• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГИЙН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ

2023-10-09
ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГИЙН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ноос 06-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29.932, мөрдөн байцаалтын 2.563 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 191 хэргийг хүргүүлж, Зөрчлийн тухай хууль зөрчсөн давхардсан тоогоор 72,071 хүн, хуулийн этгээдэд торгох, 972 хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, танхайрах, жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил гаргасан 327 этгээдийг баривчлуулах саналыг шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлжээ.

Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 2, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 77, Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 4, Өмчлөх эрхийн эсрэг 53, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 2, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 9, бусад 38 хэрэг байна. 

Тухайлбал:

  1. Мөрдөн байцаах албанаас иргэн “Г”-д холбогдох худалдан авах тухай гэрээгээр халхавчилж “50 вагон төмрийн хүдрийг худалдан борлуулна, импортлоно” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, итгэлийг эвдэн нэр бүхий компаниас урьдчилгаа нэрийдлээр 396.000 ам.долларыг банкны дансаар дамжуулан өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч, залилсан гэх;
  2. Сонгинохайрхан дүүрэгт 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Ч” нь насанд хүрээгүй охиноо хүчиндсэн гэх,
  3. Мөрдөн байцаах албанаас иргэн “Э”-д холбогдох 20 тэрбум төгрөг залилсан гэх хэрэгт хяналт тавьж буй нэр бүхий хяналтын прокурорууд хэргийн оролцогчоос авлига авсан гэх илт худал мэдээллийг олон нийтэд тараасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай тус тус Прокурорт шилжүүлсэн байна.
  4. Сонгинохайрхан дүүрэгт 2023 оны 08 дугаар сарын 15-16 шилжих шөнө “Э” нь насанд хүрээгүй охиноо хүчиндэхийг завдсан гэх эрүүгийн хэргүүдийг шалгаж шийдвэрлэн, шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорт шилжүүлжээ.  

Мөн олон нийтийн цахим сүлжээнд “С” гэгч нь согтуугаар насанд хүрээгүй хүүхдийг хутга барин айлгасан гэх мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлснээр 300 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох шийтгэл оногдуулжээ.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан олон нийтэд мэдээлж байгаа болно.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар