• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХ ДУУСГАВАР БОЛОХ, ЭРХ СЭРГЭЭХ ЖУРАМ

2017-01-08
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХ ДУУСГАВАР  БОЛОХ, ЭРХ СЭРГЭЭХ ЖУРАМ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/142 дугаар тушаалын хавсралт

  ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХ ДУУСГАВАР БОЛОХ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХ СЭРГЭЭХ ЖУРАМ

 Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Монгол Улсын болон Замын хөдөлгөөний тухай Венийн  конвенцид нэгдсэн  орноос олгосон жолоодох эрхийн буюу олон улсын  жолоодох эрхийн  хүчин төгөлдөр үнэмлэхтэй хүнд энэ журам хамаарна.

Хоёр. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох

2.1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно.

2.2.Холбогдох хууль тогтоомжид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахаар заасан зөрчлийг шалган шийдвэрлэсэн тухай мэдээллийг жолоочийн бүртгэл мэдээллийн санд тухайн алба хаагч нэн даруй, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах тухай шүүхийн шийдвэрийг цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгж  ажлын 3 хоногт багтаан бүртгэнэ.

2.3.Жолоочийн бүртгэл мэдээллийн санд бүртгэлгүй /гадаадын иргэн эсхүл гадаад улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй иргэн/ этгээдийн гаргасан зөрчлийг шалган шийдвэрлэсэн албан тушаалтан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасан мэдээллийн санд бүртгэнэ.

2.4.Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан тухай шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зөрчил гаргагчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хассан тухай мэдэгдэж, дээд шатны байгууллага, албан тушаалтан, шүүхэд гомдол гаргах эрхийг танилцуулна.

2.5.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хуульд заасны дагуу хассан эрх бүхий албан тушаалтан хуульд заасан гомдол гаргах хугацаа өнгөрсний дараа жолоодох эрхийн үнэмлэх, эсхүл жолоочийн түр зөвшөөрлийн зүүн доод буланг хайчилж /цоолох/ хүчингүй болгон зөрчлийн хэрэгт хавсаргана.

2.6.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-18.1.3-т заасан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болсон хүн автомашин жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд жолоодох эрхийн үнэмлэхийг хурааж, холбогдох хууль, журамд заасан шийтгэл оногдуулна.

2.7.Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нэгдсэн орноос олгосон жолоодох эрхийн буюу олон улсын жолоодох эрхийн хүчин төгөлдөр үнэмлэх бүхий гадаад улсын иргэн Монгол Улсын хууль, тогтоомжид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасахаар заасан зөрчил үйлдсэн тохиолдолд үнэмлэхийг хурааж, зөрчлийг хуульд заасны дагуу шийдвэрлэн, жолоодох эрхийн үнэмлэхийг холбогдох шийдвэрийн хамт цагдаагийн төв байгууллагын Интерполын үндэсний төв товчоогоор уламжлуулан гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Гурав. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх

3.1. Дор дурдсан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ:

3.1.1.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан бол Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, хөдөлгөөний сахилга, соёл, архи, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийг сурталчлах, урьдчилан сэргийлэх 4 цагийн, гэмт хэрэг, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх 2 цагийн, нийт 6 цагийн сургалтад хамрагдсан;

3.1.2.Энэ журмын 3.1.1-д зааснаас бусад шалтгаанаар эрхээ хасуулсан бол Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, хөдөлгөөний сахилга, соёл, архи, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийг сурталчлах, урьдчилан сэргийлэх 4 цагийн сургалтад хамрагдсан;

3.1.3.Жолоочийн үнэмлэхний хүчинтэй байх хугацаа дууссан хүний жолоочийн үнэмлэхний хугацааг сунгасан;

3.1.4.шүүгч, прокурор, эрх бүхий албан тушаалтны эрх сэргээх тухай шийдвэр гарсан;

3.1.5.тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэхийг эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоосон;

3.2.Энэ журмын 3.1.1, 3.1.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх сургалтад хамрагдах хүсэлт гаргасан хүн дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

3.2.1.эрүүл мэндийн үзлэгийн хуудас;

3.2.2.жолоочийн үнэмлэхний төлбөр тушаасан баримт;

3.2.3.жолоочийн лавлагаа.

Дөрөв. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх сургалт

4.1. Эрх сэргээх сургалтыг төрийн бус байгууллага болон цагдаагийн байгууллагаас зохион байгуулж болно.

4.2.Тээврийн хэрэгслийн жолоодох эрх сэргээх сургалтыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг сурталчлах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 3-аас доошгүй жил үйл ажиллагаа эрхэлсэн төрийн бус байгууллага цагдаагийн байгууллагатай гэрээ байгуулж, зохион байгуулж болно.

4.3.Журмын 4.2-д заасан гэрээнд сургалтын төлбөр, сургалт явуулах орчин, нөхцөл, багшлах боловсон хүчний тоо, ур чадварт тавигдах шаардлага, суралцагчдын бүртгэл, мэдээлэл солилцох, хяналт тавих, хүлээх хариуцлага зэргийг тусгасан байна.

4.4.Цагдаагийн байгууллагаас сургалтыг зохион байгуулсан тохиолдолд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан албан тушаалтан сургалтыг зохион байгуулна.

4.5.Сургалт зохион байгуулсан байгууллага нь сургалтын хөтөлбөр, цаг хангасан иргэдийн мэдээллийг баталгаажуулан энэ журмын 3.2-д заасан баримт бичгийн бүрдлийн хамт материалыг цагдаагийн байгууллагын бүртгэл хяналт хариуцсан нэгжид ирүүлнэ.

4.6.Цагдаагийн байгууллагын бүртгэл хяналт хариуцсан нэгж нь журмын 4.5-т заасан материалыг хүлээн авч ажлын 3 хоногт багтаан жолоочийн бүртгэл мэдээллийн цахим санд бүртгэж, баталгаажуулна.

4.7.Тээврийн хэрэгслийн жолоодох эрх сэргээх сургалтын үйл ажиллагаанд  цагдаагийн байгууллага хяналт тавина.

4.8.Тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх сургалтыг нийслэлд 7 хоногт 2 удаа, орон нутагт 1 удаа явуулж, сургалтын үр дүнгийн талаар статистик судалгаа хөтөлнө.

4.9.Тээврийн хэрэгслийн жолоодох эрх сэргээх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг цагдаагийн төв байгууллагын дарга батална.

Тав. Бусад

5.1.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан болон эрх сэргээх сургалтад хамрагдсан тухай мэдээг сар бүрийн 25-ны дотор цагдаагийн байгууллагын бүртгэл хяналт хариуцсан нэгжид хүргүүлнэ.

5.2.Цагдаагийн төв байгууллагын бүртгэл хяналт хариуцсан нэгж нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны буруутай үйлдлээс тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болсон болохыг эрх бүхий байгууллага, албан тушаалтан шалгаж, тогтоогдсон тохиолдолд энэ тухай мэдээллийг мэдээллийн санд оруулж, эрхийг сэргээнэ.

5.3.Сургалт явуулах материаллаг бааз, урьдчилан сэргийлэх сурталчилгааны санхүүжилтийн асуудлыг аймаг, нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хариуцан зохион байгуулна.

5.4.Цагдаагийн төв байгууллагын бүртгэл хяналт хариуцсан нэгж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх сургалтад хамрагдсан иргэдийн материалыг архивын холбогдох журмын дагуу хадгална.