• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

БАЯРЫН ӨДРҮҮДЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРСОН ОСОЛ 50 ХУВИАР, ГЭМТСЭН ХҮНИЙ ТОО 14 ХУВИАР БУУРЧЭЭ

2018-02-19
БАЯРЫН ӨДРҮҮДЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРСОН ОСОЛ 50 ХУВИАР, ГЭМТСЭН ХҮНИЙ ТОО 14 ХУВИАР БУУРЧЭЭ

Сар шинийн баярын өдрүүдэд Цагдаагийн байгууллага үндсэн үүргийнхээ дагуу иргэдийн амар тайван, аюулгүй байдлын төлөө өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэн ажилласан бөгөөд иргэд гэмт хэрэг, түгжрэлгүй сайхан шинэллээ.

Баярын өдрүүдэд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөн зохицуулж нийт 780 гаруй замын цагдаагийн алба хаагч, сонсогч нар үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Энэ үеэр иргэдээс цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлага болон зохицуулагчийн дохио зааврын дагуу хөдөлгөөнд соёлтой оролцож, талархал, урмын үгсээр алба хаагчдад мэндчилгээ дэвшүүлж байлаа.

 

Баярын өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1172 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 872 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэл хотод нийт 42 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж 1 хүний амь нас хохирсон бол орон нутагт 9 хүн гэмтэж бэртэн, 7 хүний амь нас хохирсон байна. Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас нийт 8 хүний амь нас хохирч, 51 хүн гэмтэж бэртсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүний амь нас хохирсон хэрэг 50 хувиар, хүн гэмтсэн осол 14 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хүний амь нас хохирсон зам тээврийн ослын 87 хувь нь зөвхөн орон нутгийн замд бүртгэгджээ.

Нийслэл хотын хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн ослыг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 13, мөргөлдөх хэлбэрээр 38 осол, онхолдох болон үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус бүр 1,1 осол бүртгэгдсэн бол хөдөө, орон нутгийн хэмжээнд явган зорчигч мөргөж гэмтээсэн 1, онхолдох хэлбэрээр 3, мөргөлдөх хэлбэрээр 2 осол тус тус бүртэгдсэн байна.

Тухайлбал:

  1. 2018.02.17-ны өдөр БЗД-ийн нутаг Баянзүрхийн товчооны замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 45 настай, эмэгтэй З-г мөргөж амь насыг нь хохироон хэргийн газрыг орхиж явсан,
  2. 2018.02.18-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын нутаг “Майхантын ар” гэх газар асфальтан замд H.Fit маркийн автомашин нь T.Corolla, T.Harrier маркийн автомашинуудтай мөргөлдөж зорчигч Д, М нарын 2 хүний амь нас хохирч, 2 хүн гэмтсэн ослуудыг тус тус шалгаж байна.

Баярын өдрүүдэд нийслэл хотод зарим нэг соёлгүй жолооч нар урсгал сөрөх, явган зорчигчийн замаар зорчих, эгнээ байраа буруу эзэлсний улмаас автомашинуудтай мөргөлдөх, шүргэлцэх байдлаар зам тээврийн осол гаргаж, ойр орчмын замуудад зохиомол ачаалал үүсгэх, хөдөө орон нутгийн замд ачаалалтай үед, үзэгдэх орчин хангалтгүй, тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа үед гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, цастай, хальтиргаа гулгаатай үед зориулалтын бус шороон замаар зорчих зэргээс шалтгаалж онхолдох, мөргөлдөх хэлбэрээр ноцтой зам тээврийн ослууд гарсан байна.

Өнөөдрөөс эхлэн ажлын өдрүүд эхэлж байгаа хэдий ч Улаанбаатар хотыг чиглэсэн хөдөлгөөн ихтэй байгаа хэвээр байна. Иймд иргэд та бүхэн гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв хийх, хурдыг замын ачаалал, замын гадаргууны нөхцөл байдалд тохируулан зөв сонгон зорчих, удаан хугацаагаар амралтгүй тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх зэргээр өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцохыг онцгойлон анхааруулж байна.