• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Замын хөдөлгөөний дүрэм

“100 айл”-ын ахлах ахлагч

2021-01-21
“100 айл”-ын ахлах ахлагч

Нэг цагдаагийн ард бүх Монголын амар амгалан бий гэдэг. Түмнийхээ төлөө тангараг өргөсөн тэд цалин багатай ч цаг наргүй таны, миний, бид бүхний төлөө ажилласаар байна…

Засгийн газрын шийдвэрээр хөл хорио тогтоосноос өнөөдрийг хүртэлх хугацаанд бэлэн байдалд ажиллаж буй хүмүүсийн төлөөлөл бол цагдаагийн албан хаагчид юм. Дээрээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу идэр есийн хүйтнийг үл ажран алба ажлаа гүйцэтгэж буй тэдний нэг цагдаагийн ахлах ахлагч С.Бат-Ирээдүйтэй уулзаж, цар тахлын үед хэрхэн ажиллаж байгааг сурвалжиллаа. “100 айл”-ын уулзварын голд зогсон шүглээ үлээж, дохиураараа зохицуулалт хийж зогсох тэрбээр цагдаагийн байгууллагад ажиллаад 20 жилийг үдсэн нэгэн.
Амьдралынхаа 17 жилийг нь зам дээр “өнгөрүүлж”, өргөсөн тангарагтаа үнэнч яваа эгэл жирийн цагдаа. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар дүрэм, журмаа хэрхэн биелүүлж байгаад хяналт тавихаас гадна гэнэтийн аваар ослоос урьдчилан сэргийлэх нь түүний үүрэг байдаг. С.Бат-Ирээдүйгийн хувьд өдрийн ээлжинд гарч байгаа нь энэ. Цар тахал гарч хөл хорио тогтоосон ч иргэдийн хөдөлгөөн энгийн үеийнх шиг их байсан юм. Энэ нь эрсдэл үүсгэж, “COVID-19” цар тахлын вирус тархах, голомтыг хумихад хүндрэл учрах вий гэдэгт С.Бат-Ирээдүй санаа зовниж буйгаа онцлов.
Тэрбээр “Цар тахлын үеийн хөл хорио гэдгийг зарим иргэн төдийлөн сайн ойлгохгүй байна. Энх цаг, энгийн өдрүүд шиг явган, машинтай явах хүмүүс олширч байгаа. Өөрийгөө болон өрөөл бусдыг хамгаалах үүргээ умартаад, хэнэггүй хандаад байгаа нь ажиглагдаж байна.

Өнгөрсөн хугацаанд QR кодыг дуурайлгаж хуурамчаар үйлдэх, эсвэл хэн нэгнээс худалдаж авах зөрчил нэлээд гарсан. Хөл хорио сулруулахаас хоёр хоногийн өмнө нэгдсэн журмаар жолооч нар замын хөдөлгөөнд QR кодтой оролцож байгаа эсэхэд шалгалт хийхэд зөвхөн миний ажиллаж байгаа постод 20 орчим зөрчил илэрсэн.
QR кодыг гэр болон ажил хүртэлх маршрутаар хэрэглэх ёстой. Гэтэл заасан чиглэлээс өөр газраар явах, түгээлт гэж код авсан хэрнээ зөвшөөрөлгүй такси үйлчилгээнд явсан зэрэг зөрчил илэрч байлаа. Цэрэг, цагдаад олгодог тусгай зөвшөөрлийг борлуулалтын машинд наасан тохиолдол ч бий” гэв.

