• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН БҮРЭН НЭЭГДЭЖ УЛС, ХОТ ХООРОНДЫН АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ХЭВИЙН ГОРИМДОО ОРЛОО

2020-03-04
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН БҮРЭН НЭЭГДЭЖ УЛС, ХОТ ХООРОНДЫН АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ХЭВИЙН ГОРИМДОО ОРЛОО

Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр улс, хот хоорондын авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан байсныг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өглөөний 06.00 цагт нээсэн. Зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан Цагдаагийн байгууллагаас улс, хот хоорондын чанартай хатуу хучилттай авто зам дагуу нийт 260 байршилд 682 алба хаагч, 256 албаны автомашинтайгаар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хяналт тавих зорилгоор зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан. Цагдаагийн хяналт шалгалтаар хурд хэтрүүлсэн 179, хүн тээвэр хэтрүүлсэн 102, хүүхдийг буруу тээвэрлэсэн 50 хүнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудаар шийтгэл оногдуулж, зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч ажилласны үр дүнд орон нутгийн замд хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол, хэрэг бүртгэгдээгүй.
Замын хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодоор 2020 оны 03 дугаар сарын 03-ны өглөөний 06:00 цагаас 04-ний өглөөний 08:00 цаг хүртэлх хугацаанд нийт 31998 тээврийн хэрэгслээр 108772 иргэн нийслэл хот руу орсон болон гарсан хөдөлгөөн бүртгэгдсэн. Эдгээрээс 20302 тээврийн хэрэгсэлээр 74308 зорчигч нийслэл хот руу орон нутгаас орж ирсэн бөгөөд Улаанбаатар хотоос 11696 тээврийн хэрэгслээр 34464 иргэн орон нутаг руу зорчсон байна.
Хязгаарлалт тогтоосон 10 хоногийн хугацаанд 11809 зорчигч бүхий 5428 тээврийн хэрэгсэл батлагдаагүй зам маршрутаар хязгаарлалтыг нэвтрэх оролдлого гаргасныг илрүүлж буцаах арга хэмжээ авсан. Мөн орон нутагт онцгой комиссоос олгосон албан бичгийг ашиглан хууль бусаар зорчигч тээвэрлэлт хийхээр завдсан зөрчлийг илрүүлж харьяа аймгийн онцгой комисст шилжүүлэн өгч ажилласан.
2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд зам тээврийн осол, хэргийн улмаас 23 хүн гэмтэж, нийслэлд-2, орон нутагт-7 хүний амь нас хохирсон байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 7 зөрчил бүртгэгдсэн.
Ноцтой зам тээврийн ослын талаар:
- 2020.02.23-ны өдрийн 11:00 цагийн үед Өвархангай аймгийн Өлзийт сумын 1-р багийн нутаг “Баянхошуу” гэх газарт Toyota Prius-10 маркийн автомашин онхолдож жолооч 22 настай М-ийн амь нас хохирсон.
- 2020.02.23-ны өдрийн 12:00 цагийн үед Дорнод аймагт MMC-L200 маркийн автомашины жолооч Э нь ухрах үйлдэл хийх үедээ явган зорчигч 2 настай эмэгтэй Н-г мөргөж амь насыг нь хохироосон.
- 2020.02.23-ны өдрийн 15:00 цагийн үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2-р багийн нутаг “Баянголын ам” гэх газарт Турбо маркийн мотоцикл замын хажуугийн километрийн шонг мөргөж жолооч 49 настай Д-ийн амь нас хохирсон.
- 2020.02.24-ний оройн 21 цаг 10 минутын үед БГД-ийн 10 дугаар хорооны нутаг Зүүн нарангийн 11-р гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч эрэгтэй 41 настай О-г мөргөж хэргийн газрыг орхиж явсан. Явган зорчигч О нь Г.С.С.Ү.Төвд хэвтэн эмчлэгдэж байгаад нас барсан. Тус албанаас зам тээврийн осол, хэргийн газрын орхин явсан жолоочийг илрүүлж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
- 2020.02.25-ны оройн 20:00 цагийн үед Дорнод аймгийн Баян-Уул суманд KIA-Fronteir маркийн автомашины жолооч З нь ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч эрэгтэй 5 настай, М-г мөргөж амь насыг нь хохироосон.
- 2020.02.25-ны өдрийн 14 цаг 32 минутын үед СХД-ийн 11-р хороо Хонхорын гудамжинд Jeep Wrangler маркийн автомашин онхолдож зорчигч эрэгтэй 28 настай, Б Г.С.С.Ү.Төвд хүргэгдэн очоод нас барсан.
- 2020.02.26-ны оройн 17:00 цагийн үед Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2-р багийн нутаг дэвсгэрт Хаужи маркийн улсын дугааргүй Г жолоочтой мотоцикль онхолдож, зорчигч 11 настай эрэгтэй Э-ийн амь нас хохирч, зорчигч 12 настай эрэгтэй Г гэмтсэн.
- 2020.02.26-ны өглөөний 08 цаг 10 минутын үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3-р багийн нутагт Нyundai Porter маркийн автомашин ухрах үйлдэл хийх үедээ явган зорчигч 45 настай эрэгтэй О-г мөргөж амь насыг нь хохироосон.
- 2020.02.27-ны оройн 20 цаг 10 минутын үед Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 4-р баг “Балчир хөндий овоо” гэх газарт шороон замд Нyundai Porter маркийн автомашины жолооч нь ухрах үйлдэл хийх үедээ явган зорчигч 34 настай эрэгтэй Т-г мөргөж амь насыг хохироосон хэргүүдийг шалгаж байна.
Дээрх хүний амь нас хохирсон 9 тохиолдлын 4 нь тээврийн хэрэгсэл замын зэргэлдээх нутаг дэвсгэр буюу хашаа, гудамж зэрэгт хөдөлгөөн эхлэхдээ ардаа байсан явган зорчигчдыг дайрах хэлбэрээр, 2 тохиолдол нь өвлийн улиралд мотоциклын хөдөлгөөнийг хязгаарласан үед мотоцикл жолоодож яваад жолооч болон зорчигч амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Иймд иргэд та бүхэн өөрийн үр хүүхэд, ойр дотны хэн нэгэндээ зам тээврийн ослын хор уршгийн талаар болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцох талаар үргэлж анхааруулж байх шаардлагатай байна.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА