• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЖОЛООЧ СОГТУУРУУЛАХ УНДАА, МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИС ХЭРЭГЛЭСЭН ЭСЭХИЙГ ШАЛГАЖ ТОГТООХ ЖУРАМ

2017-01-01

                                                                                        Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын

2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалын

                                                                          хавсралт

  

ЖОЛООЧ СОГТУУРУУЛАХ УНДАА, МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИС ХЭРЭГЛЭСЭН ЭСЭХИЙГ ШАЛГАЖ ТОГТООХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж, тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахдаа хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, шинжлэх ухаан, технологийн ололтод түшиглэн, эрүүл ахуйн шаардлагыг хангасан, олон улсын жишигт хэрэглэж байгаа зориулалтын багаж, хэрэгслийг ашиглана.

1.3.Тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг зориулалтын багаж ашиглаж хувь хэмжээг тодорхойлох, эсхүл шүүх эмчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай эсэхийг зориулалтын тандагч багаж /Алкоскан AL-1100 – амьсгал дахь агууламжид согтууруулах ундааны орц байгаа эсэхийг улаан, ногоон гэрлээр үзүүлдэг багаж цаашид “тандагч багаж” гэх/ ашиглан тандалт хийж болно.

1.4.Тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахдаа Стандартчилалын төв байгууллагаас баталгаажуулсан, зориулалтын багаж /Драгер 6810, 7510 цаашид “согтуурал шалгах багаж” гэх/ ашиглана.

1.5.Цагдаагийн алба хаагч болон эмнэлгийн мэргэжилтэн нь согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах ажиллагааг гүйцэтгэхийн өмнө шалгуулагч этгээдэд холбогдох хууль тогтоомжийг тайлбарлаж, анхааруулна.

1.6.Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно.

Хоёр. Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах

2.1.Цагдаагийн эрх бүхий ажилтан тээврийн хэрэгсэл жолоодож явсан болон жолоодсон байж болзошгүй этгээдийг өөрийнх нь зөвшөөрснөөр энгийн аргаар /шулуун шугаман тэмдэгтийн дагуу алхуулах, нүдээ аньж, гарыг урагш сунгасан байдалтайгаар нэг хөл дээр зогсоох зэргээр тэнцвэрээ хэрхэн олж байгааг шалгах гэх мэт/, эсвэл тандагч багажаар  шалгаж болно.

2.2. Жолооч энгийн аргаар шалгуулахаас татгалзсан, эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй дараах шинж илэрвэл согтуурал шалгах багажаар шалгаж, тогтооно. Үүнд:

2.2.1.согтууруулах ундааны зүйл үнэртэх;

2.2.2.тандагч  багажаар шалгахад согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй мэдээлэл гарсан;

2.2.3.тодорхой нөхцөл байдалд тохирохгүй зан үйлдэл /хэл яриа ээдрэх, гацаж түгдрэх зэргээр ойлгогдохгүй байх болон бусдын яриаг ойлгохгүй байх гэх мэт/ гаргах;

2.2.4.согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг өөрөө хүлээн зөвшөөрсөн.

2.3.Цагдаагийн алба хаагч жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг согтуурал шалгах багажаар тогтоохдоо хөндлөнгийн гэрчийг байлцуулна. Хэрэв боломжгүй бол дуу дүрс бичлэг, гэрэл зургаар баталгаажуулна.

2.4.Зам тээврийн осолд холбогдсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд нь шалгуулах чадваргүй, согтуурал шалгах багажаар шалгуулахаас татгалзсан тохиолдолд цус, шээснээс дээж авч, Шүүхийн шинжилгээний байгууллагад шинжилгээ хийлгэх тогтоолын хамт хүргүүлнэ.

2.5.Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.

Гурав. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах

3.1.Жолоочийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж, тогтоох журмын дагуу шалгасан үр дүн “хэвийн” буюу “согтууруулах ундаа хэрэглээгүй” гэсэн үзүүлэлт гарсан боловч дараах шинж тэмдгүүд илэрч байвал мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж болно.  Үүнд:

3.1.1.жолооч нь тухайн нөхцөл байдалд тохирохгүй зан үйл, шинж тэмдэг /орчноо мэдрэх чадваргүй, цаг хугацаа орон зайн баримжаа алдагдсан, зан ааш болон үйл хөдлөл тогтворгүй болсон, хэт хөөрч баярлах, гутрах, айж цочирдох, хүүхэн хараа гэрлийн урвал өгөхгүй байх, хэл яриа, хөдөлгөөний тэнцвэр алдагдсан/ илрэх;

 3.1.2.тандагч багажаар шалгахад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байж болзошгүй мэдээлэл гарсан;

3.1.3.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг байж болзошгүй бусад шинж тэмдэг /мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон түүнд хэрэглэгдэх багаж хэрэгслийг биедээ авч явах, биеийн хэсгүүдэд зүү тариурын ором гэх мэт/ илэрсэн;

3.1.4. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг өөрөө хүлээн зөвшөөрсөн.

3.2.Жолооч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтээр тогтооно.

3.3. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор шинжилгээний сорьц авах үед жолооч татгалзсан, эсэргүүцсэн тохиолдолд цагдаагийн алба хаагч эмнэлгийн мэргэжилтэнд туслалцаа үзүүлнэ.

Дөрөв. Эмнэлгийн байгууллага, мэргэжилтний үүрэг

4.1.Эмнэлгийн мэргэжилтэн шалгуулагчийн цус, шээснээс сорьц авна. Сорьц авах талаар шалгуулагчид заавал танилцуулна.

4.2.Цуснаас сорьц авахдаа “Хураагуур судас хатгаж, шинжилгээнд цус авах” түгээмэл үйлдлийн MNS-4621:2008 стандартыг баримталж ажиллана.

4.3.Цусны сорьцыг зориулалтын хуруу шилэнд авч, 5-10 миллилитр цусыг цэвэр тариур болон вакум шилэнд хийнэ.

4.4.Шээсний сорьц авахдаа цэвэр саванд 50-100 миллилитр хэмжээтэй авна.

4.5.Цус болон шээсний сорьцыг хадгалах шаардлагатай бол хөргөгчний доод хэсэгт буюу 5-8 хэмд хадгална.

4.6.Эмнэлгийн мэргэжилтэн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор шинжилгээний сорьц авах үед татгалзсан, эсэргүүцсэн тохиолдолд цагдаагийн алба хаагчийн туслалцааг авна.

4.7.Шалгуулагчид ямар нэгэн эмнэлгийн тусламж шаардлагатай тохиолдолд тусламж, үйлчилгээг цаг алдалгүй яаралтай үзүүлнэ.

Тав. Бусад

5.1.Цагдаагийн байгууллагаас шинжилгээ хийлгэхээр Шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлсэн сорьц /бусад зүйл/-ыг Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмын дагуу шинжилгээг хийж, хариуг хуулийн хугацаанд хүргүүлнэ.