No description available.
Биднийг ийн ярилцах зуур түүний холбоо дуугарч, нөхцөл байдал хэвийн байгаа эсэхийг лавлан асууж байлаа. Дохиур, шүгэл, станц буюу холбоо бол замын цагдаагийн чухал хэрэгсэл. Сүхбаатар дүүргийн замын цагдаагийнхан гэхэд 26 дугаар сувгаар өөр хоорондоо харилцаж, мэдээлэл солилцдог аж. Ингэхдээ замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд зогсохгүй зугтсан эсвэл согтуугаар автомашин барьж яваа иргэний талаар цагдаагийн алба хаагчид хоорондоо түргэн шуурхай мэдээлэл солилцож, гарах эрсдэлээс урьдчилан сэргийлнэ. Харин бусад дүүргийн замын цагдаа нартай өөр сувгаар холбогдон зөрчлийг арилгаж, хамтран ажилладаг байна.
Цар тахлын үед ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдад Засгийн газрын шийдвэрээр 800 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Цагдаагийн ахлах ахлагч С.Бат-Ирээдүй 17 жил өвлийн тэсгим хүйтэн, зуны аагим халуун, хавар намрын хавсарга салхийг үл ажран ажилласаар иржээ. Өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэдэг тэдний тавьсан шаардлагыг үл тоон, замын хөдөлгөөний дүрмийг зөрччихөөд өөрсдийгөө өмөөрч, үг хэлээр доромжлох, уурлаж уцаарлах, эсэргүүцэж дайрч давшилдаг хүн олон байдаг гэнэ. Тэглээ гээд ажлаа цалгардуулахгүйгээр гарах эрсдлээс урьдчилан сэргийлээд зогсохгүй хүний алтан амь, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах нь тэдний зорилго юм.
“Ажилд анх орж байхад замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг хүн ховор байлаа. Жолооч нар хариуцлагатай, даруулгатай байж цагдааг хүндэлж харьцдаг байсан. Гэтэл нийгэм хөгжихийн хэрээр хууль дүрэм баримталдаг хүн ховордож байх шиг санагддаг юм. Хуулийн хүрээнд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийг зогсоож, хяналт шалгалтын ажлыг хийдэг. Шаардлага тавихаар ихэнх нь эсэргүүцнэ. Харааж зүхнэ, зарим нэг нь зодох гэж дайрна. Гэр бүл, үр хүүхдийг минь хараах л хүнд тусдаг юм. Гэхдээ иргэдийн олонх нь тавьсан шаардлагыг хүлээж авдаг ухамсартай хүмүүс байдаг” гэв.
14:30 цагт өдрийн ээлжээ хүлээж авсан С.Бат-Ирээдүй үдшийн 22.30 хүртэл “100 айл”-ын уулзварын дөрвөн замын 150 метрийг хариуцаж ажиллана гэдгээ хэлж байв. Замын ард урд, баруун, зүүн чиглэлд явж өнгөрөх бүхий л машинд хяналт тавина. Цаг өнгөрөх тусам замын хөдөлгөөнд оролцох машины тоо олширч байв. Ажлын цаг дуусаж, хүмүүс гэртээ харих үед зам түгжирч, зөрчил гарах нь эрс нэмэгдэнэ. Энэ үед замын цагдаа зохицуулалт хийхээс гадна дүрэм зөрчиж байгаа эсэхэд хяналт тавина. Нэг хүний болгоомжгүй үйлдлээс болж нэлээд олон хүн хохирч болзошгүй учраас хяналтаа чангатгах хэрэгтэй болдог.
Сурвалжилга хийх явцад дүрэм зөрчсөн хэд хэдэн жолоочийг зогсоож, бичиг баримтыг нь шалгаж байлаа. Тэдгээр жолоочийн ихэнх нь суудлын бүсээ зүүгээгүй, хориглосон газраар эргэсэн, хурд хэтрүүлсэн зэрэг зөрчил гаргажээ.
Жавар тачигнасан өвлийн хүйтэнд цементэн зам дээр зогсож ажилладаг замын цагдаа нар доороосоо жинддэг нь хэн хүнд ойлгомжтой. Өвлийн нормоор олгосон хувцсыг өмсөж, өөрсдийнхөө хэмжээнд дулаалсан ч өдөржин гадаа зогсоно. Хэсэгхэн хугацаанд дулаацах постын байр ч тэдэнд байхгүй. Тиймээс ихэвчлэн машинтайгаа ирдэг байна. Ахлах ахлагч С.Бат-Ирээдүй “Хамгийн хэцүү улирал бол зун. Дээрээс нар шараад доороос халуу дүүгээд байдаг юм. Түүнээс бусдаар сайхан ажил. Хүн бүхний нүдэн дээр ажил үүргээ гүйцэтгээд 20-оод жилийг ардаа үдлээ. Шөнө давхар эргүүл хийнэ. Ард түмнийхээ амгалан тайван байдал, эрүүл аюулгүй амьдралын төлөө ажиллаж байна” хэмээн даруухан хэлсэн юм. Цаг наргүй ажилладаг цагдаагийн алба хаагчдын цалин хангамж төдийлөн сайн биш ч Засгийн газрын шийдвэрээр тэтгэмж олгосонд сайшаалтай хандах хүн олон.
“Ослын газар очиж ажиллахад хүнд тусдаг. Замын хөдөлгөөний дүрмээ баримтлаагүйгээс амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирч байгааг харахаар харамсал төрдөг. Иргэдийн дунд цагдаа зогсоовол торгоно гэсэн өрөөсгөл ойлголт байдаг. Гарах эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилладаг гэдгийг ойлгоосой гэж хүсдэг. Түүнээс өвдөөд эмнэлэг явж байгаа, хагацлын зовлон гачигдал тохиолдсон хүмүүсийг ойлгож, автомашины дугаар явахгүй өдөр нь байсан ч сануулга өгөөд цааш явуулсан тохиолдол байдаг” гэв.
Ахлах ахлагч С.Бат-Ирээдүй 13 жилийн турш “100 айл”-ын уулзварыг хариуцан ажиллажээ. Ингэхдээ 14 эсвэл 21 хоноод энэ хэсэгт ирдэг гэнэ. Тиймээс хүмүүс түүнийг “100 айлын цагдаа” хэмээн хүндлэн дууддаг аж. Төрийн айлчлал, тэмдэглэлт баяр ёслолын үеэр харуул хамгаалалтад гарсан үед түүнтэй хаа нэгтээ тааралдвал “Та манай 100 айлын цагдаа биз дээ. Энд юу хийж байгаа юм” гэж асуух хүнтэй цөөнгүй таарчээ.
22:00 цаг өнгөрч байхад та юу хийж байдаг бол. Ихэнх хүн өдрийнхөө алжаалыг тайлж, амрахаар зэхдэг бол зарим нь бүр унтчихсан байдаг. Харин өдөр нь үндсэн ажлаа хийж, шөнө нь үргэлжлүүлэн иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалж ажилладаг хүмүүс бол цагдаагийнхан. Нэг цагдаагийн ард бүх Монголын амар амгалан бий гэдэг. Түмнийхээ төлөө тангараг өргөсөн тэд цалин багатай ч цаг наргүй таны, миний, бид бүхний төлөө ажилласаар байна…

Эх сурвалж: n24.mn