• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЖОЛООДОХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХ ОЛГОХ ЖУРАМ

2017-01-08
ЖОЛООДОХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХ ОЛГОХ ЖУРАМ

Хууль зүйн сайдын 2015 оны

08 дугаар сарын 28-ны өдрийн А/189 дүгээр

тушаалын нэгдүгээр хавсралт

 

ЖОЛООДОХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХ ОЛГОХ

 ЖУРАМ 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нийцүүлэн Монгол Улсын жолоодох эрхийнүнэмлэх /цаашид “Үндэсний жолоочийн үнэмлэх” гэх/, Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэх /цаашид “Олон улсын жолоочийн үнэмлэх” гэх/ олгохтой холбогдсон харилцааг зохицуулна.

1.2.Жолоочийн үнэмлэх олгох ажлыг нийслэлд Цагдаагийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох ажил хариуцсан нэгж, орон нутагт тухайн нутаг дэвсгэр хариуцсан замын цагдаагийн нэгж /цаашид “Цагдаагийн байгууллагын эрх бүхий нэгж” гэх/ хариуцна.

1.3.Монгол Улсын үндэсний болон олон улсын жолоочийн үнэмлэх нь Монгол улсын жолоочийн бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдсэн төлөв, жолоочийн бүртгэлийн хуудсаар баталгаажна.

Хоёр.Жолоочийн үнэмлэх олгох үйл ажиллагаа

2.1.Цагдаагийн байгууллагын эрх бүхий нэгж нь жолоочийн үнэмлэх олгохтой холбоотой дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

2.1.1.жолоодох эрхийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн иргэнд тохирох ангиллын үндэсний жолоочийн үнэмлэх олгох;

2.1.2.жолоочийн бүртгэл, мэдээллийн санг хөтөлж, мэдээллийг ашиглах, нууцлалыг хадгалах, жолоочийн тухай лавлагаа гаргах;

2.1.3. хууль тогтоомжид заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, сэргээх явцад жолоочийн үнэмлэхийг хүчингүй болгох, устгах, нөхөж олгох;

2.1.4.Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн гишүүн орнуудаас олгосон, уг конвенцид нийцсэн хүчин төгөлдөр жолоодох эрхийн үнэмлэхийг Монгол Улсын жолоочийн үнэмлэхээр солих;
2.1.5.Монгол Улсын Олон улсын жолоочийн үнэмлэх олгох;
2.1.6.жолоочийн үнэмлэхний хугацаа дууссан иргэнд үнэмлэхийг шинээр олгох.

2.2.Монгол Улсын үндэсний болон Олон улсын жолоочийн үнэмлэхийг өөрт нь, эсвэл итгэмжлэл бүхий иргэн, хуулийн этгээдэд олгож болно.

Гурав.Үндэсний жолоочийн үнэмлэх олгох

3.1.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт өгч тэнцсэн иргэнд дараах материалыг үндэслэн үндэсний жолоочийн үнэмлэх олгоно:

3.1.1.иргэний үнэмлэх, гадаадын иргэн бол гадаад паспорт;

3.1.2.тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах журамд заагдсан үнэлгээний хуудас;

3.1.3.эрүүл мэндийн тодорхойлолт;

3.1.4. өнгөт цээж зураг 3х4 хэмжээтэй,1 хувь;

3.1.5.үнэмлэхний үнэ төлсөн баримт.

3.2.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах журмын дагуу үндэсний жолоочийн үнэмлэхийг шалгалтгүйгээр нөхөж буюу сольж олгох тохиолдолд энэ журмын 3.1.2-т заасан үнэлгээний хуудсыг шаардахгүй.

3.3.Тодорхой шалтгааны улмаас /үнэмлэх хэвлэх үйл ажиллагаа тасалдсан, зогссон гэх мэт/ үндэсний жолоочийн үнэмлэхийг хэвлэж олгох боломжгүй үед энэ тушаалын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан загварын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн түр зөвшөөрөл /цаашид “түр зөвшөөрөл” гэх/-ийг 3 сар хүртэл хугацаатай олгож болно.

3.4.Түр зөвшөөрөл олгосон жолоочид үндэсний жолоочийн үнэмлэхийг хэвлэж олгохдоо энэ журмын 3.1-д заасан материал бүрдүүлэхийг шаардахгүй.

3.5.Түр зөвшөөрөл  нь үндэсний жолоочийн үнэмлэхтэй нэгэн адил хүчинтэй байх бөгөөд жолоочийн бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдэж баталгаажсан байна.

З.6.Үндэсний жолоочийн үнэмлэх хэвлэж, олгосон тохиолдолд түр зөвшөөрлийг хүчингүй болсонд тооцно.

