• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

21 ДҮГЭЭР ЗУУНЫ ТӨМӨР ХҮЛГИЙН НӨХӨӨС

2018-03-23
21 ДҮГЭЭР ЗУУНЫ ТӨМӨР ХҮЛГИЙН НӨХӨӨС

Зуун зууныг өртөөлөн ирсэн Монголын үр сад та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. 13 дугаар зууны Чингисийн байлдан дагуулалтанд золионд гарган хэдэн сая амь, 20 дугаар зууны Манжийн дарлалд амь үрэгдсэн өвөг дээдэс, 21 дүгээр зууны төмөр хүлгийн нөхөөс, энэ бүгд түүх болон үлдэх нь бидний эмгэнэл бас, гашуудал.

Жил бүр ерөнхий боловсролын сургуулийн 2 ангитай дүйцэх хэмжээний хүүхэд үгүй болж, 6 ангитай дүйцэх хэмжээний хүүхэд гэмтэж, бэртэн хэдэн мянган хүүхдийн хүсэл, мөрөөдөл, зорилго үгүй болж байна.

Гэвч бид үүнд төдийлөн анхаарал тавьдаггүй. Бидний мэдэх асуудал бол ердөө л утаа, улс төрчид, өөрсдийн цалин төдий...

Хэдэн жилийн өмнө Өршөөлийн тухай хуулиар суллагдсан архичин, бандгар жийпээрээ сургуульдаа явж байсан хүүхдийг дайрсан, цуг явсан согтуу хүүхэн нь агнасан ангаа шалгаж буй мэт хөлөөрөө өшиглөж байсан талаар бид сонссон.

Үүнийг үзэж, сонссон бид шуугисан, үзэн ядсан тэгээд л мартсан. Бидний авсан арга хэмжээ утасны цаанаас like дарсан, share хийсэн, шүүмжлэлтэй хэдэн comment бичсэн. Үүнээс хэтрээгүй.

Монгол ард түмэн юу ч хийж чадахаа байж ээ. Бидэнд ухаан байдаг ч ухамсар байдаггүй, хайрладаг ч хамгаалдаггүй, манлайлагч хэд нь уриалаад нэмэр болоогүй, улс төрчид нь ухаараад арга хэмжээ аваагүй, эцэг эх нь шүүхдээд үр дүнд хүрээгүй...

Хүүхдээ хүчиндсэн аав, улсаа идсэн авлигач, төрөө доромжилсон улс төрч, энэ бүгд намайг, миний найзуудыг, хүүхдүүд биднийг хамгаалж чадах болов уу?

Гуйя, яг одоо та өөрчлөлтийг өөрөөсөө эхлээч, таны хүлээцтэй хандсан хэдхэн хором, хариуцлагатай хандсан мөч бүхэн тань энэ олон хүүхдийн амь насыг хамгаалж чадна.

Хүүхдүүд бидний хүсэл мөрөөдөл, зорилго, томчууд, жолооч таны гарт....