд цөөнгүй байна. Үүнийг иргэд ч анзаарч, бухимдаж байгаа. Энэ автомашинууд тээврийн хэрэгслийн үзлэг, оношлогооны хаагуур өнгөрч, тэнцээд байна вэ. Энэ нь нь зам тээврийн осол, хэрэг гарахад нөлөөлөх томоохон хүчин зүйлийн нэг. Манай улс баруун гарын дүрэмтэй. Гэтэл импортоор оруулж ирсэн автомашинуудын 70 гаруй хувь нь баруун буюу буруу талдаа хүрдтэй. Буруу хүрдтэй энэ төрлийн автомашинууд нь өөр төрлийн техникийн горим журам, дүрмээр зохицуулагддаг юм. Үүнээс болж горим, зүй тогтол алдагдаж, зам тээврийн осол гарах нь бий. Насжилт өндөртэй, бусад оронд стандартаар ашиглахыг хориглосон болон буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгсэл оруулах, эсэхийг төрийн бодлогоор зохицуулах цаг нь болсон.

-Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байгаа учраас орон нутгаас Улаанбаатар хот руу чиглэх хөдөлгөөн нэмэгдэх боллоо. Цаашид хийхээр төлөвлөсөн ажил, арга хэмжээнээсээ сонирхуулахгүй юу?

-Уламжлал болсон “Оюутан тээвэр”, “Ургац” зэрэг нэгдсэн арга хэмжээгээ зохион байгуулна. Мэдээж хяналт шалгалт, сургалт сурталчилгааны ажлаа тогтмолжуулна. Хичээлийн шинэ жил, ургац хураалттай холбоотойгоор хөдөө, орон нутгаас Улаанбаатарыг чиглэх хөдөлгөөн аравдугаар сарыг дуустал тасралтгүй үргэлжилдэг юм. Энэ үеэр хүний амь нас хохирох зам тээврийн ноцтой ослууд гарах магадлал их байдаг учраас иргэд, жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурдаа замын нөхцөлд тохируулж явах шаардлагатайг танай сониноор дамжуулан анхааруулъя.

-Хөдөлгөөний ачааллыг хэрхэн сааруулах юм бэ?

-Өдгөө улсын хэмжээнд 900 000 гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүний 800 000 гаруй нь суудлын автомашин. Жил бүр 55-70 гаруй мянган тээврийн хэрэгсэл импортолж, түүний 50-60 хувь нь нийслэлд шинээр бүртгэгддэг юм. Тээврийн хэрэгслийн тоо хоёр жилд дунджаар 100 000-аар нэмэгдэж байна шүү дээ. Гэтэл замын өргөтгөл, бүтээн байгуулалт, тэмдэг, тэмдэглэл ямар байгаа билээ. Мөн хяналт тавьж, аюулгүй байдлыг хангуулах эрх бүхий алба хаагчдын тоо социализмын үеийнхээрээ байна шүү дээ. Тэгэхээр замаа өргөтгөж, зохицуулалтаа сайжруулах шаардлагатай болоод байна.

-Цагдаагийн байгууллага бүтэцдээ өөрчлөлт оруулж, Тээврийн цагдаагийн алба байгууллаа. Чиг үүрэг нь хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ?

-Монгол Улсын нутаг дэвсгэрт зорчих зорчигч, ачаа тээвэрлэлтийн үеийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, мөрдүүлэх, төмөр зам, нислэгийн аюултай бүс, өртөө буудлын орчимд нийтийн хэв журам сахиулж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, зорчигчдоос ирүүлсэн санал хүсэлт, гомдлыг шалгаж шийдвэрлэх зэрэг чиг үүргийг Замын цагдаагийн алба, Төмөр зам болон Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн газар хэрэгжүүлж байна. Манай улсын хувьд дээрх чиг үүргүүдийг алба, нэгжүүд тус тусдаа хэрэгжүүлж байгаа нь агаарын, төмөр болон авто замын тээврийн салбарт гарч буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлого боловсруулан хэрэгжүүлэх, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг яам, агентлаг, гадаад дотоодын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүтэц, зохион байгуулалтын хувьд хүндрэл үүсгэж байсан юм. Тиймээс хууль эрх зүй болон практик хэрэгцээ шаардлагад тулгуурлан дээрх гурван газар, хэлтсийг нэгтгэж Тээврийн цагдаагийн алба болгон бүтэц, зохион байгуулалтыг нь өөрчиллөө.

-Ач холбогдол, давуу тал нь юу байх талаар тодруулахгүй юу?

-Монгол Улсын тээврийн салбарын цагдаагийн байгууллагад хамаарах хууль тогтоомжийн хэрэгжилт болон гарч буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажиллагаанд ахиц гарна. Үүний зэрэгцээ гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг судлах судалгаа, мэдээлэл, дүн шинжилгээний ажлын чанарт ахиц гарч, зарим нэгжийн үйл ажиллагааны давхардал арилж, шуурхай байдал дээшлэх эерэг үр дүнтэй гэж харж байгаа.

-Замын хөдөлгөөний дүрмийг шинэчиллээ. Ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Өөрчлөх ямар шаардлага байв. Оруулсан онцлох өөрчлөлтүүдийг дурдаач?

-Одоогийн мөрдөж байгаа Замын хөдөлгөөний дүрмийг 2004 оны Засгийн газрын тогтоолоор шинэчлэн баталсан. Нэмэлт, өөрчлөлт оруулалгүй 14 жил мөрдөж байгаа юм. Тиймээс шинэчлэн найруулах шаардлага тулгарсан гэж болно. Монгол Улсын нэгдэн орсон “Замын хөдөлгөөний тухай” болон “Замын дохио, тэмдгийн тухай” Венийн конвенцод хамгийн сүүлд орсон нэмэлт, өөрчлөлтүүд, авто замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио болон замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой олон стандарт шинэчлэгдлээ. Тэгэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүр гаргадаг замын хөдөлгөөний аюулгүй байдлын судалгаа, зөвлөмжид тулгуурлан ослын тоог бууруулах, замын хөдөлгөөнд иргэдийг аюул, осолгүй оролцох нөхцөлийг хангах үүднээс олон улсын хэмжээнд хэрэгжүүлж буй орчин үеийн дэвшилт шийдэл, эрх зүйн зохицуулгыг тусгах шаардлага гарсан. Энэ хүрээнд нийслэлийн замын ачаалал, хөдөлгөөний нягтрал ихэссэнтэй холбогдуулан түгжрэлийг сааруулж, хөдөлгөөний эрчмийг сайжруулах, автомашинаас үүдэн гарах агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн тодорхой заалтуудыг уг дүрэмд тусгаж тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр шинэчилсэн найруулгыг нь боловсруулж, батлуулсан юм.

Эх сурвалж: Өнөөдөр сонин 2018.08.24 №162 /64