• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

Хоосон гудамж зам хуурамч байдгийг ямагт сана-Хаанаас ч юм гэнэт машин гарч ирж болзошгүй

2018-09-04
Хоосон гудамж зам хуурамч байдгийг ямагт сана-Хаанаас ч юм гэнэт машин гарч ирж болзошгүй

2018.09.03-ны хчиээлийн эхний өдөр нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 346 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 242 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгалаа. Бүртгэгдсэн нийт ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 1 хүний амь нас хохирч, 10 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн ба 4 нь бага насны хүүхэд бүртгэгдсэн байна.

Хүүхэд өртсөн зам тээврийн ослын судалгаанаас үзэхэд бүгд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд 3 нь найз нарын хамт гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан бол 1 нь насанд хүрээгүй эгчийн хамт хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртжээ.

Тухайлбал: ХУД-ийн нутаг Наадамчдын зам Буянт ухаа 2 хорооллын урд замд T.Pruis маркийн автомашины жолооч нь явган зорчигч 3 настай У-г мөргөж гэмтээсэн бөгөөд У нь тухайн үед 9 настай эгчийн хамт замын хөдөлгөөнд оролцож байсан байна.

ЧД-ийн нутаг Чингэлтэйн эцсийн замд марк, улсын дугаар тодорхойгүй аютомашин нь явган зорчигч 30-35 насны эрэгтэй хүнийг мөргөж амь насыг нь хохироосон хэрэг тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.

Дээрх ослуудын шалтгаан нөхцлөөс үзэхэд эцэг эх асран хамгаалагч нар хүүхэддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж өөрсдөө замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй байж, 10 хүртлэх насны хүүхдийг бие даан замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, жолооч нар сургууль орчим болон гэр, орон сууцны хорооллын дундах замаар зорчихдоо хурдаа сааруулах зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна.

Иймд Тээврийн цагдаагийн албанаас хүүхэд багачуудыг зам тээврийн   осол хэргээс  урьдчилан сэргийлэх зорилгоор олон арга хэмжээг хэрэгжүүлж ажиллаж байна. Тухайлбал:

Их, дээд болон ерөнхий боловсролын сургууль мөн хүн ихээр зорчдог томоохон зах, худалдааны төв, үзвэр үйлчилгээний газар, гудамж замд албаны автомашинтай чанга яригчаар ухуулга яриа хийх, “Анхаар хүүхэд зорчиж байна” бичиглэл бүхий сэрэмжлүүлэх самбар байршуулах, бага ангийн сурагч нарт “Замын хөдөлгөөний цагаан толгой” хичээл орох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж ажиллаж байна.

Түүнчлэн хөдөө орон нутгаас ирсэн оюутан залуучууд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутмагаасаа болж зам тээврийн осолд өртөх тохиолдол өмнөх жилүүдэд гарч байсан тул энэ жил 1-р курсэд элсэн орж байгаа оюутануудад “Их хотын соёл” сэдэвт сургалтыг бүх их дээд сургуулиудтай хамтран зохион байгуулахаар боллоо.