• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

БЭЛЭН БУС ХЭЛБЭРЭЭР ТОРГУУЛЬ ОНОГДУУЛАХ ЖУРАМ

2017-01-08
БЭЛЭН БУС ХЭЛБЭРЭЭР ТОРГУУЛЬ ОНОГДУУЛАХ ЖУРАМ

Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн

А/188 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

БЭЛЭН БУС ХЭЛБЭРЭЭР ТОРГУУЛЬ ОНОГДУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийн зөрчлийг хянан шийдвэрлэх, торгуулийг бэлэн бусаар оногдуулах, шийдвэрийг биелүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Торгох шийтгэлийг хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтан оногдуулна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг хөтлөх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтан нь торгох шийдвэрийн биелэлтийг хангах үүрэг хүлээнэ.

1.3.Бэлэн бус торгуулийн мэдээллийн сан /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10.1.5-д заасан/ нь тээврийн хэрэгслийн болон жолоочийн бүртгэл, мэдээллийн сан, банк төлбөрийн байгууллагатай уялдаж, харилцан мэдээлэл солилцох боломжоор хангагдсан байна.

1.4.Бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгуулийн мөнгийг тухайн орон нутгийн төрийн сангийн холбогдох дансанд тушаана.

Хоёр.Бэлэн бус хэлбэрээр торгууль ногдуулах

2.1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль, дүрэм, журам зөрчсөн этгээдэд бэлэн бус торгууль оногдуулахад энэ журмын 1.2-т заасан нэгдсэн цахим системийг ашиглаж, зөрчил гаргасан этгээдийн талаар зохих мэдээллийг авах, гаргасан зөрчил, оногдуулсан шийтгэлийг бүртгэх, баримтжуулах, шийдвэрийг хэвлэж өгөх, цахим мэдээллийн хэрэгслээр мэдэгдэх, тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хаягаар хүргүүлэх, биелэлтийг хянах нөхцлийг бүрдүүлсэн программ хангамж, төхөөрөмжийг хэрэглэнэ.

2.2.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэхдээ дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

2.2.1.хяналтын камераар илрүүлсэн зөрчилд оногдуулсан шийтгэврийг энэхүү журмын хоёрдугаар хавсралтын дагуу хэвлэж, шийдвэрлэсэн албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулан ажлын 5 хоногт багтаан зөрчил гаргагчийн хаягаар хүргүүлэх;

2.2.2.шалгах төхөөрөмжөөр оногдуулсан шийтгэврийг зөрчил гаргагчид шийдвэрлэсэн даруй хэвлэж өгөх;

2.2.3.шалгах төхөөрөмж, камерын хяналтын техник, хэрэгсэл байхгүй үед шийтгэвэр бичиж, торгуулийг холбогдох дансанд тушаалгана.

2.3.Эзэмшигчийн хаягаар хүргүүлэх торгуулийн мэдэгдэх хуудсанд гаргасан зөрчлийг баримтжуулсан зургийг оруулан өнгөтөөр хэвлэх бөгөөд дараах мэдээллийг агуулсан байна:

2.3.1.мэдэгдэх хуудас бичигдсэн огноо, бүртгэлийн дугаар /бар код/;

2.3.2.зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн эзэмшигчийн мэдээлэл, гаргасан зөрчлийн утга, зөрчигдсөн хууль, тогтоомжийн заалт;

2.3.3.зөрчлийн эхэлсэн, үргэлжилсэн, дууссан хугацааг харуулсан зураг;

2.3.4.зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн өнгө, марк, улсын бүртгэлийн дугаар;

2.3.5.зөвхөн жолоочийн урдаас харуулсан зураг;

2.3.6.холбогдох мэдээлэл /торгууль төлөх дансны дугаар, төлөх хугацаа, лавлах утасны дугаар, веб сайт гэх мэт/;

2.3.7.зөрчлийг шийдвэрлэсэн байгууллага, албан тушаалтны нэр, гарын үсэг, тэмдэг;

2.4.Торгуулийн мэдэгдэх хуудсанд торгуулийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тусгаж, тухайн шийдвэрт гомдол гаргах эрхийг дурдсан байна.

2.5.Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтны зөрчилд оногдуулсан торгох шийдвэр нь замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжид бүртгэгдсэн зөрчилд оногдуулсан шийдвэртэй давхцахгүй байна.

