• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

Б.ОЧИРБАТ: ӨӨРИЙН ХҮСЭЛ ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЭХИЙН ТУЛД ЦАГДААГИЙН АЛБАНДАА ҮНЭНЧЭЭР ҮЛДСЭН

2021-03-01
Б.ОЧИРБАТ: ӨӨРИЙН ХҮСЭЛ ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЭХИЙН ТУЛД ЦАГДААГИЙН АЛБАНДАА ҮНЭНЧЭЭР ҮЛДСЭН

“Өрөг.мн” сайтын “Тэр” буландаа Тээврийн цагдаагийн албаны Хүний нөөц, сургалтын хэлтсийн сургалтын ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбатыг урьж ярилцлаа.

Тэрээр цагдаагийн байгууллагад 2000 онд Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасаг гэж байхад туслах ажилтнаар орж, өдгөө цагдаагийн байгууллагад 19 дэх жилдээ ажиллаж байгаа юм.

Эрдэнэт хотод төрж, өссөн тэрээр хүүхэд  байхын л хөл тавин алхан цагдаагийн албан хаагч болохыг хүсэж мөрөөддөг байжээ. Хоёрдугаар ангид байхаасаа цагдаа болно хэмээн хэдийнээ мэргэжлээ сонгосон тэрээр хүсэл мөрөөдлийнхөө дагуу ШУТИС-ийн МИС-ийг авто инженерээр төгсөөд, магистр зэрэг хамгаалж, 2000 онд Замын цагдаагийн газрыг сонгон Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн газарт туслахаар анх орж ажлын гараагаа эхлүүлж байжээ.

“Цагдаа болохдоо Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст цагдаа жолоочоор орж байлаа. Очих байр, хонох газар байхгүй, зарим тохиолдолд машин дотроо унтаад тухайн үед байсан журмын хашааны айлд гар нүүрээ угаагаад ажилдаа ордог байдлаар ажлын гараагаа эхэлж байсан. Тухайн үед их сургууль төгссөн ангийнхан магистр цол хамгаалчхаад туслах ажилтан хийгээд машин угаагаад явж байна, чамд алтны уурхайд 450 мянган төгрөгийн цалинтай ажил санал болгож байна, очиж ажиллаач гэж санал тавьж байсан. Өөрийн хүсэл зорилгоо биелүүлэхийн тулд цагдаагийн албандаа үнэнчээр үлдсэн. Тухайн үед цагдаагийн байгууллагын цалин 48 мянган төгрөгийн цалинтай байсан” тухайгаа дурсан ярихдаа цагдаагийн ажилдаа үнэнчээр үлдсэндээ алдаагүй харин ч оносон шүү хэмээн ярьсан юм.

Хүүхэд байхын юм юмны зах зухаас оролдож үздэг байсан түүнд аав нь аливаа зүйлд тууштай, үнэнч байхыг зааж сургасан нь өдгөө цагдаагийн албандаа тууштай ажиллахад нөлөөлсөн хэмээн онцолсон.

Чөлөөт цагаараа ном унших, яруу найраг сонсон дуртай түүний энэ жил тохиож байгаа Цагдаагийн байгууллагын 100 жилийн ойдоо зориулаад бичсэн шүлгийг толилуулья.

Бид энд байна

Үүлсийн дундаас сүндэрлэн харагдах уулс шиг

Үүрийн гэгээ үдшийн бүрэнхийг угтан тосох мөнхийн элч

Хээр талдаа үүрсэх шандаст хүлэг шиг

Халуун хүйтний туйлд ханхайн зогсох хүмүүн би

Бид энд байна

Алтан нарнаас жаргалын дулаан илч хайрлах шиг

Айлчин ирэх замд аюулыг хаан угтах төрийн элч

Алс тэртээ хөврөх харгуй замын уртад

Ардынхаа ёсыг тээн амрыг эрж мэндчилэх хүмүүн

Бид энд байна

Өрх тусгаар айлын тулгуур нь болсон хос баганын нэг

Өөдөсхөн үрсийнхээ хайранд жаргасан үүрдийн бахархал

Андынхаа төлөө дүүлэн нисэх шонхор шувуу

Аав, ээжийн ачлан жаргах амин хөвүүн

Бид энд байна

Сайн муу зэрэгцэх байх амьдралын тойрогт

Сайныг хамгаалж хууль сахиулсан их цааз

Зовлон жаргал ээлжлэн байх орчлонд

Зон олныхоо жаргалын үүдийг нээх хүмүүний үргэлжлэл

Бид энд байна

Амар тайван амьдралын төлөө

Андгай өргөсөн хүмүүн

Бид энд байна

Түүнийг хамт олон нь хувийн цаг ашиглалт сайтай, ажлын зохион байгуулалт, ажлын байрыг цэвэрхэн байлгах, бичиг цаасаа цэгцтэй байлгахыг эрхэмлэдэг нэгэн болохыг тодотгосон. Тиймдээ ч цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат бага залуу үеийнх шигээ эрт босож өөрийн ажлыг ажлын цаг эхлэхээс 1 цагаас цаг 30 минутын өмнө эхлүүлж хэвшжээ.

“Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, хугацаатай бичиг, төлөвлөгөө зэрэгт ач холбогдол өгч өргөн хүрээнд харж, нөхцөл байдал, ажлын уялдаа холбоо, гарах эрсдэл, үр дүн зэргийг тооцоолж төгс хийж гүйцэтгэхийг хичээдэг. Энэ байдалд аавын минь аливаа юмыг хийхийг зорьсон бол үр дүнг нь үзэж бай гэж сургасан нь ихэд нөлөөлсөн. Ажлаас халшрах ойлголт байхгүй хийж байхад л ард нь гарсан байдаг” хэмээн ажлынхаа талаар бидэнтэй хуучилсан юм.

Цагдаагийн хамгийн бага шатны албан тушаалаас хөдөлмөрийн гараагаа эхэлж цагдаа болох өөрийн хүсэл, зорилгыг биелүүлж цагдаа, байцаагч, мэргэжилтэн, ахлах, чиглэлийн ахлах байцаагч, ахлах болон чиглэлийн ахлах мэргэжилтэн, тасгийн дарга зэрэг албан тушаал хашиж мэргэжлийн туршлага хуримтлуулсан тэрээр Замын цагдаагийн хэд хэдэн хууль дүрмийг гаргахад гар бие оролцож явснаараа бахархан ярьж байлаа.

Эх сурвалж: Өрөг.mn