• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

Ц.ХИШИГБАЯР : ЗАМЫН НҮХ БӨГЛӨХ НЬ МИНИЙ АЖИЛ БИШ Ч ЗҮГЭЭР ХАРААД СУУЖ ЧАДААГҮЙ

2018-09-28
Ц.ХИШИГБАЯР : ЗАМЫН НҮХ БӨГЛӨХ НЬ МИНИЙ АЖИЛ БИШ Ч ЗҮГЭЭР ХАРААД СУУЖ ЧАДААГҮЙ

Эх сурвалж: /TV5.mn/

Өчигдөр манай ТВ5 телевизийн раge хуудсанд замын нүхийг шороо зөөн бөглөж байгаа цагдаагийн бичлэг тавигдсан. Одоогоор иргэдийн хамгийн их талархлыг хүлээгээд  байгаа. Бас хамгийн өндөр хандалттай байна. 

Хүн ямар ч ажилтан байж болно, гол нь сэтгэлтэй байх л хэрэгтэй. Тиймээс ажил үүрэгтээ сэтгэлтэй хандсан цагдаа залууг олж уулзлаа. 

Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Ц.Хишигбаяр гэх залуу цагдаагийн байгууллагад 5 дахь жилдээ ажиллаж байгаа юм.

Яг замын цагдаагийн зохицуулагчаар ажиллаад 2 сар болж байгаа. Харин тэрээр хийсэн үйлдлийнхээ талаар хэлэхдээ "Хэдийгээр миний ажил биш ч гэсэн замын эвдрэл гэмтлээс болж хөдөлгөөн удаашраад байсан учраас хүрз, шороо зөөх сав олж аваад замын эвдрэлтэй хэсгийг бөглөсөн" гэж ярилаа.

Түүний аав насаараа замын цагдаагийн албанд ажиллаж байгаа бөгөөд аав нь анх цагдаагийн албанд ороход нь хийж байгаа ажилдаа сэтгэлтэй байгаарай гэж хэлсэн гэлээ. Тиймээс аавынхаа хэлснийг өдөр бүр хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж ажилладаг гэж тэрээр хэлээд Замын хөдөлгөөнөө зохицуулж эхэлсэн юм.