СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЗӨРЧИЛ БУУРЧ БАЙНА
2018 оны 1 дүгээр сарын 10-ны Пүрэв гарагт Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 351 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 296 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас орон нутагт 3 хүний амь нас хохирч, 9 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртжээ.
Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 29 зөрчлийг илрүүлэн саатууллаа. Зөрчлийн тухай хуульд зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 1 жилийн хугацаагаар хасч, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авах юм.
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 5 осол, мөргөлдөх хэлбэрээр 8, үл хөдлөх зүйл буюу шон мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.
Тухайлбал:
1. СБД-ийн нутаг 7-н буудлын замд T.Vitz автомашины жолооч нь явган зорчигч Б, О нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн.
2. Завхан аймгийн Идэр сумын нутаг шороон замд Мazda Bongo маркийн автомашин онхолдож зорчигч 22 настай Ж-н амь нас хохирсон мөн Өвөрхангай аймгийн нутаг Нарийн тээл сумын нутаг “Шаргын гүүр” гэх газар T.Pruis маркийн автомашин Honda Fit маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч О, Н нарын 2 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослыг аймгийн цагдаагийн газарт тус тус шалгаж байна.