ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗӨӨЖ ШИЛЖҮҮЛЭХ, ТҮР СААТУУЛАХ ЖУРАМ
Хууль зүйн сайдын 2015 оны А/190 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗӨӨЖ ШИЛЖҮҮЛЭХ, ТҮР СААТУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоох, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д заасан эрхийн хүрээнд цагдаагийн байгууллага буюу алба хаагч тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах шийдвэр гаргаж, хэрэгжүүлэхдээ энэхүү журмыг мөрдөж ажиллана.
1.3.Цагдаагийн эрх бүхий алба хаагчийн шийдвэргүйгээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэхийг хориглоно.
Хоёр. Тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэх үндэслэл
2.1.Цагдаагийн байгууллага нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д заасан ерөнхий үндэслэлээс гадна хууль сахиулах зорилгоор дараах тээврийн хэрэгслийг түр саатуулж болно. Үүнд:
2.1.1.гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, эсхүл гэмт хэргийн нотлох баримтыг агуулж байгаа;
2.1.2.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд жолоодож яваа;
2.1.3.зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгаж тогтоох, шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай үед;
2.1.4.хууль сахиулах байгууллагаас эрэн сурвалжлахаар зарлан мэдээлсэн.
2.2.Эзэмшигч, өмчлөгч нь тогтоогдохгүй байгаа тээврийн хэрэгслийг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор зөөж шилжүүлж болно.
2.3.Өндөр хэмжээний зочин, төлөөлөгчийн болон нийтийг хамарсан арга хэмжээний хамгаалалтыг зохион байгуулах үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж болох бөгөөд энэ үйл ажиллагаанд шаардагдах зардлыг хамгаалалт зохион байгуулах төлөвлөгөөнд тусгана.
2.4.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан зөрчлийн улмаас тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхдээ дараах ажиллагааг баримтална. Үүнд:
2.4.1.тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхийн өмнө тухайн тээврийн хэрэгслийн жолооч /эзэмшигч, өмчлөгч/ ирвэл захиргааны шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгөх;
2.4.2.зөөж шилжүүлсэн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хаягаар бэлэн бус торгуулийн хуудас хүргүүлэх;
2.4.3.тээврийн хэрэгслийг 10 км-ээс хол зайд зөөж шилжүүлэхгүй байх;
2.4.4.тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн техникийн ажилтан нь тухайн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлмэгц автомашины марк, улсын дугаар болон зөөж шилжүүлсэн шалтгаан болон хаана хүргэх талаарх мэдээллийг лавлах утсанд бүртгүүлэх.
2.5.Нийслэл болон аймгийн төвд тээврийн хэрэгслийг түр саатуулахдаа зориулалтын чирэгч, ачигч автомашин ашиглан зөөж шилжүүлнэ. Зориулалтын чирэгч, ачигч автомашин байхгүй сумдад түр саатуулах шаардлагатай тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагч жолоодож түр саатуулах хашаа /байр/-нд хүргэж болно.
Гурав. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа, түүнд тавигдах ерөнхий шаардлага
3.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасан үүргийн хүрээнд түгжрэл саатлыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгсэл түр зогсохыг хориглох гудамж зам, хамрах хүрээ, үйлчлэх цагийг тусгасан саналыг Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлнэ.
3.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь энэхүү журмын 3.1-д заасан саналд үндэслэн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх гудамж зам, хамрах хүрээ, үйлчлэх цаг болон түр саатуулах хашаа /байр/, түүний зогсоолын нийт талбайн хэмжээ, зориулалтын чирэгч, ачигч автомашины нийт тоо, үйл ажиллагааны төлбөрийн хувь хэмжээг тогтооно.
3.3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь энэхүү журмын 3.2-т заасан шийдвэрийн дагуу тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулахад тавигдах шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулж, ажил, үйлчилгээ гүйцэтгүүлэх гэрээ байгуулна. Гэрээнд дараах нөхцөлийг тусгасан байна. Үүнд:
3.3.1.тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа, зохион байгуулалт, хориглох зүйл, төлбөрийн хэмжээ, жолооч, техникийн ажилтанд болон чирэгч, ачигч автомашинд тавигдах шаардлага, тээврийн хэрэгслийн эзэмшигчид зөөж шилжүүлсэн тухай мэдээлэл хүргэх асуудал, гомдол мэдээллийг хүлээн авах, шийдвэрлэх, хариу өгөх үйл ажиллагаа, түүнийг хариуцах албан тушаалтан, бусад зүйлийг;
3.3.2.тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах үеийн аюулгүй ажиллагаа, зохион байгуулалт, хориглох зүйл, төлбөрийн хэмжээ, харуул хамгаалалт болон хашаанд тавигдах шаардлага, харуулын ээлжийг хүлээлцэх, тээврийн хэрэгслийг хүлээн авах, жолооч /эзэмшигч, өмчлөгч/-д хүлээлгэн өгөх ажиллагаа, тээврийн хэрэгсэл, түүний ачаа тээшний хадгалалттай холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авах, шийдвэрлэх, хариу өгөх үйл ажиллагаа, түүнийг хариуцах албан тушаалтан, бусад зүйлийг.