3.7.Монгол Улсын иргэн болон Монгол Улсад 1 жилээс дээш хугацаагаар оршин суух гадаадын иргэн Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн гишүүн орноос олгосон, уг конвенцид нийцсэн хүчин төгөлдөр жолоодох эрхийн үнэмлэхээ Монгол Улсын үндэсний жолоочийн үнэмлэхээр солиулах хүсэлт гаргасан тохиолдолд тохирох ангиллын үнэмлэхээр шууд сольж олгоно.

3.8.Энэ журмын 3.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын үндэсний жолоочийн үнэмлэхийг сольж олгох явцад ангиллын зөрүү гарвал Цагдаагийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох ажлыг хариуцсан нэгжийн дарга шийдвэрлэнэ.

3.9.Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Консулын газрын дипломат төлөөлөгчид, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн хүсэлтийг үндэслэн түүнд жолоочийн үнэмлэхтэй нь тохирох ангиллын үндэсний жолоочийн үнэмлэхийг шууд олгож болно.

3.10.Энэ журмын 3.7 дахь хэсэгт заасан шалгуурыг хангаагүй жолоодох эрхийн үнэмлэхийг Монгол Улсын жолоочийн үнэмлэхээр сольж олгохгүй.

3.11.Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн гишүүн бус орноос олгосон жолоодох эрхийн үнэмлэхтэйгадаадын болон Монгол Улсын иргэн энэхүү журмын 3.1-т заасан материалыг бүрдүүлж жолоочийн үнэмлэх авна.

Дөрөв.Монгол Улсын олон улсын жолоочийн үнэмлэх олгох

4.1.Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн гишүүн орноос олгосон, уг конвенцид нийцсэн хүчин төгөлдөр жолоодох эрхийн үнэмлэх бүхий Монгол Улсын болон гадаад улсын иргэн хүсэлт гаргасан тохиолдолд олон улсын жолоочийн үнэмлэх олгож болно.

4.2.Олон улсын жолоочийн үнэмлэх авах хүсэлт гаргасан Монгол улсын иргэнд дараах бичиг баримтыг үндэслэн олгоно:

4.2.1.хүсэлт;

4.2.2.жолоочийн бүртгэлийн хуудас;

4.2.3.иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсхүл иргэний үнэмлэхний цахим лавлагаа;

4.2.4.үндэсний жолоочийн үнэмлэх, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

4.2.5. өнгөт цээж зураг 3х4 хэмжээтэй, 2 хувь;

4.2.6.олон улсын жолоочийн үнэмлэхний үнэ төлсөн баримт.

4.3.Олон улсын жолоочийн үнэмлэх авах хүсэлт гаргасан гадаадын иргэнд дараах бичиг баримтыг үндэслэн олгоно:

4.3.1.хүсэлт /монгол хэл дээр/;

4.3.2.жолоочийн бүртгэлийн хуудас;

4.3.3.гадаад паспортын нотариатаар баталгаажуулсан хуулбар;

4.3.4.Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн гишүүн орноос олгосон, уг конвенцид нийцсэн хүчин төгөлдөр жолоочийн үнэмлэх түүний монгол хэл дээр хөрвүүлсэн албан ёсны орчуулга, эсхүл Монгол Улсын үндэсний жолоочийн үнэмлэх, тэдгээрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

4.3.5. өнгөт цээж зураг 3х4 хэмжээтэй-1 хувь, 4х6 хэмжээтэй -1 хувь;

4.3.6.олон улсын жолоочийн үнэмлэхний үнэ төлсөн баримт.

Тав.Бусад

5.1.Замын хөдөлгөөний  аюулгүй  байдлын тухай хуулийн 10.1.3 дахь хэсэгт заасан жолоочийн бүртгэл, мэдээллийн санд жолоочийн үнэмлэх шинээр болон нөхөн олгосон, ангилал нэмсэн, эрх хассан болон сэргээсэн, зөрчлийн оноо, олон улсын жолоочийн үнэмлэх, түр зөвшөөрөл олгосон мэдээллийг оруулна.

5.2.Жолоочийн бүртгэл, мэдээллийн сангийн мэдээллийн аюулгүй байдлыг Цагдаагийн байгууллага хариуцна.

5.3.Жолоочийн бүртгэл, мэдээллийн сан нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сан, бэлэн бус торгуулийн болон шаардлагатай бусад мэдээллийг нэгтгэсэн, тэдгээртэй уялдан ажиллах чадвартай байна.

5.4.Жолоочийн үнэмлэхийг хүлээлгэн өгсөн, устгасан тухай тэмдэглэл үйлдэж, оролцогчид гарын үсэг зурсан байна.

5.5.Жолоочийн үнэмлэхийг олгосон болон эрх сэргээсэн тухай гар бичмэл, үнэлгээний  хуудас, холбогдох  материалыг Үндэсний архивын газрын даргын баталсан “Байгууллагын үйл ажиллагаанд  үүссэн удирдлагын нийтлэг баримт бичгийг хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт”-ын дагуу хадгална.

5.6.Энэхүү  журмыг  зөрчсөн Цагдаагийн алба хаагч болон иргэнд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.