• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ БИЛЭГДЭЛ

Тээврийн цагдаагийн албаны таних тэмдгийн загварыг Цагдаагийн ерөнхий газрын даргын  2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/241 дүгээр тушаалаар баталжээ.

Ялалт, амжилт, хөгжил дэвшил, мандан бадрахыг бэлгэдсэн улаан өнгөөр хөвөөлсөн, саруул тунгалаг, хөх тэнгэрийг бэлгэдсэн цэнхэр дэвсгэр дээр Цагдаагийн байгууллагын бэлгэ тэмдгийг оройн хэсэгт байрлуулж, алтан нарны цацраг мэт бүх газарт тусаж, хууль сахиулах агуулгыг илэрхийлсэн.

Албаны үйл ажиллагаа, тээврийн салбарын онцлогийг харуулсан автомашин, онгоц, галт тэргийг дүрслэн, тасралтгүй эргэлдэх, механикжсан техникийг илтгэх араа, нөгөө талаас аливаа тээврийн хэрэгслийн хүрдийг илэрхийлсэн дүрсийг доод хэсэгт голлуулан байрлуулсан.

Таних тэмдгийн хүрээний дотор талд ариун нандиныг бэлгэдсэн цагаан өнгийн дэвсгэр дээр чандмань хэлбэрээр өнгөрсөн, эдүгээ, ирээдүй цагийг илэрхийлсэн тунгалаг хөх өнгөтэй “Дөрвөн зүг найман зовхис” тэмдэгт байрлуулж, агаар, газар, усанд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах утгыг агуулсан.  

Таних тэмдгийн хүрээний зүүн болон баруун хэсэгт Тээврийн цагдаа гэсэн үгийг Монгол бичгээр бичиж, доод хэсэгт TRANSPORTATION POLICE гэсэн үгийг латин үсгээр, таних тэмдгийн дэвсгэрийн өнгөтэй ижил тунгалаг хөх өнгөөр бичсэн.