3.4.Тээврийн хэрэгслийн түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах байгууллага нь өөрийн эзэмшлийн зориулалтын чирэгч, ачигч автомашинтай байна. Зөөж шилжүүлэх үеийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор жолоочоос гадна техникийн ажилтан ажиллуулна.
3.5.Цагдаагийн байгууллага нь өөрийн харьяанд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх тусгай зориулалтын чирэгч, ачигч автомашин, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулж болно. Тээврийн хэрэгслийг түр саатуулахдаа тухайн нутаг дэвсгэрт мөрдүүлэхээр тогтоосон төлбөрийн хэмжээг мөрдөнө.
3.6.Нийслэлд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан зөрчил бүхий тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхдээ гэрээт цагдаагийн нэгж /Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Цагдаагийн байгууллагын хамгаалалтад байх онц чухал объектын жагсаалт батлах тухай” 100 дугаар тогтоолын хавсралтын III.Цагдаагийн гэрээт хамгаалалт /түр/-д байх объектын жагсаалтын 1-д заасан/, ажилтнаар зөрчил үйлдэгдсэн газар дээр нь тухайлсан шийдвэр гаргах ажлыг гүйцэтгүүлж болно.
3.7.Цагдаагийн эрх бүхий алба хаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэн дуудлагаар ирсэн тусгай зориулалтын чирэгч, ачигч автомашины техникийн ажилтан /жолооч/ нь тухайн тээврийн хэрэгслийн гадна тал болон орчны байдлыг дүрс бичлэгийн хэрэгслээр бэхжүүлэн авч, нийслэлд харьяа нутаг дэвсгэрийн замын цагдаагийн тасгийн жижүүрт, орон нутагт цагдаагийн байгууллагын ерөнхий зохицуулагчид холбогдох мэдээллийг хүргүүлэх ба уг мэдээллийг хүлээн авсан ажилтан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасан санд бүртгэн авч, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллана.
/Энэ хэсгийг ХЗС-ын 2016-07-01-ний өдрийн А/209 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан./
3.8.Цагдаагийн байгууллага нь тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн, түр саатуулсан тухай мэдээллийг лавлах утсаар авах боломжоор хангаж, энэ тухай иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулна.
3.9.Цагдаагийн алба хаагч зөөж шилжүүлэх мэдэгдлийг хавсралт /маягт 39/-ын дагуу бөглөж, гарын үсэг зурж баталгаажуулна.Мэдэгдлийг зөрчилтэй тээврийн хэрэгслийн шилэн дээр харагдахуйц газарт нааж байрлуулж болно. Мэдэгдлийн дагуу чирэгч, Ачигч автомашины жолооч, техникийн ажилтан нь тухайн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлнэ. Тээврийн хэрэгслийн бүхээг, тээшинд хүн, мал, амьтан байгаа тохиолдолд шилжүүлэхгүй.
/Энэ хэсгийг ХЗС-ын 2016-07-01-ний өдрийн А/209 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан./
3.10.Цагдаагийн алба хаагчийн дуудлагаар ирсэн тусгай зориулалтын чирэгч, ачигч автомашины техникийн ажилтан /жолооч/ нь C, E ангилалтай тээврийн хэрэгслийг 3-аас доошгүй жил жолоодсон, дадлага, туршлагатай байх бөгөөд дараах ажиллагааг хийнэ. Үүнд:
3.10.1.зогсоолын тоормосыг дарсан, эсхүл хөдөлгүүрийн ачааллыг хүч дамжуулах ангиас салгагдаагүй тээврийн хэрэгслийг өргөж ачих болон нэмэлт дугуй хэрэглэх, харин зогсоолын тоормос дараагүй, хөдөлгүүрийн ачаалал хүч дамжуулах ангиас салгагдсан тээврийн хэрэгслийг хагас цоройлгон ачих байдлаар зөөж шилжүүлэх;
3.10.2.тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх явцад тээврийн хэрэгсэл савж, гулсаж унахаас сэргийлж ивүүр, татлага, бэхэлгээ хэрэглэх;
3.10.3.энэхүү журмын 3.9-д заасан шийдвэр /үзлэгийн тэмдэглэл/-ийг үндэслэн тээврийн хэрэгсэл түр саатуулах, хашаа /байр/-ны харуулд хүлээлгэн өгнө. Тээврийн хэрэгслийг жолооч /эзэмшигч, өмчлөгч/-д буцаан олгохдоо уг шийдвэр /үзлэгийн тэмдэглэл/-ийг мөн баримтална.
