ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ 19 ХУВИАР БУУРЧЭЭ
Энэ 7 хоногийн замын хөдөлгөөний болоод осол, хэргийн нөхцөл байдлыг танилцуулъя.
2018.04.09-13-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 1003 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 700 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 27 хүн гэмтэж бэртсэн бөгөөд үүний 13 нь бага насны хүүхэд тэр дундаа явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өрстөн байна. Осолд өртсөн хүүхдийн 8 нь ганцаараа явж байсан бол 2 нь эцэг, эхийн хамт явж байсан.
Түүнчлэн орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 2 хүний амь нас хохирсон бөгөөд гарсан осол хэргээс дурьдвал Орхон аймгийн Баян-Өндөр сум, Говил багийн нутагт 35 дугаар автобааз гэх газар асфальтан замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 69 настай эрэгтэй Л-г мөргөж амь нас нь хохирсон хэргийг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 137 зөрчлийг илрүүлсэн бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг шүүхээр 7-30 хоног баривчлуулсан.
Нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 29 осол, мөргөлдөх хэлбэрээр 30 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд бүртгэгдсэн ослыг өмнөх 7 хоногтой харьцуулахад нийт дуудлага 12,7 хувиар, зам тээврийн осол 19 хувиар буурч, осолд өртсөн хүүхэд 1 дахин өссөн үзүүлэлттэй байна.