2.6.Торгох шийдвэрт гомдол гаргах журам, торгууль төлөх заавар, жолоочийн зөрчлийн оноо, торгууль төлөгдсөн эсэх талаарх мэдээллийг иргэдэд хүргэх /цахим хуудас, ухаалаг утсанд зориулсан мэдээллийн сан, мессеж үйлчилгээ, лавлах утас, мэдээллийн бусад хэлбэрээр/ боломжийг бүрдүүлсэн байна.

2.7.Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан торгох шийтгэл оногдуулсан тохиолдолд жолоочийн жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураахыг хориглоно.

Гурав. Торгох шийдвэрт гомдол  гаргах

3.1.Зөрчил гаргасан этгээд торгох шийдвэрийг эс зөвшөөрвөл холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу гомдол гаргах эрхтэй.

3.2.Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь холбогдох хуульд заасны дагуу гомдлыг хүлээн авч шийдвэрлэн, хариуг мэдэгдэх үүрэгтэй.

3.3.Зөрчил гаргасан этгээд нь энэ зүйлийн 3.2-т заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Дөрөв. Торгох шийдвэрийг биелүүлэх

4.1.Зөрчил гаргасан этгээд нь оногдуулсан торгуулийг 15 хоногийн дотор мэдэгдэх хуудсанд заасан тухайн дансанд төлөх үүрэгтэй.

4.2.Торгуулийг тогтоосон хугацаанд төлөөгүй зөрчлийг холбогдох хуульд заасны дагуу тухайн тээврийн хэрэгслийг Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд зарлан мэдээлж, тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч буюу жолоочоос шүүхийн тогтоол гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулна.

4.3.Энэ журмын 4.2-т заасны дагуу албадан гаргуулах тохиолдолд Цагдаагийн байгууллага тухайн жолоочийн оршин суугаа хаягийн дагуу харъяалах шүүхэд холбогдох материалыг албан бичгээр хүргүүлнэ.

4.4.Тээврийн хэрэгслийг бүртгэх, оношлогоо, татвар, даатгалд хамруулах, жолоочийн үнэмлэх олгох зэрэг төрийн үйлчилгээ үзүүлэх байгууллагууд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу оногдуулсан бэлэн бус торгуулийг төлөхийг шаардаж, хэрэгжилтийг хангуулна.

Тав. Мэдээллийн сан

5.1.Бэлэн бус торгуулийг бүртгэлжүүлэх, хуулийн дагуу ногдуулсан торгох шийдвэрийн биелэлтийг хангуулах, жолоочийн зөрчлийн оноо тооцох боломжийг бүрдүүлсэн мэдээллийн сантай байна.

5.2.Иргэд тээврийн хэрэгслийн улсын дугаар болон жолоочийн үнэмлэхний дугаараар өөрт холбогдох мэдээллийг авах боломжоор хангагдсан байна.

5.3.Санд дараах мэдээллийг бүртгэнэ. Үүнд:

5.3.1.замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой зөрчил;

5.3.2.торгуулийг заагдсан хугацаанд төлсөн эсэх бүртгэл;

5.3.3.жолоочийн зөрчлийн онооны бүртгэл;

5.3.4.зам тээврийн осол, хэргийн бүртгэл;

5.3.5.бусад.

5.4.Мэдээллийн сангийн баяжилт, нууцлалыг цагдаагийн байгууллага хариуцаж ажиллах бөгөөд торгуулийн мэдэгдэх хуудсыг эзэмшигчийн хаягаар хүргүүлэх ажлыг шуудан, харилцаа холбооны  байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно. 

Зургаа. Торгох шийдвэрийг бүртгэлээс хасах

6.1.Дор дурдсан тохиолдолд зөрчлийн бүртгэлээс хасна. Үүнд:

6.1.1.торгох шийдвэрийг хүчингүй болгосон;

6.1.2.холбогдох хуульд заасан үндэслэлээр захиргааны хариуцлагаас чөлөөлөгдөх нөхцөл байдал тогтоогдсон;

6.1.3.зөрчил гаргасан этгээд нас барсан.

6.2.Торгуулийн мэдэгдэх хуудсыг бүртгэлээс хассан үндэслэл, шалтгаан, эрх бүхий этгээдийн шийдвэрийг бүрдүүлж, архивт хадгална.