Дөрөв. Тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/-нд тавигдах шаардлага, харуулын гүйцэтгэх үйл ажиллагаа
4.1.Тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/ нь даатгалтай, харуул хамгаалалтын ажилтантай, ил болон битүү зогсоолын хүрэлцэхүйц талбайтай, хашаа нь тортой, галын аюулгүй байдлын болон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хянах боломж бүхий камерын хяналтын системтэй, харанхуй үед үзэгдэх боломжийг хангасан гэрэлтүүлэгтэй, харуулын ажиллах нөхцөлийг хангасан ажлын байртай, холбоо, мэдээллийн хэрэгслээр тоноглогдсон байна.
4.2.Түр саатуулах байрны харуул нь дараах журмыг мөрдөж ажиллана. Үүнд:
4.2.1.зөвхөн зориулалтын ачигч, чирэгч тээврийн хэрэгслээр зөөвөрлөн ирсэн, эсвэл цагдаагийн алба хаагчийн хүргэж ирсэн тээврийн хэрэгслийг хашаанд нэвтрүүлэх;
4.2.2.тээврийн хэрэгслийг хүргэж ирсэн ажилтныг байлцуулан тээврийн хэрэгслийн гадна тал, ачаа, тээшийг /үзлэгийн тэмдэглэл/-тэй тулгаж хүлээн авах;
4.2.3.тээврийн хэрэгслийн хаалга, тээшний хэсэг цоожгүй бол доторх эд зүйлс, нэмэлт тоноглол зэргийг шалгаж, тэмдэглэл хөтлөх;
4.2.4.тээврийн хэрэгслийн ачаа тээшинд түргэн муудах, хөлдөх хүнсний бүтээгдэхүүн, бараа материал илэрсэн тохиолдолд жолооч /эзэмшигч, өмчлөгч/-д хүлээлгэн өгөх, хэрэв жолооч байхгүй, эсхүл тэсэрч дэлбэрэх, мансууруулах бодис, галт зэвсэг, сум, ангийн мах, арьс зэрэг хуулиар хориглосон ачаа, бараа илэрсэн тохиолдолд нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын ерөнхий зохицуулагч болон хашааны үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгэж байгаа байгууллагын холбогдох албан тушаалтанд мэдэгдэх;
4.2.5.ээлж хүлээлцэхдээ тухайн хашаа /байр/-нд тээврийн хэрэгсэл бүрийг анх хүлээн авсан тэмдэглэл, бүртгэлтэй тулгаж, гарын үсэг зурж баталгаажуулах;
4.2.6.Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан зөрчлийн улмаас түр саатуулагдсан тэврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагчийн шийдвэргүйгээр жолооч /эзэмшигч, өмчлөгч/-д хүлээлгэн өгч, хашаанаас гаргах;
4.2.7.энэхүү журмын 4 дүгээр зүйлийн 4.2.6-д зааснаас бусад тохиолдолд харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын ерөнхий зохицуулагчийн шийдвэрээр тээврийн хэрэгслийг жолооч /эзэмшигч, өмчлөгч/-д хүлээлгэн өгч, хашаанаас гаргах.
4.3.Энэхүү журмын 4.2.4-д заасан мэдээллийг хүлээн авсан албан тушаалтан хуульд заасан холбогдох арга хэмжээг авч, аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулах үүрэгтэй.
4.4.Тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/-нд байлгах үеийн аюулгүй, бүрэн бүтэн байдлыг гэрээ байгуулсан байгууллага хариуцаж, холбогдох албан тушаалтан нь өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.
4.5.Тээврийн хэрэгслийг техникийн оношилгоо, шинжилгээ хийлгэхээр түр саатуулах хашаа /байр/-наас авч гарах, буцааж хүлээн авахдаа энэхүү журмын 4.2-д заасныг баримтална.
4.6.Тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/-наас авч гарснаас хойш хохирол учирсан тухай гомдлыг хашаа /байр/-ны үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа байгууллага, аж ахуйн нэгж барагдуулах үүрэг хүлээхгүй.
Тав. Бусад
5.1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4-д заасан үүргийн дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах үйл ажиллагаанд энэхүү журмыг мөрдөнө.
5.2.Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үед иргэн, байгууллагад учирсан хохирлыг гэм буруутай этгээд хариуцна. Хохирлын асуудлыг гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй тохиолдолд шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.
5.3.Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн, түр саатуулах хашаа /байр/-нд байсан хугацааны төлбөрийг буруутай этгээдээр төлүүлнэ.
5.4.Энэхүү журмыг зөрчсөн иргэн, байгууллага, цагдаагийн алба хаагчид холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийтгэл хүлээлгэнэ.